Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа.
-Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Хүлээх юмгүй, маш сул Засгийн газар байгуулагдлаа гэж дүгнэж байна. Тулгамдсан асуудлуудын ард гаръя, шинэчлэл хийе, эдийн засгийг сэргээе гэсэн амбиц энэ Засгийн газарт байхгүй. Улс орон, ард иргэдийн төлөөх бодлогын Засгийн газар биш, энэ бол МАН-ын тодорхой нэг бүлэглэлд зориулагдсан Засгийн газар. Ингэж хэлэхэд шалтгаан хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн энэ их бужигнаан дунд юу болоод өнгөрөв гэдэгт эхлээд дүгнэлт хийцгээе. Нэн тэргүүнд МАН-ын шат шатны дарга нарын хэрээс хэтэрсэн тансаглалд сөрөг хүчний гишүүд, иргэд эхний том цохилтыг өглөө. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн хэрээс хэтэрсэн тансаглалд шахалт шаардлага өгч огцрууллаа шүү дээ. Мөн АН-ын гишүүн Хяналтын менежерүүд төрд очоод тэднийг хэрхэн хянаж шалган уурыг нь хүргэв…
Ингээд МАН, Ардчилсан намаас айгаад тавхайгаа гялалзуулаад зугтчихлаа. МАН-ын дарга нарын тансаглалыг шүүмжилсэн иргэдийн ундууцал өндрийг авсан. Тиймээс л МАН дунд шатны дарга нарынхаа хүсэлтийн дагуу АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах бага хурлын шийдвэр гаргасан. Бодит шалтгаан нь АН-аас томилогдсон сайд нар МАН-ын дунд шатны дарга нарын булхай луйврыг шалгалтаар илрүүлж мэдээлсэн. Зах зухаас нь дурдвал, МАН-ын орон нутгийн тод лидер гэгддэг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хууль зөрчиж 65 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийснийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлсэн
Түүнчлэн өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүн аймгийн Засаг дарга байхдаа 100 метр худгийг нэг тэрбум төгрөгөөр ухуулсныг мөн л илчилсэн. Тухайн үеийн өртгөөр тэрхүү ажлын хөлс хамгийн ихдээ 100 сая төгрөг болох юм билээ. Энэ мэтээр МАН-ын авлигажсан мафийн зэс нь цухуйж эхэлмэгц яаран сандран Ардчилсан намыг Засгаас гаргах шийдвэрийг танилцуулсан.
Өнөөдөр бол МАН дунд шатны дарга нарынхаа хулгай луйврыг хамгаалах үүрэг бүхий Засгийн газар байгуулагдлаа гэж харж байна. Хоёрдугаарт, улс орны эрх ашигт нийцсэн төсөл хөтөлбөр, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс илүү МАН-ын авлигажсан мафийн эрх ашгийг хамгаалах нь энэ Засгийн газрын нэн тэргүүний үүрэг нь болоод явчих шиг байна.
-Улс төрд өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор нийгмийн тодорхой хэсэг танай намыг Хамтарсан Засгийн газарт анхнаасаа орох ёсгүй байсан гэх байр суурь гарсан л даа…?
-Нэгдүгээрт, Хамтарсан Засгийн газарт орох нь манай намын олонхын шийдвэр буюу ҮБХ-ны шийдвэр байсан. Ер нь МАН-ын улстөрчдийн кампанит ажлаар бол АН лааз өшиглөхөөс цаашгүй нам мэт тархи угаалтыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй хийсэн. Дотоодод хагалган бутаргах ажлыг ч гардан зохион байгуулсан. Намын тод дүр, лидер болгоныг гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийн үе шиг шорон руу ачсан. Олон нийтийн сүлжээгээр толгой дараалан гутаах пиар, тархи угаалтыг хийсэн. Манай намыг муухай харагдуулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Ардчилсан намыг үүсгэн байгуулалцсан хүнд хэрэг үүсгэж эх орондоо ирж чадахгүй нөхцөлийг бүрдүүллээ.
Ардчилсан намыг хүчгүйдүүлэх, муухай харагдуулахын тулд Ц.Элбэгдорж гэж хувь хүний амьдралыг золиосолж болохгүй. Төрийн тэргүүн байсан хүнд хэрэг үүсгэж эх орондоо ирвэл баривчилна шүү гэж айлган сүрдүүлэх нь нэг талаас Үндэсний аюулгүй байдалд халтай. Тиймээс энэ асуудлыг үе үеийн Ерөнхийлөгч нар явуулж байгаа үйл ажиллагаа, цаашид явуулах бодлогодоо анхаарах ёстой. Ерөнхийлөгч байсан хүнд ямар нэгэн байдлаар өс зангидах нь хоёр хүн хоорондын асуудал биш, Монголын эрх ашигт хортой. Аль нэг намыг ялуулахаас ч илүү хортой зүйл гэдгийг анхаарах ёстой. Цаашид Монгол Улсын төрийн тэргүүн болох хүмүүс өмнөх төрийн тэргүүнүүдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Ийм жудаг, этиктэй байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Ардчилсан намын потенциал, бодит нөөц, чадамж Засагт хамтарсан аравхан сарын хугацаанд ялгарч харагдлаа шүү дээ. Ардчилсан нам бол бодлогын институт. Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилладаг улс төрийн хүчин. Хамтарсан Засгийн газарт орж ажилласан аравхан сарын хугацаанд Ардчилсан нам ачааны хүндийг үүрч, улс орондоо үр ашигтай өөрчлөлтүүдийг хийсэн. Олон жил гацсан мега төслүүдийг хөдөлгөсөн. Мөрөөдөл шахуу болчихсон байсан хил холболтыг хийлээ. Ярихаас цаашгүй эрчим хүчний хараат байдлаас гарах зоригтой алхмуудыг хийе гээд УИХ дахь АН-ын гишүүдээс эхлээд дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ үе шаттай ажилласан. Манай намын сайд нарт зориг дутаагүй. Сэтгэл дутаагүй. Итгэл ч дутаагүй. МАН мафийн бүлэглэлтэй нэгдэхгүй байх этикээсээ ч гуйваагүй.
Засагт хамтрахдаа бүгдээрээ авлигатай тэмцье гэсэн. Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа ерөөсөө л авлига. Монгол Улс хэдийгээр мөнгө олж байгаа ч авлигаас болж л хөгжихгүй байгааг тодорхой томьёолж, гарц шийдлийг оновчтой болгоод ажилласан. Энэ ч үүднээс авлигын эсрэг ахиц гаргадаггүй ХЗДХЯ, Хяналт, үнэлгээний Үндэсний хороог Ардчилсан нам хариуцсан. Ингээд Монгол Улсад бугшсан авлигын эсрэг тэмцэж эхэлсэн. Шалгалтын үр дүн, эхэнд хэлсэнчлэн тун сайн гарч байхад МАН хүчээр зогсоолоо. Авлигатай тэмцвэл манай нам нураад уначих юм байна гэж МАН-ынхан үзсэн. МАН-ын мафийн бүлгүүдийн үнэн нүүр царай тодрох гээд байсан учраас Бага хурлаараа шийдвэр гаргасан. МАН-ын Бага хурлын шийдвэр нь өнөөдрийн Засгийн газар шүү дээ.
-Шинэ Засгийн газарт зарим сайд нарыг улираан томилж байгаа нь ямар учиртай гэж та харж байна вэ?
-Сая хэллээ шүү дээ. Улс орон, ард иргэдийн төлөөх бодлогын Засгийн газар биш, бүлэглэлүүддээ зориулагдсан Засгийн газар гэж. МАН-ын Их, Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэдэн хоног хэлэлцэв. Монголын улс төрийн ууган хүчин лидерийн хямралд оров уу. Мафийнхаа эрх ашгийг хамгаалах чих зөөлөн хүн хэрэгтэй байв уу. Засгийн газар анх байгуулагдсан тохироо нь юу байв гэдгийг эхлээд бодох ёстой.
Хоёрдугаарт, сайд нар буюу тухайн салбарыг зангидаж чадах шалгарсан менежер хэн бэ гэдгийг тэд түр ч атугай тогтож бодов уу. Эсвэл сайдын марафонд гүйгчдийн эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх зарчим барив уу. Бод л доо. Хэн хэн сайд болохтой зэрэгцээд “Энэ нэр дэвшигч нь ийм эрх ашгийн зөрчилтэй байна” гээд л нийгэм шуугьсан. Одоо ч хэвээрээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх ашгийн зөрчлийнх нь талаарх мэдээллүүд шинэ, хуучин сайд гэхгүй хөвөрсөөр л байна шүү дээ.
Хамгийн наанадаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. ДЦС-III-ын асуудал үүсэхэд хариуцлага хүлээнэ гэж улиран томилогдохоосоо хэдхэн өдрийн өмнө мэдэгдэж байсан хүн. Улаанбаатар өвөл хөлдөх нь. Эрчим хүчний ачаалал бага, дэлгэр цагт монголчууд бид эрчим хүчний хязгаарлалттай зусч байна. Тэр хүний ажлын бодит үр дүн энэ биш юм уу. Эрчим хүчний реформ хийнэ гээд “буруу замаар будаа тээсэн”, бүхэл бүтэн нэг станц дэлбэрчихээд байхад улираан томилж байгаа нь ямар учиртай байх вэ. МАН ард түмнээ доромжилж, үл тоож байгаа хэрэг биш юм уу. Эсвэл саяны миний хэлдэг хувь улстөрч, авлигын мафийн эрх ашигт нийцүүлсэн томилгоо юу. Төрийн сайд байж өөрийнхөө бизнесийг хамгаалах гэсэн олон шийдвэрийг Монгол төрийн бодлого болгохоор оролдож буй энэ хүнийг сайдаар үлдээж байгаа нь ямар учиртай вэ.
ДЦС-III-т онцгой байдал тогтоочихлоо. Ойрын хоёр сард багтаж үр дүн гаргахгүй бол Ардчилсан намын зүгээс ард түмнийхээ төлөө улс төрийн шийдвэртэй алхам хийнэ. Эрчим хүчний салбар бол улстөржих салбар биш. Улстөрчийн тест хийх салбар бүр ч биш. Тиймээс маш ноцтой асуудал үүсчихээд байхад АН улстөржиж байгаа мэт авирлаад яахав гэж өнөөдөрт ирлээ. Зарчим нь богино хугацаанд үр дүн яаж гарахыг хүлээж байна. Ойрын хугацаанд үр дүн гаргахгүй бол сөрөг хүчин шахалт үзүүлнэ.
Ер нь энэ сайдаас хүлээх ганц л хүлээлт монголчуудад үлдсэн. Тэр нь хөлдчихгүйхэн шиг өвөлжчих юмсан гэсэн хүлээлт л үлдлээ. Түүнээс юун шинэчлэл, бодлого.
Шинэ Засгийн газар ажлаа эхлэхдээ ядаж л мордохын хазгай болчихгүйхэн шиг эхлэх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, юу хийх, ямар үр дүн гаргах вэ гэдгээ эхлээд тодорхойлох ёстой байсан. Гэтэл Засгийн газрынхаа бодлого, хүрэх үр дүнгээ тодорхойлоогүй байж сайд нараа томилчихсон. Нэг үгээр, томилсон сайд нартаа зориулж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил.
Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах ёстой. Тэрхүү хуулийнхаа дагуу сайдад нэр дэвшигчдээ тодруулж, УИХ-аар албажуулах ёстой. Зүй нь ингэж явах учиртай. Гэтэл эсрэгээрээ явлаа. Энэ юуг харуулж байна гэхээр Ардын нам доторх бүлэглэл, хувь улстөрчдийн амбицад тохируулсан Засгийн газар байгуулагдлаа. Уг нь төрийн ажил ийм зарчимгүй, жудаггүй явмааргүй л байгаа юм.
-Таны ярианаас харахад Монголд мафи бий болчихсон гэж та үзэж байгаа хэрэг үү. Ер нь бол бүлэглэл, фракц гэж ярьж хэвшчихсэн шүү дээ. Тиймээс содон сонсогдож байна?
-Сүүлийн 10 жилийн Монголын улс төрийн нөхцөл байдлыг харахаар МАН-ынхан тодорхой бодит ажлууд хийхээс илүүтэй бүлэглэлийнхээ сүлжээг өргөтгөх ажлыг л хийсэн. Тэрхүү сүлжээгээ тэжээж, өргөтгөхийн тулд төрөөс хулгай, авлига хийсээр тэр нь мафийн хэмжээнд хүрлээ гэж хардаж байна. Намынх нь үйл ажиллагааг хар л даа. Сүүлдээ өөрсдийнх нь эрх ашгийн өмнө тулгарах асуудлуудыг хуульчилдаг болсон. Иргэд, залуусын сонгуульд оролцох идэвхийг бууруулах зорилгоор орон нутаг, УИХ-ын сонгуулийг дандаа тав дахь өдөр хийж байна. Үр дүнд нь орон нутгийн сонгуулиар нийт сонгогчдын 40 хувь нь санал хураалтад орсон. Дэлхийн улс орнууд гурав дахь өдөр санал хураалтаа явуулдаг шалтгаан нь сонгогчид маргааш нь ажилтай байдаг учраас хөдөлгөөнд ордоггүй. Наад захын амьдрал дээрх үнэн энэ.
Хоёрдугаарт, санал хураалтын хугацааг 07:00-20:00 цагаар хаасан. Энэ бол бас л иргэдийн санал өгөх боломжийг хумьж байгаа үйлдэл. Улаанбаатарын түгжрэл, санал хураалтад дугаарлаж зогсохоос иргэд залхдаг. Тиймээс энэ мэт башир аргууд хэрэглэдэг. Эдгээр нь жижиг асуудал биш шүү. Бүхнийг өөрсдийн эрх ашигт тохируулан хуульчилдаг байдал сүүлийн жилүүдэд хавтгайрч байна. Иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй хийж байна. Үр дүнд нь залуус Монголоос явж байна. Үлдэж байгаа залуусын оюун санааны нүүдэл ч хязгаараас хэтэрсэн. Гадагшаа явах залуусын хүсэл өдөр хоног, сар жилээр ихэсч байна. Эцсийн дүндээ сөрөг хүчний лидерүүдийг бүгдийг нь гутаах, иргэд ядуу амьдрах, авлигаас хараат байх энэ бүхэн МАН-д л хэрэгтэй. Ингэж тэд сонгуулиар бодит бус ялалтыг байгуулж ирлээ.
-Танай нам засагт хамтраад Хяналтын менежерүүд томилж эхэлсэн. Үүний үр дүн, ач холбогдлыг юу гэж харж байна. Одоо дэд сайдуудтай байх эсэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Данхар төрийн зардлыг төсөв дийлэхээ болилоо, дэд сайд, орлогч дарга нарыг цомхотго гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тавьж байсан. Тэрхүү байр суурь өнөөдөр ч хэвээрээ байгаа.
Хоёрдугаарт, аливаа асуудлыг хянана гэдэг бол мэдээллийн эх сурвалжтай, бодит мэдээлэлтэй байж хяналт тавьдаг. Ингэхийн тулд Хяналтын менежерүүдийг томилсон. Хяналтын менежер гэдэг бол сайдаасаа давсан дэд сайд, дарга биш. Дан ганц манай намаас ч томилогдоогүй. Хяналтын менежерүүдийн үр дүн, ач холбогдол дээр ярьсанчлан эхнээсээ гарч эхэлсэн. Жишээ нь, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга төсвийн мөнгөөр муурынхаа хоолыг авдаг гэхчлэн завхралыг АН-аас томилогдсон Хяналтын менежер ил болгосон. Түүнчлэн 100 хүнтэй ажиллах боломжтой төрийн өмчит компанид үр ашиггүй 800 ажлын байр гаргачихсан гэхчлэнгээр төрийн бодлогын алдаа хийдлийг Ардчилсан нам зөв залах боломжийг эрэлхийлсэн. Нэг хүний сарын цалингаар нэг байгууллагын үр бүтээл, үр ашгийг зөв дүгнэж болохоор байгаа юм. Үүнд л Хяналтын менежерийн ач холбогдол оршиж байгаа.
Харамсалтай нь шинэ Засгийн газар байгуулагдсан эхний өдөр л өөрсдийг нь шалгаж байсан манай Хяналтын менежерүүдээс эхлээд Ардчилсан намын гэх тодотголтой 80 хүнийг ажлаас нь шууд чөлөөлсөн. Өнөөдөр үүнийгээ “…удирдах албан тушаалтны тоог 31 хувиар бууруулна” гэхчлэнгээр пиар хийж байна.
-Лу.Гантөмөр намын даргын ажлаа өгнө хэмээн мэдэгдсэн. Намын дараагийн даргыг хэзээ тодруулж, Их хурлаа хэзээ хуралдуулах вэ?
-Улс төрийн намын тухай хуультай холбоотойгоор Намын дарга өргөдлөө өгөөд дараагийн даргыг шууд сонгох нөхцөл эрх зүйн хувьд энэ цаг хугацаанд боломжгүй байна. Энэ бол зөвхөн манай намд үүсч байгаа асуудал биш. Монголын бүх улс төрийн намд тулгарч байгаа асуудал.
Учир нь 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалт энэ онд хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үүний дагуу манай нам өнгөрөгч тавдугаар сард орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 21 аймаг, есөн дүүргийн нийт гишүүд дэмжигчдэдээ намын шинэчилсэн Үндсэн дүрэм, хөтөлбөрөө танилцуулж, саналыг нь авсан. Тэрхүү саналыг нэгтгэх Ажлын хэсэг гарчихсан энэ цаг хугацаанд ажиллаж байна.
Хөтөлбөр, Үндсэн дүрэм шинэчлэн батлагдсаны дараа намын дараагийн даргыг сонгох ёстой болчихоод байна. Энэ шаардлагыг хангаж байж дараагийн даргыг Дээд шүүх бүртгэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тиймээс Ардчилсан нам наймдугаар сарын сүүлийн долоо хоногт намын Их хурлаа хуралдуулахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажлаа хангаж байна. Наадмын өмнө хуралдана гэж тооцоолж байсан ч орон даяар өрнөсөн хэлэлцүүлэгт оролцсон нийт гишүүдийн бүх талын оролцоо, саналыг жигд хангах, бусад тодорхой асуудлаас үүдэж наймдугаар сард хуралдуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, шинэ дүрмээ баталсны дараа намын дараагийн даргыг тодруулна. Намын дараагийн дарга есдүгээр сард багтаж тодрох боломжтой байгаа.
Өдрийн сонин