Төмөр замын дэр мод муудаж ялзарсны улмаас вагон замаасаа гарсан талаар УБТЗ-аас мэдээллээ. Ослын газар “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс, Улаанбаатар төмөр замын сэргээн босгох анги урд шөнө ажиллаж хөдөлгөөнийг хэвийн болгожээ.
Ослын талаар тодруулбал, ОХУ, БНХАУ хооронд экспортын үр тариа тээвэрлэж явсан ачааны галт тэргийг 'Дархан-1' өртөөний замаар хүлээн авч байх явцад гадаад паркийн найман вагон замаас гарчээ.
Ослын улмаас нэг вагоны ачиж явсан үр тариа асгарснаас гадна нэг вагон хажуулдаж, зургаан вагон босоогоороо байдалтай замаас гарсан байна. Уг ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй гэлээ.
2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосны улмаас дэр модыг солих ажил олон жил удааширсан байна. Ингээд хөөцөлдсөний эцэст 2016 онд хоригийг цуцлуулж хугацаа дууссан дэр модыг сольж эхэлсэн байна. Гэвч өнгөрсөн 4-5 жилд дэр мод солих бололцоогоо алдсан бөгөөд өнөөдөр ойролцоогоор 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж.
УБТЗ жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж сольдог байсан бөгөөд үүний 100 орчим мянгыг 330 гаруй ажилчинтай дэр мод боловсруулах үйлдвэр гүйцэтгэж байсныг зогсоосны улмаас 270 гаруй хүн ажилгүй болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байна.
Мөн дэр мод боловсруулах үйлдвэр нь жилдээ 500-600 мянган суулгац мод үржүүлэн ойд тарьж ургуулдаг байсан ажил ч зогсоход хүрч, нэг мод огтолсон бол 10 мод суулгадаг төмөр замчдын уриа алдагдахад хүрчээ. УБТЗ замаа бетон дэрээр солих ажлыг эрчимтэй хийж байгаа ч манай улсын эдийн засгийн бололцоо, эрс тэс уур амьсгал, газар орны нөхцөлөөс шалтгаалж модон дэрээр солих шаардлагатай байдаг байна.
Эх сурвалж: УБТЗ




Сэтгэгдэл (7)