/new-science.ru/ Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн томоохон төслийг АНУ-д хэрэгжүүлэхээр OpenAI компани төлөвлөж байна.
Тус компани Жоржиа муж улсын далайн эрэгт өгөгдөл боловсруулах төвүүдийн асар том нэгдсэн кампусыг 30 тэрбум доллароор байгуулж, 3.2 ГВт-ын тооцоолон бодох хүчин чадлыг ирэх 10 жилийн хугацаанд бий болгох төлөвлөгөө боловсруулжээ. Хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулахад шаардлагатай тооцоолон бодох эх үүсвэрийн эрэлт огцом өсөж буй энэ үед ChatGPT-ийг бий болгосон тус компани өргөтгөлийн ээлжит том төслөө хэрэгжүүлэх гэж байна.
OpenAI-гийн Ерөнхий захирал Сэм Альтман ирэх долоо хоногт Вашингтонд очиж, шинэ үеийн хиймэл оюуны загваруудын талаар Д.Трампын засгийн газрын болон Конгрессын гишүүдэд зориулан танилцуулга хийх ажээ.
Тус компани Саванна хотоос холгүй орших Эффингем дүүрэгт байгуулахаар төлөвлөж буй цогцолбортоо зориулан Georgia Power компаниас 3.2 ГВт цахилгаан эрчим хүч худалдаж авахаар төлөвлөж байна. Энэ бол Америкийн 2.4 сая айл өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний эрчим хүч юм. Эхний шатанд хэдэн зуун мегаватт эрчим хүчийг 2028 онд нийлүүлэх ба цогцолборыг 2032 оноос өмнө барьж дуусгахаар төлөвлөжээ.
OpenAI-гийн тооцоолон бодох хүчин чадлын стратегийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Сачина Катти-гийн ярьснаар, цогцолборыг байгуулах зардал 30 тэрбум доллароос давах бололтой. Тус компаниас төслийг хэрэгжүүлэхэд 20 тэрбум долларыг хэдийн төсөвлөсөн бол үлдсэн 10 тэрбумыг нь санхүүжүүлэх түншүүдийг хайж байна.
Жоржиад байгуулах гэж буй кампус нь өөрийн гэсэн дэд бүтцийг болгоход чиглэсэн OpenAI-гийн бодлогод гарч буй өөрчлөлтийг илтгэж байгаа юм. Өмнө нь тус компани Oracle ба SoftBank-тай хамтран дэд бүтцээ байгуулж байсан бол одоо шинэ объектуудын төлөвлөлт, зураглалыг хийхэд гол үүргийг гүйцэтгэж байна. Үүний зэрэгцээ Их Британи, Норвегт хэрэгжүүлэх гэж байсан зарим төслөө зогсоож, Техас дахь Stargate цогцолбороо өргөтгөх төлөвлөгөөгөө цуцалжээ. Ингэснээр илүү том төслүүд дээр хүч нөөцөө төвлөрүүлэх юм.
Сүүлийн үед "хэтэрхий их ус цахилгаан хэрэглэдэг, орон нутгийн дэд бүтцэд хэт ачаалал өгдөг" гэх мэтээр хиймэл оюуны өгөгдөл боловсруулах төвүүдийг шүүмжлэх болжээ. Харин OpenAI компани цахилгаан шугам сүлжээг шинэчлэх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн эрчим хүчний системийн оргил ачааллын үед цахилгааны хэрэглээг багасгаж, усны хэрэглээг хязгаарлахын тулд хөргөлтийн битүү системийг ашиглана.
Үүний зэрэгцээ орон нутгийн төсөвт олон зуун сая долларын татвар төлөхөөс гадна олон нийтийн сан байгуулж, компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд нь зориулж муж улсын оюутнуудад зээл олгох ажээ.
Дэд бүтцээ өргөжүүлэхийн сацуу OpenAI компани Presence гэдэг шинэ платформоо танилцууллаа. Энэхүү платформ нь хиймэл оюуны загваруудыг компанийн дотоодын өгөгдлүүд, программ хангамж, ажлын процессуудтай холбох юм. Ингэснээр хэрэглэгчдийг дэмжих, борлуулалт, мэдээллийн технологийн салбарт хүний оролцоог хамгийн бага түвшинд хүртэл бууруулж чадах хиймэл оюуны агентуудыг ажиллуулах болно.



