Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал ихсэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.
Жил бүрийн урин дулааны цаг эхэлсэн энэ үеэс буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал эрс нэмэгддэг. Ялангуяа орон нутгийн замд хүүхдүүд осолд өртөж амиа насаа алдах харамсалтай хэргүүд гардаг байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэх нь байдаг зүйл, хүлээн зөвшөөрдөг мэт ойлгодог.
Тиймээс хүүхдээ зөв тээвэрлэхийн тулд хамгаалалтын суудал хэрэглэж хэвшихэд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа замын цагдаагийн албанаас мэдээлж байна.
Зөвхөн зам тээврийн осол хэргийн улмаас жилд 55 хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Эдгээр 55 хүүхдийн 47 нь орон нутгийн замд аав ээжийнхээ хамт хөдөлгөөнд оролцож яваад амь насаараа хохирсон байна.
2018 оноос эхлэн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад 12 нас хүртлэх хүүхдийг хамгаалах бүсгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг хориглох заалтыг оруулаад байгаа юм.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийтьтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХҮҮХДЭЭ ЗААВАЛ ХАМГААЛАЛТЫН СУУДАЛД СУУЛГААРАЙ!!!




