Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргалаа.
2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэн ч коронавирусийн нөхцөл байдлын улмаас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлээд байсан билээ. Уг шийдвэр эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг тун хүнд байдалд хүргээд байсан юм.
Энэ талаар ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хоёр настнуудын асуудлыг онцолж үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрийн байдлаар 80 мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй, ажил хийх боломж нь хомсдолтой байна.
Тиймээс стандарт шаардлагыг нь хангуулаад төр, хувийн болон хүүхэд харах төвүүдэд хоёр настай хүүхдүүдийг явуулах шийдвэр гаргалаа. Хоёр настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын болон хувийн цэцэрлэгүүдээс гадна хүүхэд харах 159 төв үйл ажиллагаа явуулж байна.