Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр ээлжит мэдээллээ хийхдээ шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан билээ. Тус мэдээлэлд "бензиний савнаас бохирдол буюу ус илэрсэн" талаар дурьдсан юм.
Цахим сүлжээгээр уг мэдээлэлтэй холбоотой буруу ойлголт олон нийтийн дунд байгаа учраас ШӨХТГ-аас тайлбар гаргажээ.
Тайлбарт "Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш шүү. Тухайн ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч тодорхой урвал явагдаж ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий.
Мөн бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж мөн дүгнэдэг" гэжээ.