Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд өөрчлөлт орох эсэхийг ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргалаас тодрууллаа.
- Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд Төв талбайн хоёр талын замыг хаадаг. Энэ жил тус замыг хаах уу, өөр ямар зхицуулалтууд хийгдэх вэ?
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Үндэсний соёл амралтын хүрээлэн, Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрэгт хүрээлэн болон хүүхдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газруудад замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.
Маргааш бол ЗЦА-наас Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг 09:00-17:00 цагт бүрэн хаана. Мөн хотын хэмжээнд бүх жижиг, том гэхгүй бүх уулзваруудыг хяналтандаа авч, ЗЦ-ын алба хаагчид уртасгасан цагаар ажиллана. Түгжрэлгүй байлгах чиглэлээр бүх арга хэмжээг авч ажиллана.
Өмнөх жилүүдийн жишээнээс харахад эцэг эхчүүд анхаарал болгоомжгүйгээсээ болоод хүүхэд төөрөх, нэг том хүн олон бага насны хүүхэд дагуулж явж байгаад зам тээврийн осолд өртөх гэх мэт тохиолдлууд ажиглагдаж байсан. Тэгэхээр эцэг эхчүүд маань маш анхааралтай байх шаардлагатай.
Мөн гурван өдөр дараалан амарч байгаатай холбоотойгоор хотоос гарах зам буюу баруун, зүүн талын товчооны ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс хотоос гарахаар төлөвлөж байгаа иргэд маань цагаа зөв тооцоолон, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
- Иргэдийн зүгээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Автомашингүй өдөр" болговол яасан юм бэ гэх санаачлага гарч байсан. Энэ боломжтой юу?
- Энэ жил зургаадугаар сарын 1-нийг автомашингүй өдөр болгож, гудамж талбайгаа чөлөөлөн хүүхдүүдээ баярлуулах санал гарч ярилцаж байсан. Харин шийдвэр бол гараагүй. Маргааш зөвхөн Төв талбайн хоёр талын замыг л хаана.



