x

Энэ үнэн үү, Настя?

“Инвэст Монголиа” гэж нэг хурал дээхнийх санагдана. Тэрхүү чуулга уулзалтад Баабарын хэлсэн үгс голд ортол мэдрүүлснээрээ энэхүү нийтлэлийн шигтгээ эшлэл болно.Хөгжиж буй, хоцрогдонгуй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол гэж байгаад мань хүн жагсаасан ба тэдгээр дотор миний энэ нийтлэл бичих сэдэл төрүүлсэн мөрүүд ярайж байна.

  • Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой.
  • Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой.
  • Өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй.
  • Хоцрогдлынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал дайн байлдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.
  • Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчдэдээ илүү дайсагнан ханддаг. 
  • Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.

Энэ байдлаас болоод бодитоор буй болдог хүндрэл гэвэл гэж байгаад Баабар цааш үргэлжлүүлжээ.

  • Хөгжил дэвшилд хандсан шийдвэр гаргаж чаддаггүй.
  • Хууль амьдралд хэрэгждэггүй. Хэрэгжих гэхээр маш олон янзын тайлбартай, яаж ч гуйвуулж болохуйц.
  • Нийгмийн баялагийн хуваарилалт дэндүү шударга бус. Иймээс баян хоосны ялгаа маш их.
  • Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Энэ нь хамгийн хялбар аргаар олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхлоос үүдэлтэй гэжээ.

Монголчуудад оноосон дээрх тодорхойлолтуудыг өөрөөр зөвтгөх түүхэн эшлэл бас байнаа. Бүр 80 орчим жилийн өмнөх юм. Энэ онд гэрлэснийх нь 78 жилийн ой тохиох эрхэм удирдагч Ю.Цэдэнбал, Тэргүүн хатагтай А.И.Филатова нарын хайр сэтгэл, эрх мэдлийн тухай өгүүлсэн хоёр боть номд байгаа эшлэлүүдээс сонирхъё. Би бүр онцлоод цээжилчихсэн эшлэлүүд. Чухамдаа бол Филатова хатагтайн гярхай нүдээр олж хараад адтай сэтгээд хурцаар тавьж байсан үнэлэлт дүгнэлт, тодорхойлолт, шаардлага 78 жилийн дараа (багагүй хугацаа шүү!) өнөө цагт монголчууд дээр нотлогдож байгаад хэргийн учир оршино. Тэрээр алсыг мөн айхтар зөв олж харжээ.

Филатова хатагтайн зовнилын үгс Монголд бэр болж дөнгөж ирсний дараа:

  • Засгийн газар яагаад монголчуудыг зэрлэг бүдүүлэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй удаад байгаа юм бэ?

Яг тийм, тэрхүү 1940-1950-аад онд л тэр хуулийг нь гаргаад албадчихсан бол дээр Баабарын тоочсон шиг нийгмийн сэтгэлгээний зовлонг өдийд амсахгүй байсан ч юм бил үү хэмээн гэнэт бодогдов.

Филатова хатагтайн бүр ч хатуудуулсан, гэвч үнэн гэмээр анхааруулга байна:

  • Би тэдэнд Та нар залхуу, залхуу гэдгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Сэхээрэхгүй бол Та нар хэдэн жилийн дараа хятадуудын хүн-хүлэг болно, эсвэл тэрнээс ч дор юм болно гэж хэлдэг байлаа.

Сэхээрэхгүй явсаар бид XXI зууны эхний 25 жилийг (100-ны 4-ний нэг) алдаж өнгөрөөж байгаа нь худал биш гэж үү? “Хятадуудын хүн-хүлэг” гэж яасан муухайгаар дүрслэн хэлэв ээ, Тэргүүн хатагтай маань? Гол нь үнэнийг яасан үнэнээр нь ёрлож байж вэ? 

WeChat хэмээх Хятадад түгээмэл хэрэглэдэг интернэт сүлжээнд монголчуудыг төдөн мянган юанийн цалинтай хар бор ажилд авч ажиллуулна, өдрийн төдөн юанийн цалинтай ногоо хураах ажилд авна гэхчлэн элдэв зар мэр сэр явж харагддаг. Голдуу Өвөр Монголоос тийм зар түгнэ. Манай монголчууд ч олноороо очиж ажилласан, ажиллаж байна. Өвөр Монголд төмс хураах ажилд очсон 30 монгол залууд Монголд хятад барилгачдын эдэлж байсан зовлонг амсуулсан эмгэнэлт явдал мартагдаагүй. Хүнд хүчир ажил хийлгэнэ, нөхцөл муу, мөнгө хөлсөн дээрээ гар татна, наадуул нь хэрүүл хийгээд нэмэргүй өнгөрсөн байх. 

Бас нэг хов албаны итгэлтэй хүнээс сонслоо. Манай хөдөөд малчид цөөрсөн, мал маллах хүн олдохгүй гээд байдгийн бас нэг шалтгаан нь манай малчид өндөр цалинд нь болж Хятадад бөөн бөөнөөрөө очиж мал маллаж байгаа гэж, тэр үнэн үү? Үнэн бол тун харамсалтай байна. 

Солонгос руу визийн шалгуур давж, онгоцоор нисэж очоод хууль бусаар харлаад боолын хөдөлмөр эрхлэхийн оронд өмнөшөө хил даваад хэдэн юань хийгээд ирье гэх нийгмийн сэтгэхүй төлөвшсөн ба тэр нь хүрээгээ тэлж байгаад үнэхээр сэтгэл гонсоймоор. Цалингаа голсон багш, эмч нар удахгүй Өвөр Монголд олуулаа боолын хөдөлмөр эрхлэх вий гэхээс миний яс хавтайх юм. Нөгөө муулаад үзэж чаддаггүй хятадуудынхаа боол болохыг 1947 онд Филатова ёрлож, 78 жилийн дараа өнөөгийн монголчууд амьдрал дээр нотлох нь дутлаа гэж үү? 

Мөдхөн манайд барилга барих, зам тавихаар хятад ажилчид бараг ирэхгүй болох нь байна. Хятадад хөдөлмөрийн хөлс нь байнга өсөж байдаг, өсгөснийхөө пянг эдийн засаг нь ч дааж байдаг учраас тэр л дээ. Барилга, замынхаа ажлыг яажшүүхэн аялуулахаа одооноос бодохгүй бол болохгүй боллоо. Монголчуудаа хөдөлмөрт, хөдөлмөрийн сахилга батад сургах талаар бид дэндүү хоцорч яваа! Ард түмнээрээ ажил хийлгэж сургасан Засгийн газар, эрх баригчид нэн ихээр үгүйлэгдэж байна!

Эдүгээ нийслэлийн маань өнгө зүс хотын төвөөрөө, ил харагдах хэсгээрээ, өндөр шилэн байшин ярайлгаад гял цал болоод байх боловч дотогшоо сайтар орж ухаж үзвээс Эрээн, Манжуурын зах зээлийн томсгосон хувилбар, зээл–лангууны хот болж хувирсан нь худал биш гэж үү? Лангуу сахисан хятад охид бүсгүйчүүл, харчуул Эрээн, Манжуурт ярайтлаа сууж байдаг, эндУлаанбаатар ба аймгийн төвүүдэд мөн ярайтлаа сууж байна. Юуны ялгаа байна?

Сэхээрэхгүй явсаар бид дахиад 10;15; 20 жилийг алдана, тэр үед Хятад нь “мөрөөдлийнхөө” эхний лут зорилтыг биелүүлээд тэрбум хагас хятадуудаараа чинээлэг дундаж нийгмийг байгуулчихсан, “томсгосон Сингапур” болчихсон, тэдэнд монголчууд очиж зарагдаж, хар бор ажлыг нь хөлсөөр хийж өгдөгтөө тулбал яанаа гэдгийг сэтгээч, монголчууд минь? Сэхээрэгтүн!

Социалист Монголын Тэргүүн хатагтай маань нам-засгийн удирдагч нөхрөө дагалдаад Хятадад айлчилсан анхны сэтгэгдэл нь бүр ч ноцтой:

  • Гэвч Бээжин, бас бидний очсон бусад хоёр хот нь гунигтай сэтгэгдэл үлдээсэн. Гудамжинд нь ав адилхан хөх хувцастай хүмүүс, тэгээд тэдний үүрэндээ овооролдсон шоргоолж шиг олныг нь яана аа. Тэд бүгд зүг зүг рүү тарж явбал бид юу болохыг төсөөлөхөд ч аймшигтай байв.

Тэрээр 1959 онд БНХАУ-ын 10 жилийн ойн баярт оролцоод ирэхдээ тийм бодолтой байжээ. Айхтар холыг харсан геополитикийн төсөөлөл байна. Ердөө хэдхэн жилийн дараа эр нөхөр нь харгис маоизмын тухай онол дэвшүүлж, түүнтэйгээ 20 жил цөхрөлтгүй тэмцэл явуулахад гэргий ханийнх нь энэхүү үзэл баримтлал (үүрэндээ овооролдсон шоргоолж шиг) ихээхэн нөлөөлсөн ч байж болохоор юм.

Филатова хатагтайн бас нэг зовнилын үгс:

  • Дэлхий яасан ч том, Монгол яасан ч жижигхэн юм.

Цээжээ дэлдэгчид, мөнгөгүй хэрнээ бие тоосон, хоцрогдлынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог, өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй, хамгийн хялбар аргаар олз олох гэсэн сонирхолтой нөхдөд Филатова хатагтай энэ үгс нэгийг бодогдуулаасай билээ.

Хэрэв завхруулж гуйвуулж ойлгохгүй бол бас л хэрэгтэй үгсийг Тэргүүн хатагтай маань хэлж байсан байх юм. Дараах мөрүүд номд бий:

  • Та яагаад монгол хэл сурдаггүй юм бэ? Эх хэлээр нь ярьж байгаа аль ч орос хүнд монголчууд хэчнээн хүндэтгэлтэй хандаж байгааг Та хараач. Та чинь улсын нэгдүгээр хүний гэргий шүү дээ хэмээн Д.Майдар түүнд хэлдэг байжээ.

Гэтэл Филатова хатагтай хариуд нь тэсгэлгүй уурлаж:

  • Тэгснээс монголчууд орос хэл сурсан нь дээр. Арай илүү соёлтой болно.

Энд ухаж ойлговол бас л холыг харсан, сэрэмжлүүлсэн, хоцрогдлыг нь арилгах гэсэн чин бодол харагдаж байх шиг. Сэхээрээч гэх ятгалга тулгалт нь л явж байх шиг. Юу нь буруу байна вэ?

Эзэн Богд Чингис хаан руу орж яриа өрнөхөд Тэргүүн хатагтай орос гэргийн үзэл бодол бүр туйлшраад явчихна. “Анастасия Ивановна Чингис хаанд жигшингүй ханддаг өөрийнхөө төсөөллийг өөрчлөх бодолгүй байв” гэсэн мөрүүд явж байснаа:

  • Дэлхийн талыг эзэлсэн мөртлөө ард түмэндээ юу ч үлдээгээгүй, нэг ч хот шиг хот, ядаж ордон үлдээгээгүй. Хүний урманд монголчуудыг хувцсаа угааж сургаагүй шүү дээ.
  • Чингис хааны монголчуудад үлдээсэн зүйлийг тэдний төлөө Цэдэнбалын хийсэн зүйлтэй харьцуулж болно гэж үү?

Дэндүү примитив харьцуулалт байна. Нүүдэлчин өв соёл, аж төрлийг тэрээр үзэж чаддаггүй, хөгжил дэвшил рүү монголчуудыг хүчээр үтэр түргэн хөөж оруулахын чин хүслээр өвчилсөн хатагтайгаас цаашаа эшилбэл мөн ч олон хуудас болохоор буй. 

Ерөнхийдөө энд юу гэж хэлэх гээд байнав гэхлээр хөгжил дэвшлээрээ XXI зуунд ядаж дундаж улс орны хэмжээнд очихгүй бол болохгүй ээ л гэх гэсэн юм. “Хятадуудын хүн-хүлэг” болохгүйн тулд улс үндэстнээрээ хичээе! Яг одоо сэхээрье, оройтлоо!

Эвлүүлж эшилсэн дээрх олон эшлэлийг ой тойндоо түр ч болов хадгалагтун!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 8 цаг 53 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 8 цаг 55 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 8 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 56 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 10 цаг 6 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 10 цаг 22 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 11 цаг 22 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 11 цаг 52 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 12 цаг 23 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 12 цаг 38 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 14 цаг 14 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 14 цаг 25 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 14 цаг 30 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 14 цаг 36 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 14 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 14 цаг 43 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 15 цаг 49 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 16 цаг 8 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 16 цаг 32 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 16 цаг 49 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top