Нийслэлийн хэмжээнд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Марафон-2018”-д ХХБанк өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачлагын дагуу нэгдэж, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ шилжин явах цомыг хүлээж авчаа.
Энэхүү олон улсын марафоныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь их хотын иргэдэд эрүүл амьдралын хэвшил, зөв дадлыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой тул ХХБ дэмжин оролцохоор болсон байна.
Өнгөрөгч баасан гаригт буюу 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр ХХБ Чингэлтэй Дүүргийн Тэргүүний 61-р дунд сургууль болон Улсын Тэргүүний 24-р дунд сургуулийн нийт 500 сурагчийн “Улаанбаатар Марафон-2018”-д хамрагдах бүртгэлийн төлбөрийг төлж, оролцуулах эрхийн бичгийг гардуулсан байна.
Уг арга хэмжээний үеэр ХХБ-ны ажилтан, марафон гүйлтийн спортын дэд мастер М.Мөнхчөдөр сурагчдад гүйлтийн спортын эерэг нөлөө, ач холбогдол болон нэгдсэн гүйлтийн үед анхаарах ёстой зүйлсийн талаар тайлбарлаж, туршлагаасаа хуваалцсан байна.






