“Кажики” хар салхи хүчээ авч, Вьетнамын төв нутгийн эрэгт дөхөж ирж байна. Одоогоор салхины хурд 166 км/цагт хүрээд байгаа бөгөөд цаг уурчдын таамаглаж буйгаар даваа гарагийн өглөө эрэгт ойртох үедээ улам хүчтэй болох төлөвтэй байна.
Эрх баригчид Тханьхоа, Куангчи, Хуэ, Дананг мужийн оршин суугчдад гэр орноо орхин нүүхийг зөвлөсөн бөгөөд завинуудыг эрэг дээр гаргах, нислэгүүдийг түр цуцлах шийдвэр гаргасан байна. Vietnam Airlines компани ням, даваа гарагт 22 нислэгийг зогсоосон бөгөөд зам тээврийн хөдөлгөөнд ч хязгаарлалт хийжээ.
Шуурга одоо Хятадын Хайнань арлыг дайран өнгөрч байгаа бөгөөд зарим газарт 320 мм хүртэл хур тунадас орохоор байгаа аж. Вьетнамд хар салхи нэвтрэхдээ хурд нь 200 км/цаг хүрч, 300-400 мм бороо орох төлөвтэй гэж BBC Weather мэдээллээ. Эрх баригчид иргэдэд ням гаргийн 14:00 цагаас хойш гадаа гарахгүй байхыг сануулж, аврах ажиллагаанд оролцуулахаар цэргүүдийг илгээсэн байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард болсон “Яги” хар салхины үеэр зөвхөн Вьетнамд 300 хүн амиа алдсан эмгэнэлт үйл явдал болсон тул энэ удаагийн шуургыг түүнтэй адил хэмжээний сүйрэл дагуулах эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: BBC