Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлыг бууруулах чиглэлээр шилдэг менежмент, үр дүнтэй төслүүд хэрэгжүүлж тухай бүр нь олон нийтэд мэдээлдэг.
Тэгвэл, энэ удаад зуслангийн бүсийн хог хаягдлыг бууруулах, ил задгай хог хаях байдлыг таслан зогсоох, зөрчлийг эзэнжүүлж, хариуцлага тооцож байхаар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Гоодойн зуслангуудын хогийн цэгийг камертай болгожээ.
Энэхүү камерууд нь орчин үеийн дэвшилтэт шийдэлтэй, нэг чигийн болон хөдөлгөөнт, орчныг бүрэн хянах боломжтой аж.
Хянах төвийг 19 дүгээр хорооны ажлын албаны байранд байрлуулсан бөгөөд дүүргийн “Нэгдсэн камерын хяналтын төв”-д зөрчил, мэдээллийг шууд дамжуулах юм.