УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Хаврын чуулганы хугацаанд парламент хэр ажилласан гэж та харж байгаа вэ?
-Нэлээд ачаалалтай ажиллаа. Шинэ парламент нэгдүгээрт олуулаа болсон. Хоёрдугаарт, нэг хуулийг батлахын тулд салбараа мэддэг хүмүүс олон байгаа учраас нэлээн нухацтай хандаж байгаа тал бий. Тийм учраас зарим хууль хойшилж байгаа асуудал байна. Мөн Гэр бүлийн тухай, Донорын тухай гээд нэлээд том суурь хуулиуд орж ирсэн. Хуучин хуулиудыг засаж янзлах зүйл байгаад байна. Нэг сарын хугацаанд 200 хууль хүртэл баталж байсан зүйл байгаа шүү дээ. Мэдээж хаврын чуулганы төгсгөлд ачаалалтай байлаа.
-Татварын багц хуулийг энэ чуулганаар баталлаа. Гол өөрчлөлт юу байна вэ?
-Бараг дөрөв орчим их наяд төгрөгийн татварыг аж ахуйн нэгж, ард иргэдэд үлдээх хуулийг баталсан. Гэхдээ татварын хөнгөлөлтүүдийн хэрэгжих хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын нэгэн, 2028 оны нэгдүгээр сарын 1 гээд үе шаттайгаар хэрэгжээд явна. Тухайлбал, гурван сая төгрөгийн цалинтай хүн хоёр саяасаа л татвар төлөхөөр болж байгаа. Нөгөө талаар зарим нэг асуудал дутуу үлдсэн. Тийм ч болохоор миний бие түүнийг нь санаачилна гэж бодож байна.
-Яг ямар зүйлс үлдчихсэн хэрэг вэ?
-Орон сууцны буцаалт, татварын хөнгөлөлт, хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг зэргийг нэмэх хэрэгтэй байна. Ямар ч байсан энэ удаад суурь хөнгөлөлтүүдийг дэмжээд батлаад өгсөн. Миний хувьд ямар ч байсан багш, эмч нарынхаа цалингийн асуудлыг нэг тийш нь шийдүүлсэн. Магадгүй түүхэндээ багш, эмч нарын цалинг жилийн дотор 70-90 хувь нэмж байсан тохиолдол байхгүй. Энэ бол боловсрол, эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том шийдвэр. Миний хувьд үүн дээр лобби бүлэг байгуулж, манлайлж ажилласан. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ асуудлыг дэмжиж өгсөн гишүүддээ баярлалаа гэж хэлье. Мөн дээрээс нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд том хууль бий. Үүгээр нэлээд реформын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа.
Ер нь бид цаашдаа жилд хоёр салбарыг өөд нь татаад байх хэрэгтэй. Одоо эрчим хүчний салбарын асуудал босож ирж байна. Анхаарал татахаас өөр аргагүй салбар. Хэдийгээр салбарын дундаж цалин нь гурван сая төгрөг байгаа ч цалингийн өрсөлдөх чадвараараа эрчим хүчний салбар нэн хүнд байгаа. Нийт ажиллагсдын дийлэнх нь хүнд нөхцөлд ажилладаг. Цалингийн асуудал байгаа учраас мэргэжилтэй боловсон хүчнүүд маань гадагшаа яваад эргээд энэ салбар хүний нөөцийн дутагдал орж байна. Мянган шинэ станц бариад түүнд ажиллах хүчээ нэгэнт алдчихвал том аюултай. Боловсролын салбар хүний нөөцөө бараг алдах шахаад буцааж нэг тогтоож авлаа.
Эрүүл мэнд ч гэсэн хүлээлттэй байна. Сувилагчаа бид чинь үндсэндээ алдчихсан. Тэгэхээр эрчим хүчний салбарын боловсон хүчнээ тогтоож авч үлдэнэ гэдэг чинь 20, 30 жилийн хугацаа шаардана. Намайг III станц дээр очиход мэргэжлийн олон ажилчин ажлаасаа гарсан гэдгийг хэлж байсан. Одоогоос 10 жилийн өмнө эрчим хүчний салбарын цалингийн өрсөлдөх чадвар өндөр байсан. Харамсалтай нь одоо ажилтнуудаа уул уурхай, барилгын салбарт алдаад эхэлсэн. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулах ёстой гэж үзэж байгаа. Тэгж ч хичээж ажиллаж байна.
-Татварын багц хуульд өөрчлөлт оруулж татварын хөнгөлөлтүүд бий болгосон ч нөгөө талдаа автомашины татвар нэмэгдсэн. Дулаан зогсоолоос үл хөдлөхийн татвар авдаг болчихлоо гэдэг шүүмжлэл байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Уг нь тэр үл хөдлөхийн зүйлийг анх удаа, хоёр дахь удаагаа авч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой л гэж хардаг. Түүнээс биш нийтээрээ байраа зараад байдаг зүйл байхгүй. Яг ухаалаг зарчмаар аваад үзэхэд бид цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц гаргалгааг гаргаж өгөөд байна. Тийм лобби нь ч сайн явж байгаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулиар найм, есөн сая төгрөгийн цалин өгдөг ажил олгогчийн төлдөг шимтгэлийг бууруулъя гээд зарим гишүүд оруулаад ирж байна. Би үүнийг шууд ашиг сонирхол гэж хэлнэ. Уг нь жирийн бага, дунд орлоготой иргэд рүүгээ л анхаарал хандуулах ёстой. Гэтэл өөрийнхөө компанийн татварыг бууруулахын тулд өөрөө хууль санаачилж оруулж ирээд байж болохгүй. Энэ бол арай дэндэж байгаа.
Тийм ч учраас УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц гишүүн бид дөрөв УИХ-ын гишүүн өөрийн хамаарал бүхий зүйлтэй холбоотой хуулийн төслийг санаачилж болохгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн нийгмийн даатгалын хөнгөлөлт гэдэг бол зөв. Би үүнийг дэмжсэн. Зарим гишүүд маань гэвч дэмжихгүй байна лээ. Томуудаа л дэмжье гээд байгаа юм. Намайг зарим нь бизнесийг дэмждэггүй гэж хараад байх шиг байгаа юм. Үгүй, яг шударгаар яваа, ажилтнуудаа дэмждэг бизнесийг бол дэмждэг. Яагаад ажилтнуудаа байр өгсөн компанийн татвар ногдох орлогоос нь хасаж болохгүй юм.
Өдрийн сонин



