Сүхбаатар аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар тус аймгийн бүх сумдаас гарах болон сумд руу орох авто машины хөдөлгөөнийг энэ сарын 23-ны 18 цагаас 26-ны өдрийг дуустал хязгаарлахаар боллоо.
Сар шинийн битүүний өдрийн 18 цагаас эхлээд шинийн гуравныг дуустал 13 сумын чиглэлийн авто машины хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Харин зайлшгүй шаардлагатай ачаа болон шатахуун тээврийн машиныг хязгаарлахгүй, зохих заавар зөвлөмжийн дагуу нэвтрүүлэх аж.
Мөн Дарьганга сумын нутаг, Алтан овоо, Шилийн богдын чиглэлийн авто машины хөдөлгөөний хоригийг дахин сунгаж, шинийн 15-ныг дуустал буюу гуравдугаар сарын 9-ныг хүртэл хориглов.
Ингэснээр нийт ДОЛООН аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.
-
Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлав.
-
Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
-
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
-
Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.
-
Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
-
Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.
Харин өчигдөр коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэхээр болсон тухай мэдээлсэн.
Хэрэв УОК-оос зам хаах шаардлага байхгүй гэж үзвэл орон нутгийн Засаг дарга нарын дээрх шийдвэр хэрэгжихгүй юм.



