Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шаардлага тавин майхантай жагсаал хийсэн “Гэр хороолол” хөдөлгөөнийнхөн хотын даргатай тохиролцсоны дагуу өнөөдөр хэлэлцээрийн ширээнд суужээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажил хариуцсан албаны хүмүүстэйгээ ирсэн байсан бөгөөд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг товч мэдээлэл хүргэв. Мэдээллийг товчилбол:
-2013-2014 онд нийт 21 газар байршилд 41 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар болсноос таван аж ахуйн нэгжийг зөвшөөрлийг цуцалсан. 2013-2016 онд 1590 өрх газраа чөлөөлж өгснөөс 957 өрх орон сууцандаа орсон. Ингээд 400 гаруй өрхийн асуудал шийдэгдээгүй байснаас түр орон сууцанд оруулах зэргээр асуудлыг шийдсэн. Одоо 138 айлын асуудал шийдэгдээгүй байгаа. Үүнийг энэ долдугаар сард шийдвэрлэнэ.

Гэр хорооллыг барилгажуулах болон дэд бүтцийн асуудалд 2017-2018 онд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хот болон улсын төсвөөс хийгдсэн. Одоо 192 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас Засгийн газрын шугамаар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ гэлээ.
Гэвч энэ үеэр хотын дарга нийслэлийн өмнөх удирдлагыг “Хаа хол Баянхошуу, Хайлааст руу хөрөнгө оруулалт цацаж, тооцоогүй ажилласан” гэснээс үүдэн “Монгол Улсын иргэдийг амьдарч байгаа газраар нь ялгаварлан гадуурхлаа” гэсэн маргаан дэгдэв. Мөн уулзалтын эхнээс л хэвлэлийнхнийг оруулахгүй хаалгаа үүдээ барьж, “Бат-Үүлийн хөдөлгөөнийнхэнтэй уулзах гэж байна. Та нар цаашаа бай” гэх мэтээр илт тохуурхан инээлдэцгээж байсан мэт нь маргааныг улам дэвэргэв.

Тиймээс “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Д.Батсүх гэр хорооллын иргэдийг ялгаварлан гадуурхаж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлээд “тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэв. Мөн тус хөдөлгөөнийнхөн ч “Батболд дарга илт басамжилсан өнгөөр ярьж, үг хэлэх боломж олгосонгүй” хэмээн бухимдаж байв.
Энэ үеэр “Гэр хороолол” хөдөлгөөний дэмжигчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хангардь ордны гадаа цуглаад байсан бөгөөд тэд хотын дарга С.Батболд өөрсдийнх нь шаардлагыг хүлээн аваагүй тул пүрэв гаригт дахин жагсаал хийнэ гэснээр тарцгаалаа.
А.Ану



