x

М.Энхсайхан: Нүүрснээс ашиг хийдэг олон хүний "хөл дээр гишгэсэн" гэдгээ л ухаарч байна

Үргэлжлэл. (Эхлэл нь М.Энхсайхан: Коронавирусыг өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манай алдаа)

-Таныг Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажиллахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, улсад хохирол учруулсан, хорлон сүйтгэсэн гэдэг зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн тухай сонссон. Хөрөнгө оруулагч нарт давуу байдал үүсгэсэн гэсэн үг үү?

-Ямар ч давуу байдал байхгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, төсөл хэрэгжээгүй. Энэ асуудлаар улс төр хийгээд, хуулийн хяналтынхан гэнэт татаж шалгаад байгааг би хоёр өнцгөөс харж байна. Нэгдүгээрт тухайн үед хийгдэх гэж байсан гэрээ өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад ашигтай юу, ашиггүй юу гэдэг асуудал. Хоёрдугаарт, хуулийн байгууллага шалгалтаа хуулийн дагуу зөв явуулж байна уу, үгүй юу? Нэгэнт байгуулагдаагүй гэрээг гэмт хэрэг гэж үзэж болохгүй шүү дээ. Хохирол учраагүй.

-Хохирол учруулахаар зардсан гэж үзээд байгаа юм биш үү?

-Завдсан гэдэг зүйл анги Эрүүгийн хуульд байхгүй. Гэрээ байгуулагдаагүй учраас прокурорын байгууллага УИХ-д өргөн барьсныг нь гэмт хэрэг гэж үзээд байгаа. Гэмт хэрэг гэж ойлгуулахын тулд “Элбэгдорж, Сайханбилэгтэй хуйвалдаж хийсэн. Элбэгдорж, Сайханбилэгийн хэргийг тусгаарласан. Хорлон сүйтгэгч нь энэ байна” гээд шүүхэд шилжүүлээд явж байгаа.

-Ордыг 100 жилийн хугацаатай гадныханд өгөх гэж байсан, үнэгүй өгөх гэж байсан гэж яриад байгаа шүү дээ?

-Тийм юм ерөөсөө байхгүй. Угаасаа Тавантолгойн гэрээний гол зорилго нь бид өөрсдөө түүхий нүүрсээ олборлоод баяжуулах байсан. 30 сая тонн нүүрсийг баяжуулаад төмөр замаар тээвэрлэхэд нэг тонн нүүрсний тээврийн зардал 9-10 доллар. Машинаар тээвэрлэхэд 30-40 доллар. Нүүрсээ баяжуулаад хямд тээвэрлэж чадвал үнэ цэнэ, бидэнд үлдэх ашиг нь өснө биз дээ. Гадныханд үнэгүй өгөх гэж байсан энэ тэр бол нүүрсэн дээр ажиллаж, ашиг хийдэг улстөрчдийн, бүлэглэлийн яриа. Нүүрсээ баяжуулаад дэлхийн зах зээлийн үнээр өгье л гэдэг төсөл байсан шүү дээ.

-З.Энхболд дарга бол огт өөр л юм яриад байгаа, тухайн үед УИХ-ын дарга байгаад гэрээг зогсоосон хүн шүү дээ?

-З.Энхболдын амаар явдаг юм гэж юу байх вэ. Үнэн хэрэгтээ би өөрийнх нь гаргасан тогтоолыг л хэрэгжүүлсэн байхгүй юу. УИХ-ын 2014 оны 34-р тогтоол гэж бий. Тогтоолд З.Энхболд өөрөө гарын үсэг зурсан. Тавантолгойн орд газраас гаргаж байгаа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээ, түүхийгээр нь гаргахаа боль, монгол ажилчдаа ажиллуул, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуул, ганц Хятадын зах зээлд битгий зараад бай... гэсэн утгатай тогтоол бий. З.Энхболд өөрөө тогтоол гаргачихаад тогтоолынхоо эсрэг л ажилласан хүн шүү дээ.

-Та тэр тогтоолынх нь эсрэг ажиллачихсан юм биш үү?

-Батлах нотлох баримт, бичиг нь бий. Гэрээний төслийг Ч.Сайханбилэг УИХ-д өргөн барьсан, Засгийн газрын төсөл.

-Ч.Сайханбилэг та хоёрын боловсруулсан төсөл гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Тэгж өөрсийгөө өндрөөр үнэлж болохгүй. Манай маш олон яамдын маш олон чадварлаг залуучууд ажилласан.

-Монголын талд тийм, ийм ашигтай байсан гээд та өнөөдөр хэлж чадах уу?

-Чадалгүй яахав. Тооцоо хүртэл бий. ЭТТ компани өнөөдөр түүхийгээр нь, сорчилж олборлоод, машинаар тээвэрлээд, хүний амь нас, байгаль орчин сүйтгээд, тэгээд жилийн эцэст 800 тэрбумын ашиг оллоо, тэрбум долларын орлого олчихлоо гэж яриад байна. Хэрвээ гэрээ байгуулагдсан бол гээд тооцоолоод үзэхээр бид өнгөрсөн хугацаанд 14 тэрбум доллар алдчихсан байна гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс хийсэн. Хэрвээ миний Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барьсан төсөл хэрэгжсэн бол өнөөдрийн энэ орлого дээрээ нэмээд 14 тэрбум долларын орлого олох байсан гэсэн үг.

-Монголын талын хувь оролцоо ямар байсан юм бол? Стратегийн орд учраас 51 хувийг нь ядаж төр эзэмшихээр байсан биз дээ?

-Гэрээн дотор байгаа. Нүүрс өмчлөх эрх гэж тусгай заалт бий. Тавантолгойн орд бол төрийн өмч, төрийн өмчийг ашигласны төлөө төлбөр төлнө гээд заачихсан. Үндэсний 650-иад компани ажиллах, ДНБ-ий өсөлтийг 10 хувьд хүргэх тооцоотой, улсын төсвөөс нэг төгрөг гаргахааргүй хийгдсэн төсөл. Төсөвт орох орлого нь болохоор татваруудаа оролцуулаад 14 их наяд төгрөгийн орлого алджээ гэж хэлээд байна. Өнөөдрийг хүртэл олсон орлогоосоо гадна шүү дээ. Тэр тооцоо удахгүй танилцуулагдана.

-Баяжуулаад зарсан бол өнөөдөр жишээ нь зах зээлийн үнэ ямархуу түвшинд байна?

-Одоо хүрсэн үнэ нь 170 доллар. Өнөөдөр Тавантолгой дээр болж байгаа бас нэг аюултай зүйл гэвэл ЭТТ компани нүүрсээ сорчилж олборлоод байна. Нэг хэсэг нүүрсийг нь “чанар хангахгүй байна” гэж овоолго үүсгээд, чанартайг нь дундаас нь сорчилж Хятад руу ачуулаад байна. Сорчилж олборлохын аюул нь овоолсон нүүрс байгаль дээр өөрөө шатдаг. Том шаталт үүсвэл олон сая тоннын овоолгууд баларна биз дээ. Сорчилж олборлосноос болж ордын нас богиносдог.

Бидний хийх гээд байсан төсөл бол ийм овоолго үүсгэхгүй. Сайн, муу нүүрсээ бүгдийг нь холиод, угаагаад дундаж стандарт үүсгээд өндөр үнээр зарах. Тэгсэн тохиолдолд ордыг ашиглах нас уртасдаг.

-Таны боловсруулсан төсөлд төмөр зам байсан, баяжуулах үйлдвэр байсан, дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарна гэсэн. Гэхдээ гуравдагч зах зээл нь байсан юм уу?

-Байлгүй яахав. Гурвалсан консерциумд Япон, Хятад, Монголын компани байсан. Японы “Сумитомо” компанийн үүрэг нь нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах байсан. Машинаар тээвэрлэж байхад гуравдагч зах зээлд хүрэх боломжгүй. Хятадын нутгаар нүүрс тээвэрлээд далайн боомт хүрнэ гэдэг хоосон мөрөөдөл. Хэрвээ төмөр замаа барьчихсан бол далайн боомт хүрээд гуравдагч зах зээлд гаргана. Сая жишээ нь, коронавирус эхлээд л бид ачилтаа зогсоосон. Одоо эргээд ачилтаа сэргээсэн ч өмнөх хэмжээнд хүргэхэд хэцүү. Төмөр замтай байсан бол шал ондоо. Дээр нь нөгөө 1072 хувьцаа байна. 1072 хувьцаа чинь үндсэндээ үхмэл хувьцаа шүү дээ. Хэнд ч хэзээ ч мөнгө олгогдож байгаагүй.

-Одоо олгож эхлэх гээд байгаа юм биш үү?

-Яриад л байна. Дээр нь коронавирус ороод ирчихлээ. Өгөх үү, өгөхгүй юу гэдэг хэцүү. 1072 хувьцааг амилуулах хэрэгтэй гэдгийг бид 2015 онд бодчихсон байсан. Амилуулахын тулд орд ашигласны төлбөр төл гэдэг саналыг төслийн компаниуддаа тавьсан. Одоо баяжуулсан нүүрс 170 доллар болчихсон тохиолдолд бидний авах орлого 5-6 хувь хүрчихсэн байх байлаа. 2015 онд хийсэн тооцоогоор нэг хүнд ноогдох ашгийг 100 доллар болгоё гэж ярьж байсан. Төсөл хэрэгжүүлж байгаа компаниасаа төлбөр аваад ноогдол ашгийг жил бүр өгдөг байя гэж. Хэрвээ төсөл хэрэгжсэн бол шүү дээ. Төсөл хэрэгжээгүйн алдаа юу байна гэвэл 1072 хувьцаа амилж чадаагүй, өнөөдрийг хүртэл ноогдол ашиг авах уу, үгүй юу гэж маргаад, төмөр замгүй учраас коронавирус биднийг гацаагаад сууж байна.

-Өнгөрсөн жил хувьцааны ноогдол ашигт 50 мянган төгрөг өгье гэсэн чинь төмөр зам барьчихсан шүү дээ?

-Яахаараа? Бас хаашаагаа?

-Яахав, ганцхан зах зээлтэй байхаар хоёр тийшээ гарцтай байя гээд л зүүн тийшээгээ төмөр зам барьж байгаа байх л даа?

-Биднийг төмөр зам барина, барихгүй гэж гацааж байх хооронд оросууд Хятад руу төмөр замаа нарийн царигаар бариад, нүүрсээ гаргадаг экспортоо нэмээд... Хэн хожиж байна, оросууд л хожиж байна. Өрсөлдөгчдөө зайгаа тавьж өгсөн энэ бодлого хэний бодлого вэ? Монголын бодлого мөн үү? Би бол эргэлзэж байна.

-Хятад руу төмөр зам тавьчихвал Хятадаас 100 хувь хамааралтай болчихно гэсэн бас нэг болгоомжлол яваад байдаг?

-Бид чинь хоёрхон хөрштэй. Тиймээс Хятадаас хийж байгаа хөрөнгө оруулалт манай эдийн засагт хэр их нөлөө авчирах вэ? гэдэг тооцоог хүртэл тэр үед хийсэн. Хэрвээ төсөл хэрэгжээд Хятадын талын хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд Хятадын хөрөнгө оруулалтын манайд үзүүлэх нөлөө ердөө 30 хувь л юм билээ. Яагаад гэвэл Оюутолгой гэдэг барууны том хөрөнгө оруулалт манайд ороод ирчихсэн. Хятадын хөрөнгө оруулалт 30 хувь юм байна. Оросын талаас Улаанбаатар төмөр зам гэх мэтийг оролцуулаад тооцоход 30 хувиас хэтрэхгүй байсан. Хэрвээ чи аль нэг орноос харааралтай болохоос айж байгаа бол өөр бусад орноос хамааралтай болох ёстой. Бидэнд өөр бусад арга зам байхгүй.

-Таныг буруутгаж байгаа үндэслэлд “Албан тушаалаа урвуулан ашиглаж, Шинхуа, Энержи Ресурс болон Сумитомо корпарацийн түншлэлд давуу байдал олгосон” гэсэн байна?

-Прокурор, АТГ-ынхны хийж байгаа дүгнэлт л энэ л дээ. Мөрдөгч нар нь эдийн засгийн ойлголтоор их маруухан шүү дээ, хөөрхий. Эхний хэдэн удаад би бас ойлгуулах гэж нэлээд хичээсэн. Бүр арга ядаад “Надаас байцаалт аваад яах юм. Нэгэнт л хэрэг бүрдүүлэх гэж байгаа бол Сумитомо, Шинхуа, Энержи Ресурс бүгдээс нь байцаалт аваач” гэхээр хийхгүй байгаа. Сүүлд тагнуулын төлөөлөгч нэг л удаа мэдүүлэг авсан. Нөгөө “хорлон сүйтгэх” гэдэг зүйл анги руу оруулахын тулд. Хэрвээ “хуйвалдаж хийсэн” гэж байгаа бол Элбэгдорж, Сайханбилэгээс ч мэдүүлэг авах хэрэгтэй биз дээ. Би бол ердөө Засгийн газрын өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажилласан хүн. Засгийн газар нь хэлэлцэж сайшаагаад УИХ-даа өргөн барьсан. Тэр нь одоо хэрэг болчихсон сууж байгаа хүн.

-Тэгвэл үүрэг даалгавар өгсөн, сайшаан дэмжсэн Засгийн газар ч бас буруутах ёстой биш үү?

-Тэгэлгүй яах юм. Өгсөн үүрэг даалгавар, гаргасан тогтоол шийдвэрийг нь мөрдөж ажиллачихаад би яахаараа бурууддаг юм.

-УИХ-ын дарга асан З.Энхболд өнөөдрийг хүртэл “Хятадын талд алдах гэж байсан стратегийн ордоо төрд 100 хувь авч үлдсэнээрээ монголчууддаа ноогдол ашиг хүртээх боломжтой боллоо” гэж яриад байгаа шүү дээ?

-Нэгдүгээрт энэ бол худлаа мэдээлэл. Хоёрдугаарт сүүлийн үеийн нөхцөл байдал, үйл явдлын өрнөлийг харах юм бол З.Энхболд өөрөө л “Страто” ч билүү компани байгуулаад, баяжуулах үйлдвэр бариулаад, Хятадаас мөнгө хөрөнгө оруулчихсан юм байна лээ шүү дээ. Тавантолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг зогсоосон шалтгаан нь хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн хэсэг хүмүүсийн л ажил байсан байна гэж миний нүдэнд харагдах болсон. Эдийн засагч Л.Наранбаатарын тагнуул, цагдаад өгч байгаа гомдлыг харах юм бол өмнө хийж байсан бүх мэдэгдлүүд нь бүгд өөрсдийнхөө хувийн эрх ашгийг гүйцээх гэсэн арга саам байжээ гэж надад харагдаж байгаа. Тийм учраас тагнуул, цагдаа, АТГ шалгасны дараа энэ асуудлыг ярих ёстой байх.

-“Страто” надтай огт холбоогүй, надад ямар нэг хувийн эрх ашиг байхгүй, нүүрсний нэг ч машин байхгүй гэж яриад байгаа?

-Өөрөө юу гэж хэлэх нь нэг хэрэг. Хууль хяналтын байгууллага шалгаад яаж тогтоох нь өөр хэрэг. Зүгээр нийгмийн сүлжээ, зарим нэг телевиз, сонингоор гарч байгааг нь харвал бараг баримтаар тогтоогдчихсон юм билээ шүү дээ. Албан ёсны дүгнэлтийг нь хуулийнхан хэлэх биз.

Нэг зүйлийг хэлэхэд би энэ төслийг төмөр замтай, баяжуулах үйлдвэртэй, орчин үеийн төсөл болгох гэж зүтгэснээрээ нүүрс зөөж, мөнгө хийдэг олон хүний хөл дээр гишгэчихсэн юм байна гэдгээ л ухаарч байна.

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг дотор Toyoto Lexus 570 автомашиныг 55 сая төгрөгөөр илүү үнэлэн худалдаж авч, улсад буюу яаманд 130 сая төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Та энэ машиныг хувьдаа авчихсан юм уу?

-(Инээгээд) Мэдээж хувьдаа машин авсан асуудал байхгүй. 2013 онд “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид Lexsus 570 маркийн машин авсан. Зөвхөн Улаанбаатарт ажил явахгүй, газар дээр нь очиж үзэх шаардлага гарна. Хөрөнгө оруулагч нартай үйлчилж байх хөдөө явдаг машин хэрэгтэй байсан. ЭХЯ-наас төсөв төлөвлөж өгсөн. Тухайн үед Lexus 570 машин 160 сая төгрөгт багтах юм байна, энэ мөнгөнд багтаагаад ав гэсэн. Авсан үнэ нь 130 сая, харин ч 30 сая төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн үг. Гэтэл АТГ 2013 онд авсан машины үнийг 2019 оны үнээр үнэлчихэж байгаа юм. Явсан гүйлт, үйлдвэрлэсэн оныг нь бодсон ч гэсэн үнэ нь унана биз дээ. Бас л зохиомол хэрэг.

Хуулийнхан өөрсдөө надад хэлж өгсөн л дөө. Үндсэн хэрэг нь Тавантолгой. “Наалтуур хэрэг” гэж бас зохиодог юм гэнэ. Нөгөө “хонгил” гэдэг юмаа ажиллуулахын тулд. Тэгээд наалтуур хэрэг нь наад машины чинь хэрэг болж байна л даа. Аль аль нь нотлогдохгүй. Энэ бол хуулийнхны хувьд маш буруу практик.

-Хонгил гэж үнэхээр байдаг гэсэн үг үү?

-Би уг нь “хонгил” үүсгэсэн, барьсан гэдэг энэ ярианд их дургүй байсан юм. Хууль хяналтынхан ажлаа хийж байхад нь буруутгаад дэмий шүү дээ л гэж боддог байсан. Тэгсэн чинь хонгил үүсгэдэг бас аргатай юм байна. Сая С.Баяр Ерөнхий сайдын Ерөнхий прокурорт бичсэн захидлыг үзлээ. Тэнд бичсэн зүйл над дээр  ч бас болсон. Прокурор бол босоо удирдлагатай байгууллага. Дээд шатны прокурор нь доошоогоо хяналт, шалтгалт тавьдаг. Гэтэл миний асуудал Нийслэлийн прокуророос дээшээ ерөөсөө явахгүй байгаа. Ерөнхий прокурорт гомдол тавихаар “Над дээр ирээгүй. Нэгэнт шүүх рүү явчихсан учраас би хяналт тавих боломжгүй” гэдэг. С.Баярыг ч тэгсэн, намайг ч тэгсэн.

-Хонгил эндээс үүсч байна гэж үү?

-Тийм. Үүнийг С.Баяр хэлсэн, би ч бас хэлж байна.

-Шүүх яаж шийдэх бол? Шударгаар шийдэж чадах болов уу гэсэн эргэлзээ байна уу?

-Мэдээж байгаа. Миний хэрэг дээр Оюунчимэг, Болдбаатар, Мөнх-Эрдэнэ гэж гурван шүүгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр хэргийг шийдэх гээд хэрэгтэй танилцаад сууж байгаа. Сүүлд авсан нэг мэдээллээр шүүх хурал даргалахаар томилогдсон Оюунчимэг шүүгч миний хэргийг хэлэлцэхээс татгалзсан байна лээ.

-Яагаад?

-Татгалзсан шалтгаанаа тов тодорхой хэлсэн байна лээ. Миний төрсөн дүү М.Энхсайхан гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан. Тэр үеэс би энэ хүнийг мэднэ. Мэдэхээр барахгүй би уг хүнийг хүндэтгэж явдаг. Ийм учраас шүүх ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлээд татгалзсан. Татгалзсан саналыг нь аваад энэ шүүгчийг шүүх бүрэлдэхүүнээс хассан байна лээ. Шүүх дотор ч бас шударга хүмүүс байдаг юм байна. Хэн нэгний заавар, даалгавраар ажиллахгүй гээд өөрийгөө хэргээс зайлуулж байгаа юм боловуу гэж бодож байна. Сайн талаас нь харахад шүү дээ. Муу талаас нь харвал “хонгил” үүсэх гээд байна уу, яах гээд байна. Гэхдээ би үүнд санаа зовохгүй байна. Бүхий л юмаа ил тавьж байгаад явна гэж бодож байгаа.

-Таны учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцоолж гаргасан юм уу?

-Тийм юм байхгүй. Зүгээр л сайхан улс төр хийгээд явж байгаа. АТГ өөрөө эксперт томилсон, тэр нь мега төслийн ямар ч ойлголт байхгүй. Та нар өөрсдөө хийж чадахгүй байгаа бол ОУВС-нд хандаад эксперт ав, эсвэл мэргэжлийн компаниудад ханд гэдэг хүсэлтийг би тавьсан. Миний хүсэлтийг авч үзээгүй. Ядаж “Эксперт авья, мөнгө төгрөг гаргаж өгнө” үү гээд Засгийн газартаа хүсэлт гаргаач. Засгийн газар чинь гаргаж өгөхгүй гэвэл би дуугүй сууя гэж хүртэл хэлсэн. Гэтэл тийм үйлдэл ч хийгээгүй.

Ер нь бол УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан хүмүүсийг АТГ-аас эксперт томилоод тэдний дүгнэлтээр буруутгаад, прокурор нь “хорлон сүйтгэсэн байна” гээд яллах дүгнэлт бичиж байгаа бол хууль ёсыг уландаа гишгэж байгаа, ертөнцийг ёс жаягийг ойлгоогүй, өнөөдөр биднийг элдэвлэж байгаа ч хожмоо өөрсдөө хариуцлага үүрэх гэмт хэрэг юм шүү дээ, уг нь бол.

-Ярилцсанд баярлалаа.       

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.143.124)
    Энэ хүнийг хэн нэгэнтэй холбогдуулж хэлмэгдүүлж болохгүй л дээ...энэ үе чинь 37 он биш шүү дээ..үнэхээр Ардчилал гэж юм нь байгаа юм бол...чадалтай эдийн засагч.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 5 цаг 38 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 5 цаг 43 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 7 цаг 26 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 7 цаг 40 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 8 цаг 45 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 9 цаг 32 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 9 цаг 50 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 11 цаг 55 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 13 цаг 39 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 14 цаг 6 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 16 цаг 48 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 16 цаг 59 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 17 цаг 15 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 17 цаг 27 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 17 цаг 33 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 17 цаг 39 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 17 цаг 43 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top