2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ.
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймгийн "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй өнөөдөр танилцаж байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот болон 21 аймаг 330 сумыг зэрэг цахилгаан, дулааны станцад холбоход цаг хугацаа болоод санхүүгийн боломж байхгүй учраас хагас коксон шахмал түлшний үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүний хэрэгцээтэй байна. Энэ сард “Жайка” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийвчилсан дүн шинжилгээг хийнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн тухайд, бид Тендерийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэл, технологийн парктай 10 дугаар сарын 1-нээс үйлдвэрлэл эхэлсэн байна гэсэн хатуу нөхцөлтэйгөөр урьдчилсан худалдан авах гэрээ байгуулах боломжтой. Энэ хүрээнд “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парктай танилцаж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран Багануурын нүүрсний уурхайг түшиглэн баталсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүгийн зах зээл дээрээс мөнгөө босгон үйлдвэр барих боломжтой. Хотын нүүрсний хэрэглээ жилээс жилд буурах учир нүүрс пиролизын үйлдвэрт хөрөнгө оруулахаас илүүтэй бүтээн байгуулалт нь үйлдвэр технологийн парктай гэрээлбэл цаг хугацаа хэмнэнэ гэж тооцоолсон. Хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэвэл импортоор авахаас нэг дахин хямдхан тусна” гэв.
Нийслэл хот Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна.






