x

Б.Мэдрээ: Зээлийн хүүг бууруулж болно(I хэсэг)

Товч намтар66

Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 32 ажиллаж байгаа эдийн засагч/банкир юм.

1977-1987 он          Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, УТК-ын Тооцоолох төвд хэлтсийн дарга
1987-1991 он           Улсын банкны ерөнхий хорооны Хэлтсийн дарга
1991-2000 он           ХХБ - ны Тамгын газрын захирал, Дэд захирал,
Гүйцэтгэх захирал
2002-2006 он          “Гурван бар кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
2006-2007 он           Капитрон банкны Гүйцэтгэх захирал
2007-2016 он          ХХБ-ны Гүйцэтгэх захирал
2016 оноос                ХХБ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.


Шагнал:

Санхүү банкны тэргүүний ажилтан
Монгол Улсын Гавъяат эдийн засагч
Монголын Банкны Холбооны Хаш-Эрдэнийн одон

 

1. Сайхан зусч байна уу. Танаас асуух, ярилцах зүйлс их байна. Өнөөдөртөө цөөн сэдвийн хүрээнд ярилцъя.

-Тэгье.

2. Монголын хамгийн томоохон Банкны нэгийг олон жилийн турш удирдаж байгаа банкир учраас Тантай нийт Монголын бүх арилжааны банкны салбарын талаарх асуулт байна. Монголд маш олон арилжааны банк байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Энэ шүүмжлэлийг Та юу гэж дүгнэдэг вэ?

Б.М. -Банкны олон, багыг нэг хүний дур зоргоор, эсвэл захиргааны аргаар шийддэг асуудал биш. Зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийн хуулиар хэдэн банк байх нь тогтоогдож байгаа юм. 

Ж.Ж. -Жишээ баримт татаач?

Б.М. -1990 оноос хойш 34 банк байгуулагдсанаас хойш 21 нь дампуурч, одоо 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Олон, бага банк байгаа эсэхэд бид бус энэ зах зээл нь зохицуулдаг асуудал. 

Ж.Ж. -Оршин тогнох нь зах зээлийн жамаараа зохицуулагддаг юм байна. Тэгвэл гадаадын Томоохон Банкийг оруулж ирэх талаар Та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ асуудал нь нийтээрээ хэлэлцэж шийдэх зүйл мөн. “Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг шиг “долоо хэмжиж нэг огтлох шийдвэр” гэж боддог. Ганц юмнаас болж бүгдийг эрсдэлд орууламгүй, эрсдэлтэй зүйлээс зайлсхийх нь зүйтэй. Болгоомж бол аюулгүйн эхний алхам. Мэргэдийн хэлдгээр бол, “Болгоомж бол зөв шийдлийн ээж, болгоомжтой нэг нь ивээгдэнэ” гэж. Гадны банкны салбар орж ирэх нь бидний монголчуудын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх болно.

3. Ямар нөлөө?

-Тэр тусмаа хөрш улсын банкны салбар орж ирэх нь бодлогын чанартай, богино хугацаанд биш гэхэд урт хугацаанд бидэнд тийм таатай биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой зүйл гэдгийг эхлээд бид санаж явах нь зүйтэй. Таагүй үр дагаврыг дурдаж, байнга санаж явах нь зүйтэй. 

Нэгд, өнөөдөр үндэсний банкууд маань том хэмжээнд өрсөлдөх чадвартай биш байгаа.
Хоёрд, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгодог болохоор “сорчлох ажиллагаа” шууд явагдана. Энэ нь манай улсын жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ гэхээс илүүтэй тухайн улсын санхүүжилтээр босч, үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээтэй аж ахуйн нэгжүүд дээр төвлөрч дэмжихийг хэлнэ.
Гуравд, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан шууд нэгээр нэмэгдэнэ.
Дөрөвд, сая дурдсан бүх зүйлсийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байх болно. 

Манай улс гэлтгүй дэлхий даяар эдийн засгийн хямрал байнга болж байна. Яг ийм үед уян хатан, илүү шинэлэг гэж хэт шийдэмгий үйлдэл гаргахгүй, харин ч болгоомжтой, сэрэмжтэй байх нь зүйтэй.

4. Ж.Ж. -Тэгэхээр Таны хэлж байгаагаар манай улс гадаадын банкны салбар оруулж ирэхэд бэлэн биш гэсэн үг үү?

Б.М. -Тийм. Бэлэн биш байгаа. Юуны урьдаар Монгол Улс олон тулгууртай, өнгө солонгорсон, эдийн засгийн оновчтой аж үйлдвэрийн суурь бүтцийг бий болгочхоод, иймэрхүү эрсдэлтэй зүйлсийг авч үзэх нь зөв.  Уян хатан, олон талтай бодлого гэдэгт нь банк, санхүүгийн аюулгүй байдлыг баталгаажуулах бодитой бодлого хэрэгжүүлэх асуудал заавал орно.

5. Бодитой бодлого хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Зөв зүйтэй бодлогыг боловсруулахын тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах хүмүүс мэргэжлийн байх хэрэгтэй. Миний харж байгаагаар банктай холбоотой хууль нь мэдлэггүй хүмүүсээр бэлтгэгдэж батлагдаж байгаа нь бидний хамгийн том асуудал юм уу даа. Мэдлэггүй, учир утгагүй бол тэгээд бүх юм аюултай. Төв банкны үе үеийн чадваргүй мэргэжилтэн, түшмэд, захирлууд, Ерөнхийлөгчид нь, тухай тухайн үеийнхээ УИХ-ын холбогдох гишүүдтэй хамтарч Монгол улсын банктай холбоотой хуулийг үнэхээр дутуу дулимаг хийсэн байдаг.

6. Тэгэхээр хууль тогтоох байгууллагад эдийн засаг, банк, санхүүгийн мэдлэгтэй, бодлого боловсруулагч, хууль санаачлагч нар дутагдаад байна уу?

-Өнөөдрийн банкны салбарын нүүр царай нь мэдлэггүй улстөрчид, бодлого тодорхойлогч буюу удирдагчдын маань толины тусгал. Нэн түрүүний гол асуудлаа олж харахгүй, эсвэл бодолцохгүй байна. Тухайлбал, 13 арилжааны банк нэг секторт ижил бизнес хийж, өрсөлдөж, аль алиныгаа хоосруулж, хүчээ тарамдуулж байгааг бодлогоор зохицуулж, хориглох тал дээр огт ач холбогдол өгдөггүй. “Нэг хонинд долоон малчин” гэдэг шиг байгаа.

7. Гадаадын банкны салбар оруулж ирэхийн нөлөөлөл нь юу байх юм?

Б.М. -Гадаадын банкны салбар оруулж ирэхийн өмнө банкных нь төлөөлөгчийн газрыг оруулах, салбарыг нь оруулж ирэх, охин компанийн хэлбэрээр үйл ажиллагааг нь дотоодод эхлүүлэх гээд өөр өөр ойлголтууд.

8. Банкны салбар орж ирнэ гэж яриад байхаас төлөөлөгчийн газар, салбар, охин компани бүр өөр ойлголтууд гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Та тодорхой тайлбарлахгуй юу?

Б.М. -Төлөөлөгчийн газар нь толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй, төв рүүгээ тодорхой судалгааны шинжтэй мэдээлэл илгээнэ. Салбар   банк нь Монголд байрлаж байгаа ч шууд гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөцөөр өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, манай улсын хууль тогтоомжийн дагуу бус өөрийн улсынхаа холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, бидэнд осолтой хэлбэр юм. Гадаадын банкны охин комнани нь дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, манай орны хууль эрх зүйн орчинд өрсөлддөг, бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагддаг юм. Тэгэхээр бидэнд аль нь эрсдэл багатай вэ гэдгээ эхлээд зөв тодорхойлох хэрэгтэй. 

9. Манайд энэ гурван төрлийн аль нэгээр нь байгуулагдсан гадны банк бий юу?

-Охин компанийн аргаар байгуулагдсан 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай “Чингис хаан”, “Кредит” банкууд байсан, одоо хувьцаагаа зарсан юм байна лээ.

10. Охин компани нь манайд илүү боломжтой гэж харж болох уу?

-Охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад ч төрийн өмчлөлтэй банк уу, хувийн өмчлөлтэй банк уу, бүр цаашлаад хөрш улсынх байх уу, гуравдагч улсынх байх уу гээд олон зүйлсийг хоршуулж бодолцох ёстой.

11. Банкны салбарын бодлого бол цогц стратегийн ач холбогдолтой асуудал / зүйл гэж Та хэлэх гээд байна уу?

-Манай Монголд Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо гээд өөр аж ахуй, үйлдвэрийн хөрөнгө оруулагчид тэр зүйлээ хийхээс биш бусад салбарын хувийн хэвшлийн ажилд оролцох, нөлөөлөх боломжгүй. Зүгээр татвараа төлөөд л чөлөөт зах зээл юу шаардана түүний горимоор явдаг. 

Харин банк бол зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа ямар л салбар байна, тэдгээрт мөнгөний эх үүсвэр, зээл, худалдааны санхүүжилт гээд олон зүйлс дээр дэмжих үү үгүй юу, хэр өрсөлдөхүйц байх вэ гэдэгт нь шууд нөлөө үзүүлэх бодлогын бизнес хийх хүчин зүйл болж байна. Жишээлбэл, уул уурхай, газар тариалан, барилга, зам, гүүр гээд манай эдийн засгийн улирлаас хамааралтай байдлаас шалтгаалаад цаг алдаж болдоггүй, өнөөдөр шийдэхгүй бол шууд жил алддаг бизнест төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажил, бараа материал татан авалт, ханган нийлүүлэлт бүгд шууд банкнаас хамааралтай. Банкны бид нийтлэг эрх ашгаа бодолцож нэг дээвэр дор байгаа харилцагч иргэдээ шууд бусаар дэмжиж байдгийг мартаж болохгүй.

12. Гадаадын банк оруулж ирэхгүйгээр дотоодын арилжааны 13 банк эрэлт, хэрэгцээгээ хангаад явах боломж нь тийм ч таатай бус байх шиг.

Б.Мэдрээ -Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэдэг үзүүлэлт маш чухал. Хүмүүс зээл авах бололцоо байна уу үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлт юм. Монгол улс энэ үзүүлэлтээр бол сайн шүү дээ. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгжийг та олох гээд үзээрэй. Зээлийн хүртээмж сайн, бололцоотой байгааг өнөөдөр бид өдөр тутамдаа “зээлгүй хүн алга гээд зовж байна” гээд сөрөг талаас нь хараад байдаг нь харамсалтай. 

Сүүлийн гурван жил гаруй хугацаанд хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн цаана 8 хувийн зээлээр орон сууцтай болж чадсан 100 гаруй мянган өрх бий. Даанч манай улсад зээлийн хүү өндөр, хугацаа нь богино гэсэн том асуудал байдаг нь бас үнэн. Төрийн бодлогоор энэ асуудлыг тодорхой хугацаанд түргэн шийдвэрлэх шийдэл бол хангалттай байгаа.

13. Дотоодын арилжааны банкуудын өрсөлдөөнийг дүгнэвэл?

-Дэлхий даяар дийлэнх улсууд харилцагчийнхаа харилцах дансанд хүү төлөхийг хориглосон хуультай. Манай банкууд өөр хоорондоо өрсөлдөхдөө шинэ технологи, шинэ бүтээгдхүүнээр бус харилцах дансанд чинь тэдэн хувийн хүү төлье гэсэн ойр зуурын зүйлээр л өрсөлдөж байгаа. 

14. Таныг ХХБ-ны удирдлага учраас гадны банкинд “дургүй” байна гэж харах байх. Та түрүүнд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц гэж хэлсэн. Энэ талаар тодруулаач?

-Нэг жишээ хэлье. Өнөөдөр Монгол улсад мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалж болдог. Барьцаалагч банк нь барьцаалсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээдэггүй. Бидэнд ийм хууль байгаа цагт түүний зарим нэг заалтын дагуу гадаадын банкууд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах боломж шууд нээлттэй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ бүрэн төлөөгүй, барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар аль нэг этгээд худалдан аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөрт тооцон авч, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх боломжтой. Энэ бол Монгол улсын хувьд том эрсдэл.

15. Ийм хэмжээний эрсдэлийг тооцоолж байж зөвшөөрөл олгох биз дээ?

-“Газар бол улсын үндэс” гэж Модун Шанью хэлсэн байдаг. Та бидний үнэ цэнэ нь шууд үнэлж болохгүй огт ондоо амин чухал хөрөнгө юм. Өнөөдрийг хүртэл үндэсний компаниуд, банкууд нь төлөвшиж, томроогүй байхад нь газар, лиценз гэсэн амин чухал зүйлсийг барьцаалах эрхтэй гадны банкийг оруулахыг манай улс хойшлуулсаар ирсэн нь нэг талаар төрийн зөв бодлого гэж хардаг. “Гүүр хүрээгүй бол гол гатлахгүй ээ” гэж Англи хэлц үг байдаг. Эхлээд нөхцөл бүрдсэн, бэлэн болсон цагт л үйлдэл хийх нь зөв. 

16. Бид эрсдэлээ маш сайн тооцож, хууль эрх зүйн орчноо шинэчилж, тэдний “аманд” орохооргүй болсон цагт бол?

-Гадаадын банкны салбарыг оруулах бол бодлогын асуудал юм шүү. Туршиж үздэг зүйл биш, больж, сольдог ч зүйл биш. Урт хугацааны асуудал мөн. Иргэн бүрийн хувийн аж ахуй гэлтгүй их хэмжээний зээл авсан том хэмжээтэй төсөл, бизнесийн барьцаа хөрөнгө гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжих бололцоо нээлттэй байна. Гадаадын банкны хувьд хураагаад авсан зүйлээ цааш нь өөрийн улсын компани, эсвэл иргэнд ямар үнээр шилжүүлэх нь тус банкны бүрэн эрх болно шүү дээ. 

Монгол улсын Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг ч барьцаалах бололцоо нээлттэй. Та бидний Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай өнөөгийн хуулиар ч тэр гадаадын банк нь зээлийн барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. 

17. Манай зээлдэгчдийн ихэнх нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаанд тавьдаг юм байна?

-Тийм. Нэгэнт зээл өгсөн юм бол банкууд зээлээ, хүүтэй нь буцааж авч л таарна. Олон улсад баталгаажсан, мөрддөг дүрэм журмынхаа дагуу л зээл хүүгээ төлүүлнэ. Ийм байдалд улс орноо хүргэж болохгүй. “Муу муухай бүхэн мөнгөнөөс болдог” доо. Иргэд, аж ахуйн нэгж мөнгө, зээлээс болж өөр хоорондоо итгэлцэл алдаж, шүүх цагдаа болдог, хүн амины хэрэг хүртэл гарч байгааг бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харж байна. Хөршүүд, тэр бүү хэл ах дүүс, хамаатан садан хоорондоо нэг нь мөнгө төгрөгөө нэхнэ, нөгөө нь өгөхгүй, өглөгтэй нь баярхаж дээрэлхэж байна гэж зүхнэ, нэг нь нөгөөгөө ядуу зүдүүгээрээ түрүү барилаа гэж доромжилно, үл итгэлцэл, үзэн ядалт дуусахгүй. Барьцаа хөрөнгийн дийлэнх нь бидний амин чухал зүйл болох орон гэр, машин, байгаа ганц нэг эд хөрөнгийн зөвшөөрөл, лиценз байдаг. 

18. Үнэт зүйлээс гадна иргэний мэдээллээ алдах ч эрсдэл үүсч болох нь ээ. Энэ нь өөрөө үндэсний аюулгүй байдлын асуудал болох юм байна даа?

-Зээлийн мэдээллийн тухай хуульд зээлдэгчтэй холбоотой бүхий л мэдээллийг банк бүрэн авах боломжтой гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын аюулгүй байдал, Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн аюулгүй байдал хөндөгдөх эрсдэл нэмэгдэнэ. Товчхондоо гадны банк нь тодорхой зорилтот үйл ажиллагаа явуулахад бидэнд шууд эрсдэлтэй.

19. Гадны банкны зорилттой үйл ажиллагаа гэлээ. Яг юу гэсэн үг вэ?

-Бид өнөөдөр буурай хөгжилтэй орон байж болно. Дээр нь эдийн засгийн хямралд өртөмтгий. Үүнийг нь дөрөөлж, Монгол улсын ашигтай шимтэй гэсэн зүйлсийг зээлээр дамжуулаад эзэмшигчдээс нь авах, Та бидний эдийн засгийг мөнгө болоод зээлийн хомсдолоор ганхуулах, зээлдэгчдэд бодлоготой, ялгаатай хандах гэж шууд хэлж болно. Зүгээр л алтны лицензтэй хоёр компанийн үзүүлэлт ижил байлаа ч аль нэгийг нь зээлээр дэмжихээс л босох сэхэх нь эхэлнэ шүү дээ. Өнгөрсөн нь одоогийн сургамж.

Мөн эрх чөлөө Тусгаар Тогтнолын үзэл санааг, үндэсний дэвшил хөгжлийг, “амыг нь мөнгөөр таглах” явдал гарч эхэлбэл яах вэ бид? Өнөөдөр зүүн Европын зарим орны хүмүүс зээлээ шийдвэрлүүлэхийн тулд Лондон, Парис явдаг шиг манайхан Бээжин явдаг болж ч магад. Зүүн Европын орнууд банкуудаа барууныханд алдсан нь бидний өмнө нь хэзээ ч туршиж байгаагүй зүйл болох гадаадын банкны салбар байгуулахад гарах эрсдэлийг урьдчилж ойлгож авах тод жишээ, үйл явдал мөн.

20. Яагаад Бээжин явах хэрэг гарна гэж, банк нь өөрөө шийдвэрээ эндээ гаргаж боломжгүй бол уу?

-Чухам Бээжин явах уу, Лондон явах уу гэдэг нь банк хаанахын өмчлөл, харьяалалтай байхаас болно. Хуучин социалист байсан орнуудын дийлэнх нь өөрийн үндэсний арилжааны банк гэсэн зүйлгүй болсон байгаа.

21. Дэлхийн бусад орнууд гадны банкны асуудлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Өөр улс орнууд банкуудыг нь худалдаад авчихсан. Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улсын иргэд нь банкаа бусдад өгсөндөө харамсдаг, эргэж буцах тал дээр яахаа мэдэхгүй мухардалд орсон байдаг (Унгар, Болгар, Чех зэрэг улсад албан ажлаар очоод тэндхийн банкируудтай ярилцаад үүнийг мэдсэн, харсан). Хямрал болохоор барууны банкууд нь зээлээ олгохоо зогсоочихдог. 

Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө Унгар улсын тухайн үеийн Засгийн газар барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй гэж “ёс зүйгүй үйлдэл” хийж байлаа. Бид үүнтэй адил ухаалаг бус үйлдэл гаргах вий гэдгээ маш болгоомжтой тооцоолох хэрэгтэй.

22. Манай улс ямар орны жишгийг дагавал зүйтэй вэ? Бидэнд үлгэр болох нэг бодит жишээ хэрэгтэй байна шүү дээ.

-Улс орон бүр өнөөдрийн иргэн хувь хүн бүр болоод улсынх нь чадамж буюу потенциал, эдийн засгийн хөгжил, багтаамж, өв соёл, газар зүйн байршил гээд олон зүйлээс шалтгаалаад ялгаатай хариу үйлдэл үзүүлж байна.

Тэгэхээр, яг энэ улсыг жишиг болгодоо гэж хэлж болохгүй. ГБС орж ирээд ямар өөрчлөлт гарсан, ямар нөлөө үзүүлсэн, ямар зохицуулалтыг хийж байсан гээд бодит туршлагыг ухаж судалж үзэх нь зөв. Манай эрдэмтэн, банкны салбарын туршлагатай судлаачдаас эхлээд их дээд сургуулийн профессоруудын судалгаан дээр үндэслэсэн санаа бодлыг нь судлах нь чухал. Гадаадын банкуудын үйл ажиллагааны зорилго, арга барил, хамрах хүрээ харилцан адилгүй байна.

23. Улс орнууд гадны банкийг хэрхэн хүлээж авч байсан тодорхой жишээнүүдээс дурдаач гэвэл?

-Европын орнуудад гадаадын банкууд тухайн улсын дотоодын банкуудад хөрөнгө оруулах, худалдаж авах, нэгтгэх замаар нэвтэрсэн тохиолдол давамгайлдаг бол Зүүн Азийн орнуудад охин компани, салбар байгуулах замаар үйл ажиллагаа явуулах нь хэвшил болсон байна лээ.

24. Европ, Зүүн Азийн аль ч туршлагыг дүгнээд үзвэл бид аль замыг сонговол зүйтэй бол?

-БНСУ-ын жишээг авч үзвэл, гадаадын банкны салбар орж ирснээр өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын банкуудын зардлын үр ашигтай байдал сайжирсан байгаа. Харамсалт нь, ААН - үүд дэх зээл олголт хандлага жижиг, дунд ААН - үүдэд хүндрэлтэй болсон байна лээ. Энэтхэг, Индонезид энэ үзэгдэл бүр хүчтэй илэрч байна. Өөрчлөлт дотоодынх нь том банкуудын ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, мөн жижиг, дунд гэхээс илүүтэй том компаниудад зээл олгох нь бүр хэтийдсэн байгаа юм. Тэгэхээр ямар орны замаар явах гэхээс илүү өнөөдөр байгаа хууль тогтоомжоос эхлээд гадны банкийг хүлээж авахад хожим аль аль талдаа асуудал үүсэхгүй байхаар зөв зүйтэй шинэчлэх нь чухал.

Улс орнуудад замын хөдөлгөөн нь баруун гарын, эсвэл зүүн гарын дүрэмтэй байдаг гэдэг шиг, бид үнэхээр л зүүн гарын дүрэм мөрддөг машин асар олон тоогоор хүлээж авах гэж байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ эхлээд өөрчлөх хэрэгтэй.

25. Гадны банкийг дотооддоо зөвшөөрсөн улсууд дотоод хууль эрх зүй болон бусад зохицуулалтыг яаж зохицуулж байна вэ? Жишээгээр дурдвал?

-Мьянмар улсад Төв банк нь гадны банк орж ирж салбараа байгуулахыг зөвшөөрсөн байгаа. Сонирхоод үзэх юм бол тус улс цөөн тооны гол болзлоо хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. 

Нэгд, улс орон даяар ердөө ганцхан салбар банк үйл ажиллагаа явуулна, ингэснээр цаг хугацаа гэдэг зүйл хязгаартай болохоор тухайн гадны банкны үйл ажиллагаа ханасан хэмжээнд, тодорхой хязгаарт баригдаж байна.
Хоёрд, гадны банкны салбар Мьянмарын жижиглэнгийн салбарт оролцохгүй, гагцхүү том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг хийнэ. Энэ нь Мьянмарын өөрийн үндэсний бодлоготой нийцсэн болж таарч байгаа.
Гуравд, валютаар зээл олгож болно, харин үндэсний мөнгөн тэмдэгтээр зээл олгож болохгүй.
Дөрөвд, Мьянмарын өөрийнх нь Төв банкинд 20 тэрбум ам. долларыг жилийн 1 хувь хүртэл хүүтэй, 30 - 40-н жилийн хугацаатай зээлдүүлсэн цагт зөвшөөрнө. Мьянмарын Төв банк нь энэхүү зээлсэн мөнгийг өөрийн рейтингээр дотоодынхоо арилжааны банкууддаа хуваарилан, дотоодын банкуудаа санхүүгийн хувьд хөл дээр нь зогсоох зорилгоор зээлдүүлнэ гэсэн болзол тавьсан байдаг. Мьянмарын энэ жишээг харахад алсаа бодсон зөв байж ч болно, буруу ч байж болно. Үүнийг цаг хугацаа харуулна.

26. Тэгвэл бид яах ёстой вэ? Гаргалгаа нь хаанаа байна вэ?

-Та бид одоо зөв, буруу гэж цаг алдахын оронд эртхэн манай улсад ашигтай хувилбараар нь, үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байхаар гадны банкуудтай зөв зүйтэй, илэн далангүй хэлэлцэх чадамжтай, бэлтгэлээ хангачихсан байх хэрэгтэй байна.

27. Тэгээд гадны банк оруулах уу, яах вэ? Хүмүүс үйлдвэр, аж ахуй, бизнес эрхлэгч нар бүгд л бага хүүтэй зээл авахаа л бодно шүү дээ?

-Яарвал даарна гэдэг дээ, бид юуны өмнө бэлтгэх хэрэгтэй. Эхлээд нөхцөл, зохицуулалт, хязгаарлалт, хийх тохиролцоо гээд бүх нөхцөлөө учир утгатай тавихаар бүх бэлтгэлээ базаасан баймаар байна. Бага хэмжээний тооцоолол, жижиг судалгаагаар, олон нийтийн хандлагаар, зөвхөн өнөөдөр бизнес эрхлэх аж байдлаа шууд голоо болгоод элдэв цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр ном хаялцаад, нэгнийгээ хамаагүй уриалаад, олон нийтээрээ хямраад байж болохгүй. Иймэрхүү мэргэжлийн бус байдал биднийг эргээд юу ч үгүй идэхэд энүүхэнд шүү. Бага хүүтэй зээл гэснээс хүмүүсийн яриад байгаа шиг гадаадын хөрөнгө оруулагчид бага хүүтэй зээл олгохгүй байгаа. Гадаадын 63.7 хувийн хөрөнгө оруулалттай ХААН банк, 77.9 хувийн хөрөнгө оруулалттай Хас Банкны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхтай адил байгаа.

28. Зарчмын хувьд Тэгэхээр гадны банк орж ирээд хүү буурна гэдэгт итгэлтгүй гэсэн үг үү?

-Манай улсад гадаадын банк орж ирснээр дунд болоод урт хугацаанд зээлийн хүү өнөөгийнхөөс 3 - 4 нэгж хувиар буурч, хөгжиж буй орнуудын дундаж түвшин болох 13.3 хувь руу орох боломжтой гэсэн таамаглалыг зарим мэргэжилтнүүд тооцоолсон байна лээ. Гадаадын банкууд эрсдэл багатай том компаниудад зээл олгох нь баталгаатай байх болно. Үр дүнд нь жижиг, дунд ААН - үүдийн зээлийн хүү буурна гэж найдалтгүй. Манай судлаачдын авсан жишээнээс харвал, Энэтхэгийн хувьд гадаадын банкуудаас олгосон нийт зээлийн 80 хувь нь аж үйлдвэр болон том компаниудад хуваарилагдсан байна лээ. Нийт зээл нь Энэтхэг улсад өндөр ашигтай ажилладаг ААН - үүдийн 10 хувь дээр эергээр нөлөөлсөн бол бусдынх нь зээл авах боломж үнэндээ 8 хувь буурсан байна. Үүнийг дагаад дотоодынх нь банкуудаас жижиг ААН - үүдэд олгох зээл буурсан байдаг. 

29. Зээлийн хүү өндөр гэдэг шүүмжлэл, уй гашуу олон жил яригдсаар ирсэн асуудлын нэг л дээ.

-Банкны зээлийн хүүг тогтоодог олон хүчин зүйл байдгийн эн тэргүүний чухал хүчин зүйл нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл юм. Нэмэгдээд эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын түвшин, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ, санхүүгийн зуучлалын зардал, татан төвлөрүүлж буй хөрөнгө буюу эх үүсвэрийн өртөг, Төв банкны бодлогын хүү зэрэг хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлнө. Гадаадын ямар ч банк энэ л зарчмаар зээлийн хүүгээ тогтооно. Манай улсын нийт эдийн засгийн эрсдэл буураагүй, эдийн засгийн дархлаа тогтож амжаагүй байгаа үед гадаадын ямар банкийг оруулж ирэхээс үл хамаарч зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах боломж хязгаарлагдмал байгаа.

УИХ, Монголбанкнаас хурдан шийдэж болох зүйл бол арилжааны банкууд иргэдэд төлж байгаа хугацаатай хадгаламжийн жилийн 13 - 14 хувийн хүүг 10 хувь хүртэл буулгах, харилцах дансанд банкууд 6 хувь хүртэл хүү төлдөг явдлыг хориглох гээд хийх зүйлс уг нь байна.

30. Монголын арилжааны банкууд нийлж, нэгдсэн бодлого явуулаад зээлийн хүүг бууруулж болдоггүй юм уу?

-Миний сая хэлсэнчлэн зээлийн хүүг банкууд биш зах зээлийн зарчмаар тогтооно. Бодит байдал дээр манай орон хадгаламж, мөнгөн хуримтлал багатай, байгаа жаахан хөрөнгийн эх үүсвэрийн маань хугацаа богино, банкууд болон хадгаламж зээлийн хоршоод дунд өрсөлдөөн их учир хүүг бага байлгах бололцоогүй болж байгаа юм. Зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах талаар банкууд хамтарч хөдөлнө гэвэл бололцоот ажил бий. Тухайлбал, АТМ, карт уншигч машин, гар утсаар хийдэг төлбөр тооцоо, олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг “Свифт” сүлжээ, зээлийн мэдээллийн сан зэргийг банкууд дундаа хамтран ашиглах дээр хүч төвлөрүүлбэл, давхардсан зардлыг багасгаж болно.

31. Банкууд хамтраад нэг сүлжээг хямд өртгөөр ашиглах боломж байгаа бол яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Асуудал нь юунд оршиж байна вэ?

-Олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг “Свифт” сүлжээг л гэхэд банк бүр тус тусдаа жилийн өндөр төлбөр, хураамжийг гаднын байгууллагад төлж ашиглаж байхаар дундаа ашигламаар. Хойд хөршид ийм банк дундын “Свифт” бюро буюу товчоог байгуулж ажиллуулаад зардлаа хэмнээд болж л байна.

32. Тэгвэл манай банкууд яагаад ингэж чадахгүй байна вэ?

-Монголын арилжааны банкууд хоорондоо хэл амаа ололцохгүй, хамтарч ажиллаж чадахгүй байна. Ийм учир бололцоот шийдэл гарч ирэхгүй байна. Оросод энэ асуудлыг Төв банк нь удирдаад, зохион байгуулаад хийчихэж байна. Дээр нь зээл төлүүлэлт хүнд, удаашралтай, өртөг өндөртэй байгаа гээд банкнаас шалтгаалахгүй хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлж байгаа.

33. Монголын банкуудын ойлголцол, хамтран ажиллах итгэлцэл, оюуны бяд, дээрээс нь төрийн бодлого чухал байгаа юм байна даа, Тийм үү?

-Яг тийм. Хэрэв гадаад дийлэнх улсууд шиг зээлээ жижиг сажиг чирэгдэл, зардалгүй, хугацаа багатай төлүүлэх боломжийг төр бий болговол хүү тодорхой хэмжээгээр буурах боломж ч бий. Гэхдээ манай дотоодын банкууд зээлийн хүүг бага байлгах тал дээр сүүлийн 20 гаруй жил боломжтой бүх хүчээ дайчилсан. Хүүгээ бага байлгах өрсөлдөөнөөр банкууд өөрсдийнхөө хэмжээнд асуудлыг шийдэж ирснээс бус төр, засаг дорвитой дэмжлэг үзүүлээгүй. 

ОХУ-ын жишээг харахад манай банкууд шиг хамтарч ажиллаж чадахгүй байгаа хэсэг дээр нь Төв банк нь явж очоод шийдвэрээ гаргаад, эцсийн дүндээ иргэдэд ашигтай байх зохицуулалт хийгээд болоод байдаг. 

34. Их гүрнүүдийн дэлхийн хэмжээний том банкууд өөр бусад буурай хөгжилтэй улс орнуудад салбараа ажиллуулахад өөрсдөд нь тийм ашигтай юм уу?

- Ашигтай болохоор нь шинэ зах зээл эрэлхийлнэ биз дээ. Эвий зайлуул ядуу зүдүү Монголд иргэд нь бизнес хийхэд бага хүүтэй, хоёр улсын харилцааг бататгаад шинэ салбараа нээе дээ гээд орж ирж байна гэж бодвол эндүүрэл. Ямар ч банк олгосон зээлээ олж авахаа тооцож байж орж ирнэ. Өөрөөр хэлбэл, зээлээ эргэж авч чадахгүй зүгээр суугаад байхгүйгээ мэдэж байгаа учраас орж ирэх гээд байгаа.

35. Ашигаа сайтар тооцсоны дараа орж ирэх аж. Санхүүгийн үйл ажиллагаа талаас нь зарчмыг нь тодорхойлбол?

-Хялбар тайлбарлах юм бол ямар нэг банк гэдэг нь өөрийн гэлтгүй харилцагчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчдоос хадгаламж, харилцах данс, бонд зэргээр хөрөнгө мөнгө цуглуулна. Ямар нэг төлбөрийг түргэн гүйцэтгэхэд шаардагдах буюу байгаа хөрөнгийнхөө 40 орчим хувийг нь бэлэн хадгалж, 60 орчим хувийг нь өөрт ашигтай байхаар хүүтэй зээлдүүлнэ. Тиймээс 100 хувь зээлд мөнгөө гаргахгүй.

36. Манайд аль улсаас салбараа нээх хүсэлт ирдэг вэ? Энэ салбарын хүн учраас мэдээлэлтэй байгаа байх ...

-Өнөөдөр манай улсад Хятадын Банк оф Чайнагаас гадна Европын Сэргээн босголтын банк, Японы Токио Мицубиши банк болон Сумитомо Мицуй банк, Голландын банкууд салбараа бус зөвхөн “Төлөөлөгчийн газар” - аа ажиллуулж байна. Эхлээд яагаад заавал хөрш орны төрийн өмчит том банкны салбарыг ажиллуул гээд том шийдэл санаачилж байгаад гайхаж байна. 

Жишээлбэл, Хятад улсын Төрийн өмчийн “Industrial and Commercial bank”, “Agricultural bank”, “Construction bank” гэсэн гурван өөр банк өргөдлөө өгөхөөр хүлээгээд сууж байгааг ажлын хүрээнд мэдээлэл авсан. Шууд үндэсний хэмжээний эн тэргүүний том банкийг нь оруулах сонирхолтой хүмүүс дотоодод ямар ч аюулгүй, санаа зовоох зүйлгүй гэдгээ олон түмэндээ тайлбарлаж, нотлох байлгүй дээ.

(Үргэлжлэл бий)

Ж.Жамбалжамц /baabar.mn/ 2019.09.05

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Eduin (64.119.18.120)
    Medree guai medeej Hudaldaa hugjliin bankniihaa l erh ashgiig terguund tavij yarisan baina. Uur yah ch bilee. Bankniihnii amin suns n tednii hadgalamjiin huu gedgiig hunduh yamarch sonirholgui. Zeeliin huu bol hoyrhon huchin zuilees hamaardag. Neg n hadgalamjiin huu, nuguuh n banknii uil ajillagaanii zardal. Ene hour zardliig buuruulah sonirhol bankind ogt baidaggui yum. Tiim uchraas ediin zasgiin nuhtsul baidal, zah zeeliin zarchim geh meter ulger huvruulj goal asuudlaasaa bultdag yum. Unen heregtee bol delhiid haach baihgui undue huugeer mungu huulj, term munguuruu hyazgaargui tansaglaj baidag uls bol bankniihan.
    2019 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 1 цаг 47 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 1 цаг 57 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 3 цаг 0 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 3 цаг 17 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 3 цаг 17 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 3 цаг 25 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 3 цаг 37 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цаг 51 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 3 цаг 54 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 4 цаг 7 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 11 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 24 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 5 цаг 0 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 7 цаг 14 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 7 цаг 18 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 8 цаг 25 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 9 цаг 22 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 9 цаг 56 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 10 цаг 49 мин ОРОС дахь АЛЛАГА 11 цаг 46 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top