Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төгсөх ангийн сурагчдад өнөөдрөөс танхимын давтлага өгч эхэлнэ. ЭМЯ, УОК-ын гаргасан заавар зөвлөмжийн дагуу сургуулиудад бэлтгэл хангах салбарын сайдын заавар зөвлөмж гарчээ. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд давтлагын хуваарь боловсруулах зөвлөмж гаргасан байна.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Н.Ням-Очир "Улсын хэмжээнд 596 сургуулиудад давтлага хичээл зохион байгуулагдана. Доод тал нь 20 хүүхэдтэй, дээд тал нь 300-400 төгсөх ангийн хүүхэдтэй сургуулиуд байгаа. Нэг ангид 10-15 хүүхэд байна. ЭЕШ өгөх хичээлүүдээр нь зохион байгуулж байгаа. Мөн халдвар хамгаалалтын заавар зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Энэ жил 31 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн, шалгалтын бүртгэл нь давхардсан тоогоор 99 мянга орчим байгаа. Тэгэхээр нэг хүүхэд дунджаар 3 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна" гэлээ.
Заавар зөвлөмжийн дагуу хүүхдүүд нэг хаалгаар чихэлдэхээс сэргийлж, сургуулийн доторх бүх хаалгыг ашиглах зураглал гаргажээ. Мөн сурагчид көвхөн ерөнхий шалгалт өгөхөөр санал өгсөн хичээлүүдээрээ давтлага авах юм.