ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.
Тус хүрээлэнгийн "Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ.
МУИС-ийн Төв байранд өчигдөр болсон "Хүндэт доктор" цол олгох ёслол ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон юм.
Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина 1977-1990 онд ЗХУ-ын Радио-телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч, 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд профессор, 2017 оноос Эдийн засгийн ахисан түвшний сургуульд профессороор тус тус ажиллаж байна.
Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина нь 1997 онд “Москва 850” ойн медаль, Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал, 2008 онд “Монгол судлалын шилдэг эрдэмтэн”, 2014 онд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одон, 2014 онд Монгол Улсын “Найрамдал” медалиар шагнагджээ. Түүний монгол судлалын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол олгожээ.
Тэр бээр академич Ц.Дамдинсүрэнгийн эрдмийн өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааг эрчимтэй өрнүүлж, “Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 9 боть, “Монгол Алтангэрэл судар”, “Молон тойны судар”, “Түүхийн бичмэл эх”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төвд ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол төвд судрын цуглуулгын тухай”, “Ц.Дамдинсүрэнгийн өдрийн тэмдэглэл” зэрэг бүтээлийг эрхлэн хэвлүүлжээ.