“ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман гишүүн улс олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Есдүгээр сарын 7-нд болсон цахим хуралдааны үеэр Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир, Оман улсын сайд нар 10 дугаар сараас эхлэн олборлолтыг өдөрт 137 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон талаар хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. "Зах зээлийн эерэг суурь үзүүлэлтүүд" болон "дэлхийн эдийн засгийн тогтвортой төлөв"-тэй холбоотойгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдэгдэхдээ, ОХУ “нөхөн төлбөрийн хувьд ч, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхийн хувьд ч” ОПЕК+-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа гэжээ. Түүний хэлснээр, ингэснээр Оросын газрын тосны салбар болон эдийн засагт бүхэлдээ “эергээр нөлөөлж байгаа аж”. “Иймд цаашид дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах шаардлагад үндэслэн ийм шийдвэрүүдийг гаргана” гэж тэрбээр “Россия 24” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.
Одоогийн байдлаар газрын тосны үнэ нэг торх нь 65-70 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ онд 12 хувиар буурсан байна. "ОПЕК+"-ийн энэхүү шийдвэр нь нефтийн үнийг баррель тутамд 60 ам.доллароос доошлоход хүргэнэ гэж Норвегийн дүн шинжилгээний "Rystad Energy" төвийн Хорхе Леон шинжээч дүгнэжээ.
Наймдугаар сарын эхээр ОПЕК+-ийн гишүүн найман орон есдүгээр сард газрын тосны олборлолтоо өдөрт 547 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Мөн эдгээр улс 2024 оны нэгдүгээр сараас эхлэн илүүдэл үйлдвэрлэлээ бүрэн нөхөх зорилготой байгаагаа баталсан байна.
Эдгээр найман орон дөрөвдүгээр сард олборлолтоо бага зэрэг буюу өдөрт 138 мянган баррелиар нэмэгдүүлснийхээ дараа тав, зургаа, долоодугаар саруудад өдөрт 411 мянган баррелиар, наймдугаар сард өдөрт 548 мянган баррелиар, есдүгээр сард 547 мянган баррелиар тус тус өсгөжээ.