С.Зориг агсны эхнэр Д.Булганыг уг хэргийн ажиллагаанд яллагдагчаар татаад байгаа. Өмнө нь түүнийг хэргийн хамжигчаар татан шалгаж, хэрэгт холбогдолтойг тогтоосон боловч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат хоёр өдрийн өмнө телевизийн ярилцлагад орохдоо мэдээлсэн. Харин энэ удаа уг хэрэгт шинээр авагдсан нотлох баримтад үндэслэн яллагдагчаар татан шалгаж байгаа гэв.
Одоогоос 20 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татсан тухай мэдээлсэн. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг өөрт нь уншиж танилцуулах үеэр тогтоолтой танилцаж, гарын үсэг зурахаас татгалзан “Чаддаг юм бол нотлоорой” гээд байцаалтын өрөөг хаяж байгаа камерийн бичлэгийг сэтгүүлч уг ярилцлагын үеэр үзүүлсэн. Харин өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд түүнийг хоёр дахь удаагаа дуудаж, байцаалт авчээ.
Сануулахад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар үйлдсэн хэмээн шүүхээс 20 жил хорих ял оноогоод байгаа. Харин захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж, Д.Булганыг уг хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.
Б.ЗАЯА




Сэтгэгдэл (2)