Баянзүрх дүүргийн Монелийн гудамжны авто замд их засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. Замын 1 км хэсэгт хүйтнээр зорох болон асфальт бетоноор хучих ажил хийгдэх тул 7-р сарын 24-ний оройн 23:00 цагаас эхлэн Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах юм байна.
Засварын ажил гурван өдөр үргэлжлэх бөгөөд 7-р сарын 27-ны өглөөний 06:00 цагт замын хөдөлгөөнийг буцаан нээх хуваарьтай байна. Иймд замын хөдөлгөөний хязгаарлалтын хугацаанд иргэд, жолооч нарыг бусад туслах болон дайран өнгөрөх замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас санууллаа.
Нийслэлийн Замын сангийн 6.3 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр хийгдэж буй уг засвар, шинэчлэлтийн төсөл нь 2026-2028 оны хооронд бүрэн хэрэгжиж дуусах аж. Замын сангийн хөрөнгө оруулалт нь авто тээврийн хэрэгслийн албан татвар, замаар зорчсоны төлбөр болон зам барилгын аюулгүй байдал, дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрдэж байна.



