x

Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль

Монголын улстөрч хуульч, түүхчид хамгийн анхны Үндсэн хуулийг 1924 оны Үндсэн хууль гэж магтан дуулахаас биш 1921 онд Богд хаан, Ардын намын анхны Ерөнхий сайд  Д.Бодоо нарын боловсруулсан "Үндсэн хууль"-ийн тухай өдий хүртэл ам ангайдаггүй юм. 1921 онд Д.Бодоо Ерөнхий сайд болонгуутаа "Улсаа улс шиг улс болгохын тулд, гадаадын дайс­нуу­даас улс үндэстэн юугаа хам­гаалахын тулд юуны түрүү дэлхийн олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх  Үндсэн хуультай болох явдал юм" гэсэн зорилт тавьжээ.  Энэ тухайгаа алс Америк улсад ч мэдэгдэж албан бичиг явуулсныг судлаач Равдангийн Болд АНУ-ын архи­ваас олж "Монголын тусгаар тогт­нол ба АНУ" гэдэг номондоо тавьж олон уншигчдын хүртээл болгожээ.

Ерөнхий сайд Д.Бодоо анхны Үндсэн хуулийн ажлын хэсгийг өөрөө ахалж байсан. Харин Богд хааны боловсруулсан Үндсэн хуу­лийг Ж.Цэвээн ахалж байсан бай­на. Д.Бодоо боловсруулсан Үнд­сэн хуулийнхаа тухай эрдэм бо­ловс­рол сайтай олон ардын сүжиг хүндэтгэл хүлээсэн нэр хүнд бүхий лам ноёдод санааг танилцуулж, захидал бичиж хол байдаг заримыг нь Хүрээнд хүрэлцэн ирэхийг урь­сан байдаг. Үүнд Ерөнхий сайд Д.Бодоогоос Дамбийжанцанд явуул­сан захидал, Д.Бодоогоос Егүзэр хутагтад явуулсан захидал, Д.Бодоогоос Эрдэнэзуугийн хувил­гаан цорж ламд явуулсан захидал зэрэг орно. Эдгээр захидлууд дотроос хамгийн сонирхолтой нь  зуугийн хувилгаан цорж ламд явуулсан захидал юм. "Монгол төрийн тогтолцоонд Англи улсыг үлгэр болгохын учир"-ыг тайлбар­ласан захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

ТӨРИЙН ТОГТОЛЦООНД АНГЛИ УЛСЫН ҮЛГЭР БОЛГОХ УЧИР

Цорж мэргэн өршөөлтнөө. Зуу­гийн хувилгаан Блам (Блам гэдэг үгийг лам гэж уншина уу. Г.Д) танаа амгалан эрнэ.

Энэ үе эрдэмт лагшин амархан, эрхэлсэн туст номын үйлс ёсч­лонгуй гүйцэлдсээрийг юунаа лав­лахад хүрэх аж. Даруй сүслэн мэдвээс болмуу.

Жич тусгайлан сонсгох нь, бид­ний монголчууд харгис гамингийн хүчир гашуун туйлын зүдүүрт  тэс­хүйеэ бэрх болж ноднин зуны цаг Богд хаан, ван гүн нар зөвлөлдөж мөхөсчүүдийг умар зүгээс тусламж гуйхаар одуулсан хэрэг сайнаар гүйцэлдэж Ардын нам байгуулан харгис дайсныг сөнөөх, завсар муу хулгай барон Унгерн өөрийнхөө оронд хөл зогсох газаргүй болоод харьяат зандалчин цэргүүдийг авч монгол хязгаарт зоригоор шурган ирж харгис гаминтай байлдаан үүсгэж Монгол олон түмэнд тоолш­гүй зовлон зүдгүүр хүлээлгэсэн зэрэг эл байдлыг эрхэм бламтан тодорхойгоор толилсоор тул үл нуршин, энэхэн үест бидний ардын нам Хүрээг эзлэн авч Ардын эрхтэй хэмжээт засаг байгуулж, Богд хаан юугаан хэвээр эзэн өргөмжлөн гадаадын харгис дайсныг сөнөөж олон түмний тусад хэргийг үүсгэн оролдож буй боловч язгуурын манай Монголын дадсан бүдүүлэг суртал, блам ноёдын ихэмсэг түрэм­гий эгнэгт хэв журам болж, хөдлөх бүр түүгээр сайн журам болгон дордсыг энэрэн өршөөж, засгийн хэргийг сайнаар явуулах санал огт үгүйгээр үл барам өөрс­дийн амар жаргал, нэр төрийг эрхлэх муу суртлыг ер огоорч умартахгүй.

Энэ мэтээс эдүгээгийн үүсгэн явуулж бүхий Ардын засагт их л харшлал болж буй бөгөөд дэлхий дахин цөм хуучин эзэрхэг эрхийг халж, зарим нь бүгд най­рамдах ба хурлын эрхт улс болж, зарим нь их бага улаан үзэлт улс болон эрх чөлөөгөө энхжүүлэн мандуулж бүхий нь, эдүгээ адил их, бага улаан үзэлт улс огт тохирохгүй,  хурлын эрхт бүгд найрамдах улс бас хэцүү, хуучин ёсоор хэмжээгүй  эрхт эзэнт улс байгуулбал, эзний дэргэд агчид элдэв зүйлийн гуйл­таар улс төрийн эвдрэл үүсгэх ба засаг ноёд эзэрхэг түрэмгийгээр албадан татаж боолчлон үйлдэ­хээс дээд доод хоёр анги болж үлэмжхэн хувьсгал гаран зовлон зүдүүр, үхэл зовлонг эдэлсээр, эцэст урьдын автономын эвдрэлт лүгээ дахин учрах болхул бидний ядуу ард түмэн яахин тэсвэрлэж чадах аж.

Иймийн учир хэмжээт эрх эзэнт улс байгуулсан нь буюу. Юун хэмээвээс, бүгд Богд блам бурхан шашин хэмээн итгэх бөгөөд энэхүү хэмжээт хэмээсэн үг нь төрийн хэргийг сайд хийгээд яам, олны төлөөлөгчдийн хурлаар юу гэж тогтсоныг эзэн идэвхгүй, шаш­ны багшийн хэрэгт төр албаны газраас хамаарахгүй, олноор дур­тай болоод багшийн зарлигийг дагавал дагана, дуртай болоод зөрчих буюу эс хүлээх аваас, мөнхүү бурхны номлосон ёсоор нүгэл хилэнцээ өөр өөрөө хүлээх тул хэрхэвч  багшийн зарлигийг дагатугай хэмээн албадаж үл бол­но. Ийм болохул, багшид ч сүжиг итгэмж алдагдах зүйл гаргахгүй,  багш Богд  хаан ч төрийн хэрэгт Богд ингэв, эзэн чингэв хэмээх үг будлиан хүлээх ч үгүй болно. Иймээс эргэцүүлбэл, эзэн хэмжээ­тэй эрх хэрэглэсэн тул бусад ноёд засаг, хувилгаан хутагт мөн хэм­жээгүй эрхтэй аж төрөх нь хасаг­дана. Тэднийг хэмжээлэхэд гагцхүү албадан татаж, мөлжин тохируула­хыг зогсоохоос бус харшлах зүйл­гүй болох дээр хэмжээт эзэнт улсыг бат лут хэмээн баримтлах нь дэлхий дээр самуун будлиангүй, амар тайван суугаа Англи улсыг өмнөх толь  болгож болно.

Тиймийн тул Ардын засгийн эл үнэнхүү туст гол зорилго санааг аливаад бил­гийн тодорхой төгөлдөр эрдэмтэн мэргэдийн туслалцан тэтгэмж­лэхийг гүнээ эрмэлзэх, үүнд, эрхэм цорж мэргэн, Зуугийн хувилгаан Бламтангаас дуртайгаар зөв­шөөрч, тусламж үзүүлнэ хэмээн манай төлөөлөгчдөөр дурдан ил­гээс­нийг сонсож их л баярлан талархана. Үүнээс урагш эрхэм гэгээн нүүр дор хэдий учрсангүй атугай, ард түмнийг соян захих зэрэг эл хэргийг харилцан дор бүрэн төгсөөр нэвтрэлцэж бидэн монголчууд үүрд амаржих, бидэнд санаа тавьж явахыг эгнэгт хүсэж, басхүү эл хэмжээт засгийн эрхийн доторх Ардын намын суртлыг эрхбиш олон түмэнд тунхаглан зарлаж урьдахь засгийн гажгуу суртлыг устгаж, одоогийн явуулж буй ардын засгийн ёсыг эрхбиш итгэмлүүлэн таниулж, өөр өөрийн шударга санааны хэр чинээгээр улс төрд туслах учрыг (үг баларч урагджээ.)... эрмэлзэж өчүүхэн захидал бичиж Цорж мэргэн, зуу­гийн хувилгаан блам танаа амга­ланг эрж дэвшүүлэхийн ялдар чухаглан сануулсан зүйлсийг сэнх­рүүлж хариу хайрлах ажаамуу.

Үүний тул Ерөнхий сайд хэ­мээгдэх нэр үүрэг лүгээ хүлээсэн өчүүхэн Бодоо алс дорноос ёслов. гэжээ. 

Тэгвэл Бодоогийн хийсэн Үндсэн хууль ямар Үндсэн хууль байсан юм бэ гэсэн асуудал зүй ёсоор тавигдана. Үүнд Монголын марксист түүхчид өнөө хүртэл хариу өгөхөөс зайлсхийж өнөө л 90 жилийн турш ард түмний тол­гойг угаасан улигт худлаа түүхээ ярьдаг юм. Харин МУИС-ийн багш, Түүхийн ухааны доктор,Ph.D дэд профессор С.Отгонжаргал ха­риу өгчээ.

Тэрээр анх удаа үнэнээр өгүүлж ийм хариу өгчээ. Ж.Цэвээн, Д.Бо­доо нарын боловсруулсан хоёр хуулийн төсөл нь хоёулаа" Марк­сист онолоос ангид хувийн өмч хүний эрх чөлөөг бататган хам­гаалсан ардчилсан шинж чанар бүхий хууль болсон байна. Монгол Улсын энэхүү ардчилсан Үндсэн хуулийн эсрэг Зөвлөлт Орос улс хүч түрэн цуст тэмцлийг эхлүүлжээ. Марксист онол бүхий Үндсэн хуу­лийг батлуулах гэсэн тэдний тэмцэл төрийн эргэлт болон хувирсан юм" гэж дүгнэжээ. Доктор С.Отгонжар­галын эрдэм шинжилгээний илтгэ­лийн баримтаас.

Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн замаар эргэлт бу­цалтгүй орсон түүхэн зурвас энэ үед Мон­гол Улсын шинэ Үндсэн хуулийн төсөл боловсрогдож бэ­лэн болсон байна. Бэлэн болсон хоёр төсөл Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвийг  хуульчлан батлах чухал баримт бичиг болж байв. Ж.Цэвээ­ний төсөлд:

Монгол Улсын хурал ба ардын засгийн газрын тухай

Монгол Улс болбоос ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулна.

Монгол Улсын харьяат ард түмний сонгож олсон төлөөлөгчид чуулж бүх улсын хуралдаан бай­гуулан бүх улсын дээд эрхийг барина.

Богд хааны тухай

Жавзандамба хутагтын найм­дугаар дүрийг Монгол Улсын хэм­жээт эрхт Богд хаан хэмээн өргөм­жилнө.

Ард түмний эрх үүргийн тухай

Монгол Улсын засаг нь ардын эрхт олон ард түмний хувийн эрх чөлөөг хүндэтгэн үзэж хэн хүмүүн нар нуулгүйгээр өөрийн санасныг аман үгээр ба бичиг дэвтрээр хэвлэн гаргаж олонд тараахад хуучин хэвээр чөлөө эрхтэй бай­тугай. Гагцхүү улс төр ба олон түмний ашиг тус, эрх мэдэл, дүрс байдал хорлолтой зүйлийг гарга­ваас тухайд тогтоосон дүрийн ёсоор шийтгэсүгэй.

Ард түмнээр санал хүчин нийлж нам, хоршоо, бүлгэм, үүр зэргийг байгуулах ба хуралдан чуулж аливаа зэрэг учир шүүмжлэх аваас тухайд тогтоосон дүрмийн ёсоох хэрхэхээ чөлөөтэй эдэлтү­гэй. Гагцхүү улс төрд харштай зорилго явдлыг гаргаж болохгүй.

Монголын харьяат бүгд дээд дорд эрхтэн, дархтан, лам хар,  хэмээн ялгаварлахгүй нэгэн адил үзэж цөм улс төр орон нутгийн алба үүрэг ба эрх чөлөөг тэгш эдэлнэ" хэмээсэн байхад Д.Бо­доогийн "монгол хэмжээт засаг­тай ард улсын Үндсэн хууль" төсөлд:

Нэгдүгээр бүлэг. Богд хааны тухай зүйлүүд

Гуравдугаар зүйл. Богд хаан хэмжээт засагт ард улсын хаан тус, тус улсын алив хэргийг Засгийн газрын ерөнхий товчоогоор дам­жуулан гүйцэтгүүлвээс зохино.

Хоёрдугаар бүлэг. Ардын эрх ба үүргийн тухай

Аравдугаар зүйл. Монгол ард хэн ч болов хуучин эрх чөлөө, заншлаа эдлэхээс гадна сонгон хэрэглэхүйд нийлэлдэх эрдэм яв­дал буй бөгөөс бичиг цэргийн их тушаал ба бусад ямар ч албанд орж болно.

Арван хоёрдугаар зүйл. Мон­гол ард өөр өөрийн хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгийг эдлэх эрх буй. Гагцхүү тогтоосон хууль ёсоор албан татварыг хураалгаваас зохино.

Арван гуравдугаар зүйл. Мон­гол ард гагцаар буюу олноор нэр нийлж өөр өөрийн эрх ашгийг дэлгэрүүлэх бодлого гаргаж дээд газар өргөн мэдүүлэх эрх буй. Гагцхүү улсын хууль зөрчих ба захиргаанаас тогтоож үл болно. 

Арван тавдугаар зүйл. Монгол ардуудыг хуулийн гадна зоримо­гоор барьж хорих ба гянданд хийх буюу орон нутгаас үлдэн хөөх хийгээд нэрийг нь гутааж дором­жилбоос үл болно.

Арван зургадугаар зүйл. Мон­голын ард хэн болов улс төрийн хэргийг сайжруулах  зэргийн санал гаргаж цугларан хэлэлцэх ба нам, хоршоо байгуулах эрх буй" гэснээс үзэхэд дээрх хоёр төсөл нь Марк­сист онолоос ангид хувийн өмч, хүний эрх чөлөөг бататган хам­гаал­сан ардчилсан шинж чанар бүхий хууль болсон байна.

Монгол Улсын энэхүү ардчил­сан Үндсэн хуулийн эсрэг Зөвлөлт Орос Улс хүч түрэн цуст тэмцлийг эхлүүлжээ. Марксист онол бүхий Үндсэн хуулийг батлуулах гэсэн тэдний тэмцэл төрийн эргэлт  бо­лон хувирсан юм гэж С.Отгонжар­гал доктор дүгнэжээ.

Ийнхүү 1922 оны наймдугаар сарын 31-нд Цэргийн яамны сайд жанжин Д.Сүхбаатарын тушаа­лаар Д.Бодоо, Чагдаржав нарын 14 хүнийг яаравчлан цаазлахад Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль боловсруулсан эзэн­тэйгээ хамт цаазлагдсан байна. Хэрвээ Ерөнхий сайд Д.Бодоо, шадар сайд Чагдаржав нарыг албан тушаалаас нь авч хаяж улмаар хилс хэрэг тулган яаравч­лан цаазлаагүй бол Монгол Улс бүүр 1922-1924 онд ардчилсан Үндсэн хуультай Англи маягийн парламентын хаант улсын замыг сонгож байсан түүхэн баримт энэ байна.

 

 Эх сурвалжууд: МАХН-ын төв архив ф-4, д-1, хн-27, хн-224,19-20 дахь тал,

МУҮТАрхив ф-170,д-1, хн-546,

Монгол дахь улс төрийн хэл­мэгдүүлэлт эрдэм шинжилгээ судлалын бага хурлын илтгэ­лүүд Улаанбаатар 2010 он.

Равдангийн Болд " Монголын тусгаар тогтнол ба АНУ" Улаан­баатар 2008 он.

Г.Дашрэнцэн /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоморголон устгалт шагнагдав 1 цаг 11 мин Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? 2 цаг 54 мин Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах нь 5 цаг 8 мин Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг давтах вий 6 цаг 29 мин Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна 6 цаг 36 мин Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай 6 цаг 50 мин Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Өчигдөр 16 цаг 49 мин ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 14 цаг 44 мин Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа 2024-12-10 Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ 2024-12-10 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ 2024-12-10 Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа 2024-12-10 Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ? 2024-12-10 Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа 2024-12-10 МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-12-09 Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? 2024-12-09 Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ" 2024-12-09 Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайгаа харайлгаж очлоо. Манайхан үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ 2024-12-09 Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно 2024-12-09 “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина 2024-12-08
iИх уншсан
Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайг... Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ... МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эм... Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор ц... Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгуулл... Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай... Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ... Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлги... Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад?
Top