Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.
Ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.
Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-21-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15,16-нд сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 15-20 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 16,17-нд сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 15, 18, 21-22-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 16-20-нд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, 15, 21-22-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 29-34 хэм хүрч хална.



