Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны Тавдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн.
Уг шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны Наймдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдсан байна.
Хэргийг эргэн сануулахад, цагдаагийн байгууллагаас Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.