x

М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.

-Монгол бол НҮБ-ын 200 орны нэг эд эс болсон тусгаар улс. Тэр утгаараа манай дотоодын улс төрийн үйл амьдрал, Засгийн газар огцорсон асуудлыг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн анхаарч байна. Тэд бидний тухай чухам юу гэж мэдээлж байна вэ?

-Бүх орны хэвлэлийн мэдээг хараахан олж харж гүйцээгүй байна. Ерөнхийдөө зөвхөн Ерөнхий сайдыг огцорсон үр дүнгийн тухайд бус үйл явцыг эхнээс нь олон талын эх сурвалжууд мэдээлж байсан. Тухайлбал, Ерөнхий сайдын хүүгийн хэт тансаг хэрэглээ болон түүнийг тайлбарлаж чадаагүйтэй холбоотой жагсаал өрнөж байгаа тухай мэдээллүүд голчлон гарч эхэлсэн.

Ардчилсан улсад засгийн газар огцрох нь тийм ч гайхах зүйл биш. Сүүлийн 10 орчим жил Засгийн газар харьцангуй тогтвортой байж ирлээ. Гол нь уг процесс тогтолцооныхоо хүрээнд, хуулийн дагуу шийдэгдэж байгаа нь чухал. Монгол Улс ардчилсан, энх тайван замаар Засгийн газраа огцруулж, хариуцлага тооцож чадаж байна. Монголын парламент ажиллаж байна. Энэ бүхэн Монголыг муугаар харах шалтгаан болохгүй.

-Зарим орны хэвлэл манай Ерөнхийлөгчийг парламентын эрх чөлөөнд халдаж, гишүүдийг айлган сүрдүүлж байгаад Ерөнхий сайдыг унагаагаад оронд нь өөрийнхөө Тамгын газрын даргыг тавилаа гэж байна шүү дээ. Процедурын хувьд яг л тэгж харагдаж байгаа. Харин судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв тийм мэдээлэл гарсан бол Монголын улс төрийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын тухайд төдийлөн мэдээлэлгүй, нэг талыг барьсан байх талтай. Сүүлийн жилүүдэд, тухайлбал ковидоос хойш дотоодод мэдээллийн урсгалыг хянаж олон нийтийн санаа бодлыг удирдах гэсэн бохир технологи бараг хэвийн зүйл болсон. Угтаа үүний хохирогч нь Монголын нийгэм бүхэлдээ. Болоод өнгөрсөн үйл явдлыг зөвхөн нэг шалтгаанаар тайлбарлах нь өрөөсгөл. Нийгмийн бухимдал их байсан нь үнэн, улс төрийн зөрчил байсан нь ч үнэн, Ерөнхий сайд хүү болон бэрийнхээ тансаг хэрэглээг тайлбарлаж чадаагүй нь ч бас үнэн. Энэ бүхний үр дүнд эрх мэдлийг дахин хуваарилах процесс өрнөж байна. Залуучууд шударга бусын эсрэг байр суурьтай байгаагаа маш тодорхой илэрхийллээ. Эндээс зайлшгүй онцлох зүйл бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэрийг үндсэндээ сөрөг хүчин бус эрх баригч МАН гаргасан. Иймд алдаа дутагдлаа бодитоор үнэлж байж дараагийн үйлдлээ зөв хийх боломж үүснэ.

Засаглалын хамгийн чухал чанар болох хүлээн зөвшөөрөгдөх шинжээ нэгэнт алдсан засаглал урт хугацаанд орших ямар ч боломжгүй. Ийм нөхцөлд огцрохгүй гэх аливаа оролдлогууд нь уг хямралыг илүү өргөжүүлж нийгмийн хямралд хөтлөх эрсдэлтэй байсан. Ерөнхийлөгч парламентыг шахаж, түрэмгий хандсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж. Парламент дүгнэлтээ хийх ёстой. Шалтгаан нь парламентыг ажиллах боломжгүй болгосон их эвсэл болж таарна. Сөрөг хүчингүй парламент бол парламент биш. Үүнд өөр тайлбар байхгүй. Иргэд, тэр дундаа залуучууд нэг хүний, түрэмгий дарангуй засаглалыг хүлцэн тэвчихгүй гэдгээ сая маш тодорхой харуулсан. Иймд Монголд засаглалын дэглэмийг өөрчлөх аливаа санаархал хэн нэгэнд бий бол тэр нь тогтолцооны хувьд ч, нийгмийн уур амьсгал хандлагын хувьд ч боломжгүй зүйл.

-Ер нь дэлхийн хэвлэлүүд Монголын талаар ингэж бичих нь манай нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Өмнө дурдсанчлан тэгтлээ сөрөг мэдээлэл олж үзээгүй байна. Олон улсын хэвлэлүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд хүү болон бэрийнхээ тансаг хэрэглээг тайлбарлаж чадаагүйнхээ төлөө огцорсон тухай түлхүү мэдээлсэн. Эсрэгээрээ Монголд шударга бус байдал, авлигыг хүлээн зөвшөөрөөгүй залуучууд, иргэд, парламент нь Ерөнхий сайд, Засгийн газраа огцруулж чадаж байгаа нь Монголд ардчилал байгааг олон улсад харуулсан эерэг үзүүлэлт болно.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн мега төслүүдийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадах болов уу?

-Алдаа байвал засаад, сайн бодлогоо үргэлжлүүлэх нь мэдээж зөв. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөөц, бодит байдлаа аваад үзвэл 14 мега төслийг эрэмбэлэх шаардлагатай. Төслүүдээ эрэмбэлээд хамгийн ач холбогдолтой, үр ашигтай гэж үзсэн төслүүдээ нэн тэргүүнд хэрэгжүүлэхэд гол нөөцөө зарцуулах нь зөв болов уу. Эдийн засагчид үүнд тодорхой хариу өгөх нь зохистой. Нөгөөтэйгүүр УИХ-аас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааг бодитоор үнэлж, цэгнэх ёстой. Үндсэндээ хяналтгүй, сөрөг хүчингүй засаглал эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нь харагдлаа. Бүх талын эрх ашгийг хангасан үрэлгэн төсвийг Монголын эдийн засаг дийлэхгүй нь тодорхой байна. Иргэд, бизнесүүд хэдийнээ бүсээ чангалаад, дахиж чангарах орон зай барагтай үлдээгүй ийм нөхцөлд байна. Тэгэхээр төр хэмнэлтээ өөрөөсөө эхлүүлэх ёстой. Хамгийн үрэлгэн зардлууд хаана байгаа нь илхэн байна шүү дээ.

-Одоо шинээр бүрдэх Засгийн газрын талаар та ямар төсөөлөлтэй байна вэ. Хэр тогтвортой ажиллаж чадах бол?

-Засгийн газрын тогтвортой байдал үндсэндээ сөрөг хүчнүүдээс гэхээсээ илүү эрх баригч намын дотоод зөрчлөөс л шийдэгдэнэ. Иймд сонгуулиар олонхын санал авсан МАН-ын үндсэн ажил, хариуцлага одооноос эхэлж байна. Энэ Засгийн газрын хамгийн олзуурхууштай нь сөрөг хүчинтэй Засгийн газар болно гэж харж байна. Сүүлийн 10 жил Монголд сөрөг хүчин, тэнцвэр, хяналт байсангүй. Парламентын бие даасан байдал алдагдахдаа хүрсэн энэ нөхцөл байдлаас гарах боломж байна. Шинэ Засгийн газар асуудлаа зөв эрэмбэлж, иргэдийн амьдралд бодит нөлөөгөө өгөх эдийн засаг болоод нийгмийн зөв бодлогоо хэрэгжүүлж, чанартай ажиллаж чадвал Засгийн газар тогтвортой байх бүрэн боломжтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна 12 цаг 40 мин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна 12 цаг 47 мин Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа 12 цаг 53 мин К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 19 мин М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж 13 цаг 26 мин Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ 13 цаг 32 мин “Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 24 мин Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв Уржигдар 20 цаг 54 мин Үндэсний аудитын газар сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, ил тод байдлыг онцлов Уржигдар 20 цаг 52 мин Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо Уржигдар 20 цаг 52 мин Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ Уржигдар 20 цаг 50 мин 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Уржигдар 20 цаг 49 мин ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ Уржигдар 20 цаг 38 мин Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав Уржигдар 20 цаг 38 мин Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо Уржигдар 18 цаг 01 мин Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгов Уржигдар 17 цаг 14 мин Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлэх чадамжийг сайжруулна Уржигдар 15 цаг 26 мин “Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно Уржигдар 15 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 37 байршилд үргэлжилж байна Уржигдар 15 цаг 23 мин “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Уржигдар 15 цаг 22 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top