“Туул-1” коллекторын 3, 4 хэсгийн трасстай давхацсан бусад инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлэх, хамгаалах ажилтай холбоотой тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа.
Улаанбаатар хотын бохир усны гол цуглуулах Ф1200мм, Ф1400 мм-ийн коллекторуудын тооцоот хүчин чадал ачааллаас хэтэрч өдрийн оргил ачааллын үед шугамуудын дүүргэлт 100 хувьд хүрчээ. Гэр хорооллыг барилгажуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхийн тулд “Туул-1” коллекторыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага тулгараад буй.
Тиймээс “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч ажиллахыг Зөвлөлийн хуралдаанаас Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад даалгав.



