Японы нэрт мэргэжлийн боксчин Наоя Иноүэ АНУ-ын Лас-Вегас хотод болсон тулаанд өрсөлдөгч Рамон Карденасыг наймдугаар үед техникийн хүнд цохилтоор буулган авч, супер-бантам жингийн (55.3 кг хүртэлх) дэлхийн үнэмлэхүй аваргын цолоо амжилттай хамгааллаа.
Одоогоор 31 настай Иноүэ мэргэжлийн боксын рингэнд 30 тулаан хийснээс бүгдэд нь ялалт байгуулж, 27 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан амжилттай байна. Харин түүний энэ удаагийн өрсөлдөгч Америкийн боксчин, 29 настай Рамон Карденас 26 ялалт, 2 ялагдалтай тулаанд оролцсон юм.
Наоя Иноүэ энэхүү тулаанд ялснаар есдүгээр сарын 14-нд Токиод болох дараагийн тулаанд Узбекистаны шилдэг боксчин Мурожон Ахмадалиевтэй тулалдахаар төлөвлөж буйгаа баталгаажуулав.
Тэрбээр 2012 онд мэргэжлийн боксчин болсон цагаасаа хойш хурд, хүч, техник хосолсон онцгой тоглолтоороо анхаарал татаж, ердөө зургаа дахь тулаанд Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) хамгийн хөнгөн жингийн (50.8 кг хүртэлх) аварга болсон юм. Үүний дараа 52.2 кг болон 55.3 кг хүртэлх жинд дэлхийн аваргын бүсийг эзэмшиж, гурван өөр жинд дэлхийн аваргын цол хүртсэн цөөн тамирчдын нэг болсон билээ.
Эх сурвалж: Championat.com