АНУ-ын усанд сэлэлтийн домогт тамирчин Кэти Ледеки 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд долоон жилийн дараа дэлхийн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр Флорида муж улсад болсон “Tyr Pro Series” тэмцээнд 8 минут 4.12 секундээр барианд орсноор “Рио-2016” олимпийн наадамд тогтоосон 8 минут 04.79 секундийн рекордоо ахиулжээ.
Кэти Ледеки 2013 онд Их Британийн Ребекка Адлингтоны тогтоосон дээд амжилтыг эвдсэнээс хойш энэ төрлөөр зургаа дахь удаагаа шинэ амжилт тогтоож буй нь энэ юм. Мөн тэрбээр 1500 метрийн чөлөөт сэлэлтээр 2018 онд тогтоосон дээд амжилтаа өнөөг хүртэл хадгалсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар 800 болон 1500 метрийн төрөлд нийт дөрвөн дээд амжилтыг эзэмшиж байна.
Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Ледеки 400 болон 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд карьерынхаа хоёрдугаарт бичигдэх амжилтыг үзүүлжээ. Түүний дараа бямба гаргийн өглөө 22 настай АНУ-ын өөр нэгэн шилдэг сэлэгч Гретчен Уолш 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 55.09 секундээр дэлхийн дээд амжилт тогтоосон нь спортын ертөнцөд шуугиан тарьсан үйл явдал болсон юм.
Гретчен Уолш ганцаарчилсан таван төрөл, буухианы дөрвөн төрөл гээд нийт есөн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа бөгөөд тэд Сингапур улсад 2025 оны долдугаар сарын 11-нээс наймдугаар сарын 3-ны хооронд болох усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.
Эх сурвалж: Associated Press, Reuters