Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон цагаасаа эхлэн хэл ам таталсан нөхөр. 2012 онд түүнийг УИХ-аас нэр дэвшүүлэн Цэцийн гишүүнээр томилсоны дараа МИАТ-ын захирлуудаас ихээхэн хэмжээний мөнгө авилгад авсан, авсан мөнгөөрөө Японд болон Чежү арал дээр өндөр үнэтэй орон сууцууд худалдаж авсан хэрэг мандаж байв. Энэ хэрэг МИАТ-ын захирал асан Ч.Хоролсүрэнгийг хэргийг шалгах явцад илэрсэн байдаг. Тухайн үед Эрүүгийн цагдааагийн газраас уг хэрэгтэй нь нэлээдгүй хугацаанд хөөцөлдсөн ч прокурорын даргатай хийсэн тохироогоор хэрэг хэрэгсэхгүй болж буцсан гэдэг.
Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд худалдаж авсан орон сууц нь тухайн үед 48 сая иень буюу 535 сая монгол төгрөгөөр үнэлэгдэж байв. Энэ мөнгийг МИАТ-ын дарга асан Ч.Хоролсүрэн МИАТ компаниас төлсөн гэдэг билээ. Ч.Хоролсүрэн нь улсад их хэмжээний хохирол учруулсан (4,3 тэрбум төгрөг) хэргээр найман жилийн хорих ял авсан ч Д.Сугарын хувьд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан нь хамгаалалт болсон билээ.
Дараахан нь түүнийг Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлж, асар их хэмжээний хөрөнгө нуун дарагдууулсан хэргээр АТГ-аас дахин шалгаж эхэлсэн. Монголын Wikileaks гэж өөрсдийгөө нэрлэдэг Wikimon сайтад 2014 оны есдүгээр сард мэдээлснээр Д.Сугарын нууц хөрөнгийг мөрдөн шалгах явцад “Транс Трэйд Би Би Эс Би” ББСБ-д түүний тэрбум төгрөгийн хадгаламж байсан нь илэрчээ. Мөн 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс худалдаж авснаа нууж байсан гэв.
АТГ-аас энэ хэргийг шалгаад Д.Сугарыг яллагдагчаар татахаар Цэцийг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д тавьсан боловч УИХ уг асуудлыг хэлэлцэхээс өмнө Цэцийн есөн гишүүн хуралдаад “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Учир нь Цэцийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа”-г 5.1 “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр (түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно”, 5.2. “Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байв.
Түүний хамгийн сүүлд нэр холбогдсон “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудал ч мөн шалгагдаж дуусаагүй байна. “Жаст” группийн зээлийг батлан даах тухай гэрээн дээр тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарын гарын үсэг байх боловч мань хүн “Би гарын үсэг зураагүй, хуурамч гарын үсэг” хэмээн мэлзсээр ирсэн билээ. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусмагч сайн дураараа шалгуулна гэдгээ ч мөн амласан.
Харин энэ удаа түүний Цэцийн гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан УИХ-ын зарим гишүүдийн зүгээс түүний нэр холбогдсон эрүүгийн гэмт хэргүүдийг дахин шалгуулах тухай яриа цухалзаж эхлээд байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрөгч гуравдугаар сард “Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусмагц түүний нэр дээр нээсэн, прокурорын хаасан хавтаст хэргүүдийг дахин шалгуулна” гэж амласан билээ. Учир нь тухайн үед “МАН Д.Сугарыг хамгаалахын тулд Цэцийн гишүүнээр улираан томилж магадгүй” гэдэг яриа гараад байсан юм. Үүнийх нь төлөө Д.Сугар “нэр төрд халдсан” гэж шүүхэд хандсан ч шүүх нэхэмжлэлийг нь хангаагүй байна. Үнэн хэрэгтээ түүний бүрэн эрхийн хугацаа дуусахыг отож байсан нөхөд нэгээр тогтохгүй л болов уу.
Харин сая УИХ түүний бүрэн эрхийг дуусгавар болгож, орны хүнийг нь томилсноор Д.Сугар гэдэг хүн “хуулийн хамгаалалтаас” гарав. Одоо Д.Сугар өөрөө сайн дураараа хуулийн байгууллагад очих уу, хүчээр хөтлүүлээд очих уу гэдгийг харж байх л үлдлээ.
Б.ЗАЯА




Сэтгэгдэл (5)