БНХАУ-ын Жанжакоу хотод болсон снөүбоардын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр насны ангилалд нийт зургаан медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр параллель слалом төрөлд манай тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол өсвөрийн охидын жиант слалом төрөлд 14 настай М.Есүй алтан медаль хүртэж, түүний багш Г.Зоригт насанд хүрэгчдийн ангилалд түрүүлэн Монгол Улсын нэрийг дуурсгав.
Снөүбоардын спортоор тав дахь жилдээ хичээллэж буй М.Есүй өмнө нь УАШТ-д есөн удаа түрүүлж, өөрийн насны ангилалд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан бол түүний багш Г.Зоригт энэ спортыг Монголд хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй дасгалжуулагчдын нэг юм.
Монголын снөүбордын баг тамирчид 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн бөгөөд ийнхүү олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртсэн түүхэн амжилтыг үзүүллээ.