x

Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэд ард үлдсэн ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна

Одоогоос жилийн өмнө Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад гал гарч, гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив амиа алдсан эмгэнэлт явдал болсон билээ. Түүний эхнэр Б.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Таны хань онцгой байдлын албанд хэдэн жил ажилласан бэ. “Миний сүлжээ” дэлгүүрт гал гардаг өдөр таны хань хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан уу?

-Миний хань анх 2002 онд онцгой байдлын албанд орсон. Нийтдээ 25 жил 8 сар ажилласан гэж нийгмийн даатгалын архивын лавлагаагаар гарсан. Хань минь гал унтраах 14 дүгээр ангиас ажлынхаа гарааг эхэлж, дараа нь Гал унтраах, аврах 10 дугаар ангид орж ажилласан.

Одоогоос жилийн өмнө миний хань жирийн л нэг өглөө дуудлагын ажлаараа гараад явсан. Хань бид хоёр гэрийнхээ гадна байдаг хүүхдийн тоглоомын талбайг өдийд, урин дулаан цаг болж байх үед заншил болгоод сайн дураараа угааж өгдөг юм. Ноднин хавар бас хүүхдүүдтэйгээ хамт ус зөөх нь зөөгөөд, тус тусынхаа ажлыг хуваарилж аваад, тоглоомын талбайгаа угаагаад нэлээд оройтож ороод амарцгаасан. Маргааш өглөө нь миний хань энгийн ээлжиндээ гардаг шигээ л гараад явсан. Тэр өдөр миний ханийн ээлжийн амралтаа авах сүүлийн өдөр нь байсан. Өнөөдөр ажиллачихвал амралтаа аваад, эргэж ороод тэтгэврийнхээ материалыг бүрдүүлж өгөх хугацаа нь болсон гэж тооцоолж байсан юм. Дүү нар нь “Та өнөөдөр яасан сайхан ааштай байна” гэтэл “Ахынх нь өнөөдөр сүүлийн гараа” гэж хэлээд хонх нь дуугараад гараад явсан. Тэгээд л тэр гал руу ороод харамсалтайгаар буцаж гарч ирээгүй дээ.

-Таны хувьд олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ онцгой байдлын алба хаагчдад холбоо станц байдаггүй гэж ярьсан. Энэ харамсалтай үйл явдал гарснаас хойш алба хаагчдын хувцас хэрэглэл, хангамж нь ямар байгаа юм бол?

-Одоо бол төхөөрөмжтэй болсон гэж сонссон. Алба хаагч нар ашиглаад явж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ би Онцгой байдлын алба хаагчдын хувцас хангамжийн стандарт, чанарын асуудлыг нэхэж яримаар байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний бие эрүүл мэндийн асуудалтай тулгарч явахдаа Япон, Солонгос, Хятад орнуудын онцгой байдлын хувцас хэрэглэлийг өөрийн гараар шалгаж, харж үзлээ. Ард түмнийг аврагч авардаг. Харин аврагч хүнийг хувцас авардаг. Одоо бол сайжирсан гэсэн. Гэхдээ өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ.

Миний хувьд нэг зүйлийг залруулж хэлмээр байна. Би Онцгой байдлын алба хаагч нарын эсрэг, тэднийг үгүйсгэх зорилгоор мэдээлэл хийгээгүй гэдгийг тодруулж, чин сэтгэлээсээ хэлмээр байна. Би ханийнхаа амь насыг ч нэхэх гэсэнгүй. Яагаад гэвэл Онцгой байдлын алба хаагч нарыг манай гэр бүлийнхэн, бид маш их хүндэлдэг. Миний гол зорилго бол дээр байгаа дарга нар анхаараач ээ, байгууллага гэдэг нэрийн дор энэ хүмүүс чинь зовоод байна шүү дээ. Би 25 жил ханийнхаа хажууд зовлон, жаргал бүх л цаг үед нь хамт байсан учраас бодит байдлыг бүгдийг нь мэдэж байгаа. Тийм учраас нэг ч худлаа зүйл байхгүй. Буруу гэдэг зүйлийг хүлээж авч чаддаггүй нийгэм бий болчихсон юм уу бүү мэд. Үнэхээр буруутай байвал буруугаа зүгээр хүлээчих л дээ. Хадам аав маань онцгойд ажилладаг байсан, би Онцгой байдлын бэр байж үзсэн, эхнэр байж үзсэн, одоо би Онцгой байдлын алба хаагчийн ээж. Гурван үеийн түүхэн гэрч нь би өөрөө учраас ээж хүний хувьд ч, эхнэр хүний хувьд ч үгээ хэлмээр байна. Төрдөө тангараг өргөж, албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж явсан алба хаагчаа ялгаварлаж болдог юм уу.

-Шийдвэр гартал гэр бүлээрээ суулт зарлана гэж мэдэгдсэн. Суулт зарлаад ямар үр дүн гараасай гэж бодож байна?

-Хүн болгон өөрийн гэсэн харах өнцөгтэй. Хүн бүр намайг өөрийнхөөрөө дүгнэх байх. Зарим нь намайг барьцаж байна гэж бодно, шуналтай юм бэ гэж харах байх, харин зарим нь арай өөр нүдээр харж байгаа байх. Ер нь аль ч талаасаа бодсон надад ганц л зорилго бий. Яг л бусдад олгосон шигээ миний ханийн ажилласан жилийг нь үнэлээд, Ерөнхийлөгчийн амласан гурван өрөө байрыг өгөөсэй л гэж бодож байна. Улсаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчид ажилласан арван жилтэй нь тэнцэх хэмжээний мөнгийг бодож олгодог. Тэрийгээ бид авсан. Амь насны даатгал ч гэж авсан. Энэ хоёр тусламжийг л авсан. Мэдээж тэжээгчээ алдсаны тэтгэмжээ миний хүүхдүүд хууль ёсны дагуу аваад явж байгаа. Ноднин жил Дүнжингаравын уулзвар дээр Онцгой байдлын гурван алба хаагч, хайран сайхан залуус амь насаа алдсан. Тэрэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө “Ажил үүргээ гүйцэтгэж байгаад Онцгой байдлын албанаас амь насаа алдвал гурван өрөө байр буюу 80 м.кв-аас доошгүй, зах зээлийн үнэлгээ нь 350 сая бүхий үнэд дүйцүүлэхээр байртай болгоод, хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл нь аавынх нь цалинг олгоно” гэсэн хууль санаачилсан шүү дээ. Тэдгээр алба хаагчдад ар гэрт нь нэг удаадаа буцалтгүй тусламж олгосон. Тэрний дараахан миний ханьд ийм зүйл тохиолдоход ийм хууль байхгүй гэдэг бол шударга бус биз дээ. Төр засаг, удирдах албан тушаалтнууд маань хүн чанар гаргаад харж үзэж болоогүй юм уу. Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм аа гэхэд ард нь үлдэж байгаа ар гэр нь юу билээ гээд өнгийж хараагүйд гомдолтой байна.

-Хууль зүйн туслалцаа авч байгаа юу?

-Өмгөөлөгч бий. Хууль зүйн туслалцаа авч байгаа. Адилхан хүний амь нас байхад ялгаад байна шүү дээ. Дүнжингаравын дэлбэрэлт шиг том дэлбэрэлт биш болохоор, миний хань олны анхааралд өртөж чадаагүй болохоор ингэж ялгаад байгаа хэрэг үү. Би шударга л баймаар байна. Хэчнээн тангараг өргөсөн ч үр хүүхдийнхээ төлөө л бүгд ажиллаж, амьдардаг. Хамгийн бага охин маань дөнгөж гурван настай. Насан туршдаа аав гэдэг хүнийг дахиж дуудахгүй. Төр төмөр нүүртэй байдаг юм уу, мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхдүүдээ дагуулаад суулт зарлаж байна. Тэд ичихгүй байгаа учраас би суулт зарлахаасаа ичихгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 1 цаг 50 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 3 цаг 23 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 4 цаг 5 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 4 цаг 11 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 4 цаг 19 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 4 цаг 24 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 4 цаг 29 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 4 цаг 36 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 4 цаг 45 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 4 цаг 54 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 5 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 17 цаг 8 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 20 цаг 26 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 20 цаг 35 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 20 цаг 40 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 20 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 23 цаг 56 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ Өчигдөр 13 цаг 28 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов Өчигдөр 13 цаг 25 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ Өчигдөр 13 цаг 14 мин
iИх уншсан
Пакс Глобалика (Pax Globalica) “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top