Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн залуучуудын байгууллагууд, иргэдийн төлөөлөл Дарханы замын нөхцөл байдлын талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд "2019 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Дарханы зам дээр очоод тууз хайчлаад, замын ажил албан ёсоор эхэлж байгааг зарлаад явсан. Наймдугаар сард замын ажил эхэлсэн. Ийм байхад салбарын сайд нь удаа дараа энэ замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж хэмээн мэдэгдэж байгаад орон нутгийн иргэд итгэхгүй байна" гэв.
Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд:
-Анх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр эгнээ зам тавина гэж ярьж байснаа Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас бас санхүүжилт авч дөрвөн эгнээ зам тавина гэж мэдээлсэн. Замын ажил наймдугаар сарын дундаас эхэлсэн. Энэ ажилд хэн хяналт тавьж байна вэ, санхүүжилт нь яг шийдэгдсэн юм уу гэдэг нь эргэлзээтэй байсаар байгаа. Замын зарим хэсгийг өнөөдрийг хүртэл хуулаагүй байна. Байнга зорчиж байгаа бидний хувьд энэ зам арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орох боломжгүй гэж харж байна гэлээ.
Мөн түр замын нөхцөл хүнд, арчилгаа байхгүй, тоосжилт ихтэйгээс үүдэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгааг мөн хэлж байв.
Орхон аймгийн иргэн, Монгол Улсын зөвлөх инженер Д.Энхзориг:
-Би 2003 оноос хойш автозамын салбарт ажиллаж байна. ЭМЯ, ЗТХЯ, ХЗДХЯ гэсэн гурван яам хамтран "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном"-ыг гаргасан байна. Номын 13 дугаар хуудаст замын ослын шалтгаан нөхцлийн талаар бичсэн байх бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутайгаас, 2.1 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.2 хувь нь замын нөхцөл байдлаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн байна. Үүнийгээ сурталчилж, хотоос орон нутаг руу гарсан зам бүр дээр "зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутайгаас үүдэлтэй" гэсэн самбар байршуулсан.
Номын яг тэр хуудаст мөн гадаад орнуудын жишээг дурдсан байгаа юм. Европын холбооны улсад замын нөхцөл байдлаас шалтгаалсан осол 22-28 хувь байдаг гэсэн байна. Харин Монгол Улсад зам тээврийн салбар Европоос илүү хөгжсөн болохоороо замын нөхцөл байдлаас үүдэлтэй осол 0.2 хувь гэж дүгнэж байгаа юм уу.
Гадаад орнуудад төрийн хариуцаж байгаа хоёр үндсэн асуудал буюу замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас зам тээврийн ослын 40 орчим хувь хамаардаг гэж үздэг. Гэтэл манайхан замаа ямар ч асуудалгүй гэж үзээд, тээврийн хэрэгслийн оношилгоо хийгээд бүтэн жилээр явах эрх өгдөг учраас бүх бурууг ард түмэнд нялзааж байгааг залуучууд бид хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Мөн замын байгууламжийг барьж байгуулахын өмнө түр зам тавих ёстой. Гэтэл ямар ч төлөвлөлтгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, стандарт хангаагүй түр замыг тавих ажил одоог хүртэл дуусаагүй, иргэд ихэвчлэн хөдөө замаар зорчиж байгааг хэллээ.
Тиймээс эдгээр асуудлыг нэгтгэн төр засагт хүргэхээр Дарханы зам засвар иргэдийн хяналт фэйсбүүк группийг нээжээ. Уг группт иргэн та тухайн замын нөхцөл байдлын талаар мэдээлэл гэрэл зураг илгээмэгц тэдгээрийг багцлан аравдугаар сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна.



