x

Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

“Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар гарын үсэг зурав.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцааны түвшнийг ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Иж бүрэн түншлэл нь хоёр улсын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулж, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм.

Мөн хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд хоёр улсын төр, засгийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.

Үүнд:

“Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошэвски нар гарын үсэг зурлаа.

Улс төрийн яриа хэлэлцээ, парламентын хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг нарийвчлан тогтов.

“Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, польшийн талаас Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Гжегож Цессак нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсад эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтэд европ стандарт нутагшуулах, бүртгэл, аюулгүй байдал, тандалт судалгааны мэдээлэл солилцоно. Монгол Улсад аюулгүй, чанартай баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

“Хамтран ажиллах тухй Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Дайны урлагийн сургууль хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ректор С.Дашзэвэг, польшийн талаас Дайны урлагийн сургуулийн ректор Мечислав Гоцул нарын гарын үсэг зурлаа.

Хамтарсан судалгаа, шинжилгээ, сургалт, хурал, семинар зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сонсогч, багш, ажилтнуудын харилцан солилцооны чиглэлээр хамтран ажиллана.  Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутагт харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийн ур чадварыг улам нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.  

“Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын ШУА болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх Ухааны Академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Марек Конажевски нар гарын үсэг зурлаа.

Талууд 1960-аад оны дунд үеэс түүх, угсаатан зүй, палеонтологи, биологийн салбарт идэвхтэй хамтарч ирсэн. Хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, цар хүрээ, чиглэл өргөжин тэлж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төслийн тоо нэмэгдэх, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах,  академи хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно.

“Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх Ухааны Академийн Палеобиологийн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал З.Бадамхатан, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Палебиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски,

Академиуд 1963-1971 онд Монголын говьд палеонтологийн хамтарсан хээрийн судалгаа хийж байсан түүхтэй. Үүний дүнд үлэг гүрвэл, хөхтөн, мөлхөгчид зэрэг эртний нугаламт амьтдын томоохон хэмжээний цуглуулга бий болсны зэрэгцээ  шинжлэх ухааны олон сонирхолтой нээлт хийсэн. Академи хоорондын хамтын  ажиллагаа шинэ түвшинд гарч палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлэх үндэс суурь тавигдлаа.

“Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний телевиз хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Г.Гэрэл, польшийн талаас Үндэсний телевизийн орлогч захирал Павел Сосновски нарын гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааг эхлүүлэх, хоёр улсын түүх, өв соёлыг харуулсан хамтарсан уран бүтээл хийх, хүний нөөцийг чадавхжуулах замаар монгол, польш хоорондын түүх, өв соёл, байгаль орчин, соёлын солилцоог өргөн нэвтрүүлгийн салбарт хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой баримт бичиг юм.

“Хамтран ажиллах тухай Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Польшийн Хэвлэлийн агентлаг хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, польшийн талаас Хэвлэлийн агентлагийн ерөнхий редактор Войцех Тумидалски нар гарын үсэг зурлаа.

Улс төрийн харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, бизнес, аялал жуулчлал, соёл урлаг, түүхийн талаарх мэдээ,  мэдээллийг харилцан солилцож, мэдээллийн сувгаараа нийтэд түгээнэ. Хамтын ажиллагааг идэвхжүүлж, сэтгүүлчид болон бусад мэргэжилтний солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, мэдлэг, туршлага солилцоно.

“Монгол кино нэгтгэл болон Бүгд Найрамдах Польш Улсын Баримтат ба уран сайхны кино үйлдвэр хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Монгол кино” нэгтгэлийн захирал Б.Түмэн-Өлзий, польшийн талаас Баримтат ба уран сайхны кино үйлдвэрийн орлогч захирал Агнешка Бендковска нар гарын үсэг зурлаа.

Хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, кино зураг авалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, сургалт явуулах, кино үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд бэлтгэх, орчин үеийн киноны тоног төхөөрөмжийн худалдан авалт, түрээс, арчилгааны талаар туршлага солилцоно.

“Монгол Улсын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Ягеллоны их сургуулт хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Их сургуулийн ректор Б.Очирхуяг, польшийн талаас Ягеллоны их сургуулийн ректор Пётр Едынак нар гарын үсэг зурлаа.

Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судалгаа хийх боломж бүрдэнэ. Оюутан, багш нарын солилцоогоор дамжуулан соёлын харилцааг гүнзгийрүүлж, боловсролын салбарын олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулна. Залуу судлаачид европын санхүүжилттэй тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдах, монгол оюутнууд Польшид суралцах, судалгаа хийх, тэтгэлэгт хамрагдах боломж бүрдлээ.

“Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Ц.Шаравцэрэн, польшийн талаас Ф.Шопены нэрэмжит хөгжмийн их сургуулийн ректор Томаш Штрал нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Консерватори 2011 оноос Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг тус улсын Элчин сайдын яамтай хамтран дөрвөн удаа зохион байгуулсан. Цаашид монголын үндэсний болон шинэ хөгжмийн бүтээлүүдийг сурталчлах, уран бүтээлийн эмхэтгэл, ноот, партитур зэргийг тус сургуульд тоглох зэргээр хамтарна.  

“Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын К.Шимановскийн нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Ц.Шаравцэрэн, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко нар гарын үсэг зурлаа.

Багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, хөгжмийн зохиолчдын бүтээлийг солилцох, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бага хурал зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Төв аймаг, Бүгд Найрамдах Польш Улсын Мазовецки муж хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, польшийн талаас Мазовецки мужийн Удирдах зөвлөлийн гишүүн Янина Орзеловска нар гарын үсэг зурлаа.

Оюутан, багш, судлаачдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын арга хэмжээ зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцох, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top