Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд Жидда хотноо чуулж, Израильд хандан дайнаа зогсоож, Газын зурвасын бүслэлтийг цуцлахыг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд Палестины эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд Израильд зэвсэг нийлүүлэхгүй байх, түүнчлэн олон улсын түвшинд хориг арга хэмжээ авахыг уриалжээ.
Энэ шийдвэр НҮБ-ын өмнөхөн гаргасан анхааруулгын дараа гарч байгаа юм. НҮБ-ын мэдээлснээр Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, бараг хагас сая хүн өлсгөлөн, ядуурлын хүнд нөхцөлд оржээ. Харин Израилийн Гадаад хэргийн яам уг мэдээллийг няцааж, түүнийг “ХАМАС-ын худал мэдээ” дээр тулгуурласан хэмээн мэдэгдсэн байна. Тэд мөн сөргөлдөөн эхэлснээс хойш 100 мянган ачааны машиныг хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр Газад оруулсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters, Gazeta.ru