x

ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД

ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД

НэгНаадамчдыг айлгасан “наадам”

Биднийг маргах болоод ярих юмтай байлгадаг Халловээн буюу “Айдсын баяр” ирж байна. Зарим нь тэмдэглэж, хүүхдэд өгөх чихэр жимс бэлдэж байхад нөгөө зарим нь “Чөтгөрийн баяр” хэмээн сэжиглэн, чихэр жимс гуйсан хүүхдүүдийг хөөх туухыг уриалж харагдана. Юун нөгөө, “хүүхэд нохой хоёрыг баярлуулсан хүн сайн явдаг” энээ тэрээ байх вэ.

    Угаасаа бидэнд хэрүүл, уруулгүй тэмдэглэчихдэг баяр ч гэж байх биш дээ. Үндэсний наадам гэхэд л эрлийз хурлийз адуу, эндсэн унасан хүүхэд, даваагаа зардаг аваргуудын будлианыг дагасан хэрүүл дүүрэн. Цагаан сараа мөрөөрөө тэмдэглэчихгүй. Тэрбишийн зурхайн тэр нь биш, Энэбишийн календарийн энэ нь бишээс аваад буруу зөв тооцсон, шар хар зурхай, өдөр сар илүүдэж, дутсан гээд л бөөн хэрүүл. 

    Кельтүүдийн зан үйлээс улбаалан Англи, Ирландад үндэсний явцуухан ритуаль, зан үйлийн тасархай байсан үзэгдлийг үндэстэн дамнасан наадам, түүнийг дагасан том бизнес болгосон нь мөнөөх америкчууд. Тэдэнд сэжиглэх, цээрлэх, ёр цээрээс жийрхэх гэсэн ном үгүй. Ямар ч юмыг хараад “Энийг яаж мөнгө болгох вэ” гэж л эргэцүүлнэ. Тэдэнд найр наадмаас эхлээд дайн дажин, энх тайван тогтоохыг хүртэл “мөнгө” болгож чадаагүй юм алга. 

    Халловээн нь ад, албингууд нийллэг хийж “Чөтгөрийн гурван наадам”, ”Шуламын тооллын ёолк” маягийн юм хийснээс ч эхтэй биш юм шиг байна. Анхандаа “Бүх гэгээний өдөр” гэдгийг битүүн маягтай юм байжээ дээ, янз нь. Яван явсаар тэнд нь янз бүрийн хий юмны багтай ёслох энээ тэрээ болоод сүүлдээ, “Аймшгийн гурван наадам” маягтай болгоод хаяжээ. Түүнийг тойрсон том бизнес, мөнгөний эргэлт ч бий болж. 

   Дашрамд мэдэмхийрэхэд, Цэргийн, Эдийн засгийн (Шинжлэх ухаан технологийн), Соёлын гэсэн гурван том импери байдаг ба энэ бүхнээс хамгийн бат бөх бөгөөд хүчирхэг нь Соёлын импери гэж З.Бжезинскийн хэлдэг. Хамгийн хэврэг нь цэргийнх. Хүч нь сулармагч доор нь байсан хүмүүс түлхэн унагадаг. Эдийн засгаар ноёлогчийн баялаг нь буурмагц орхигддог. Харин Соёлын импери рүү хүмүүс өөрснөө татагдан тэмүүлж байдаг. Соёлын империйн сонгодог жишээ нь эртний Ромоос өнөөгийн Америк хүртэл үргэлжилнэ. Тэр үеийнхэн “Би Ромын иргэн” гэж хэлэхдээ магнай тэнэгэр байсан бол өнөөгийнхэн “Америк” жийнс өмсөж, халловээн тэмдэглэхдээ урамтай ажгуу. Америк нь цэргийн ч, эдийн засаг-шинжлэх ухааны ч, бас соёлын ч импери гэдэг. Монголын их гүрний байлдан дагуулал нь цэргийн импери атлаа эзэрхийлсэн газар орныхоо соёлыг хөнддөггүй, харин ч өөрөө уусан шингэдэг байжээ. Ийм импери ерийн цэргийн империэс урт настай ч өөрөө тэдэндээ уусдаг онцлогтой гэнэ. Үүнийгээ лалын шашинтнуудыг эзлэсэн биш тэдэндээ уусаад исламын тодорхой урсгал чиглэлийг хамгаалагч шүтээн шахуугаар үлдэж түүхнээ бичигдсэн Зүчийн удмынхнаар жишээлэн бичсэн байдаг. 

    Зүгээр л бодвоос, англи хэлийг Америк соёлын империйн хэл учраас л дэлхий даяараа сурцгааж байгаа болохоос Англи улсыг дээдлээд тэгсэн ч юм биш байх нь, тийм үү?

    Америк маягийн соёлын империйн хүрээнд Халловээн хэмээх нэгэн зүйл айдсын наадам бидний амьдралд орж ирээд удаагүй байна. Соёлын түрлэгийг сөрөх хэцүү. Эн тэнцүү эсвэл илүү соёл бүтээгээд сөргүүлж нэг болох байх. Харин “хүчийг нь дагуулж тонгорох” гэдэг шиг танигдахгүй болтол өөриймшүүлэх бол өөр хэрэг. 

хоёр. Айдас, хүн хоёр

Айх, айлгах нь хүний төрөлх чанар. Хүнийг дарангуйлахаас эхлээд баясгах, айлгахаас өгсүүлээд хөгжөөх олон зорилгоор энэ онцлогийг ашиглаж иржээ. Айдсын урлаг бол зугаа цэнгэлийн бизнесийн салшгүй салбар. 

   Бидний хүүхэд насны ийм урлаг жавжиндаа хуруугаа хийж нүүрээ хувиргаад хадны мангаа болж дүү нараа айлгахаас эхлээд, булангийн цаанаас гэнэт бултасхийж андуудаа цочоох хүртэл хөгжиж байв даа. Нялх хүүхэд зүүдэндээ царай нь хувиран уйлах мэт болсноо, инээвхийлэхийг үнэгчлэх гэх. Учрыг тайлбарлахдаа: Зүүдэнд ирсэн үнэг “Ээж чинь үхчихлээ” гэдэг. Хүүхэд уйлаад эхэлдэг. Тэгмэгц нь “За тоглосон юм аа” хэмээн хуурснаа тайлахад хүүхэд нүүр дүүрэн инээдэг гэх. Үлдээсэн сургамж нь: Хүүхдийг олигтойхон баярлуулъя гэвэл эхлээд сайн айлгах хэрэгтэй. 

    Баярлуулах сэтгэл зүйн бэлтгэл болгож айлгах нь өнгөрсөн үеийн удирдлагын арга барилын салшгүй хэсэг байв. Үгүй одоо, саяхан даа. Манай Ерөнхийлөгчийн тэтгэлгийг гардуулах гэж очсон ажилтан шагнах хүүхдээ монгол ёсоор хуурч айлгаад, баахан шүүмжлүүлэв дээ. 

    ХХ зууны монголчуудын хүмүүжүүлэх, иргэншүүлэх арга нь ч айлгах ч тактикаар хөллөсөн түүхтэй. Ялангуяа бидний үеийнхэн, эцэг эхийн үгэнд орохгүй бол хадны мангаа ирж авахаас айж өсөөд, улмаар намзасгийн үгэнд орохгүй бол НАХ Яамны төлөөлөгч ирж барихаас айж хүмүүжсэн. 

    Ийм л нийгэмд хүч түрэн орж ирсэн барууны соёлын түрлэг дунд Халловээн хэмээх айдсын наадам оршиж байна. Уг нь “Гэгээн хайрын баяр” , “Шинэ жилийн сүлд модны наадам” энэ тэрийг нь аваад Халловээнийг нь хасчихмаар л байдаг, болдогсон бол? Даанч хоорондоо салахын аргагүй уягдсан соёлын бүтэн хэлхээ юм даа.

    Гол үйл явдал нь гэвэл хүүхэд залуус наадмын гоёлоо өмсөхийн оронд хадны мангаа аятай хувцаслаад шоудана. Жаахан хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр гуйдаг. Нэг иймэрхүү л юм болдог. 

  Хүмүүсийг цочроодог зүйл нь хүний араг яс, гавал мэтийг дүрсэлсэн баг хэрэглэх тул сүсэгтнүүд их жийрхэнэ. Ер нь сонин шүү. Хүний өөрийнхөө араг яснаас учиргүй айдаг нь. Амьтны яс мөчийг огтхон ч тоохгүй чанаад, мөлжин таашаах атлаа, өөрийнөө ясны зурагнаас хүртэл айна. Барилгачдын хэлээр бол өөрийнхөө раам, каркаазнаас л сүнс зайлах гээд байна аа даа. 

 Уул нь буддын гэгээн мэргэд “Чөтгөр шулам аюултай байлаа гээд чиний нисванисаас аюултай нь үгүй”, “Дарах дайсан сэтгэлд бий”, “Шуламд хорлогдож болох ч энэ нь чиний л хэзээ нэгэн цагт хийсэн үйлийн үр болохоос тэдний хорлолтойнх биш” гэхчлэн чамгүй сургасан л байдаг.

   Үйлийн үрээс бус, сэтгэлд нь орогнох нисванисаас ч биш, харин өөрийн “ренген”-ээс айдаг сүсэгтнүүдийн хаалгыг чөтгөрийн багтай жаалууд тогшиход их айдаг бололтой. Уг нь чөтгөр хаалга самардах, Дотоод яамны ногоон малгайтнууд ирээд шөнө хаалга нүдэх хоёрын аль нь аймаар байсныг өнгөрсөн түүх нь хэлээд өгдөг л баймаарсан. 

    Буддын сүм хийд, лам нарын хандлагыг бол ойлгож болно. Ямар ч тохиолдолд өөр шүтлэгээс гарвалтай зан үйлийг талархан хүлээж авдаг шашин гэж үгүй. Ялангуяа, ёр ба бэлгэдэл, зөн совинг чухалчлах заншилтэй хуврагуудад харуй бүрийн онцгүй цагаар, ад зэтгэрийн дүртэй хувцас өмсөж наадах, наадаад зогсохгүй чөтгөрийн гүйдэлтэй үеэр айл амьтны хаалга нүдэх сэлт нь мууг ёрлосон гэж үзнэ. 

    Аль ч шашин, хаанахын ч сүм хийдэд байх зүйл. Ухаандаа, загалмай мөргөлтний гол баярын тоонд лүйжин тавиулах, жинсрэг цутгах энэ тэр ороод, сүсэгтнүүд нь цогчин дугандаа загалмайлахын очихын оронд манайд ирж жилийн заслаа хийлгээд ирвэл Ватиканы үүдэнд сор залж, Гэгээн Петрийн ордонд гүрэм хийсний адил унтууцна.

   Харин энгийн иргэдийн зарим хандлагыг сүмийн үүднээс бус ерийн хүний байр сууринаас харахад огт өөр. Халловээнийг үзэн ядах нь Бурханд хайртайн баталгаа, түүнийг зүхэх нь шашиндаа үнэнчийн бэлгэдэл гэж ойлгодог ч хүмүүс бас байх шиг байна. Үгүй юм аа. Өөрийн шашин суртлыг хамгаалах нь үндэстний зөн совин гэж болох ч түүнийгээ үзэн ядах, үгүйсгэх байдлаар илэрхийлж болохгүй. 

    Бурхан багшийн сургаалын мөн чанар нь эс үзэн ядах, үл зүхэх. Түүний оронд хамаг амьтныг хайрлах энэрэх. 

   Бурхан Буддаг шүтэх, ерөөс аливаа нэг шашин номлолыг дагах хоёр багагүй зөрөөтэй гэх юм билээ. Олон зүйл мөргөл шүтлэгт “дундын дайсантай байх”, “шүтээнийхээ дайсныг үзэн ядах” нь гол зарчим, гол шалгуур нь байдаг. Гэтэл Бурхан багш хамаг амьтныг энэрэн нигүүлсэхийг сургаад, бусадтай дайсагнах нь нисванисаа таниагүйн зовлон гэж заажээ. 

гурав. Халловээнийг монголчилох ба тэрсүүдийг шашинд оруулах

   Хэрвээ Халловээнийг тэмдэглэхгүй, тэмдэглүүлэхгүй байсаар алгасчихвал сайн л биз. Сайн нь юундаа байна гэхээр “оронд нь ондоо гоё юм өгөх”, “Халловээний учруулах байсан гай зовлонгоос ангижрах"-даа биш юм. Үйлийг нь хийсэн байхад үр нь Халловээнтэй ч гарна, Халловээнгүй ч гарна. Зүгээр л нийтээрээ хэрэлдэх нэг шалтгаас (шалтгаанаас биш) салах төдий л юм.

   Гэхдээ соёлын ийм түрлэгээс зайлах нь юу л бол. Нэгэн цагт цөмөөрөө дасаад, бидний найр наадмын нэг болчихсон л байх вий. Өнөөгийн буддистууд бид Есүс Христ мэндэлснээс хойшхи тооллоор насаа тоолоод л, түүний төрсөн өдрийг хүн төрөлхтөнтэй хамт тэмдэглээд л явж байгаа шиг.

   Түүний оронд Халловээнийг танигдахгүй болтол монголчлох, сэжиггүй болтол өөриймшүүлэх боломж бол байна. Ингэхийн тулд дэмий эсэргүүцэхээ болиод бэлгэдэл зан үйл рүү нь өөрийнхөө юмыг чихэж оруулах хэрэгтэй.

  Халловээнийг монголчлохдоо, эхний ээлжинд "зургаасаа тайлбар нь чухал" гэдэг шиг бэлгэдлүүдийг өөрөөр харж, ондоогоор тайлбарлаад явж болно. 

  Ёрын дүрслэлтэй гэх багны хувьд гэвэл “Хортныг номтхохын тулд догшин дүрээр залардаг” догшид, “Нисванисыг түймэрдэн байгаагаар дүрслэгдсэн” бурхдуудаа зүгээр л төсөөлчихөд л болчих зүйл л дээ. Ер нь багнаас нь айгаад цам үзэж чадаагүй гэх хүн харагддаггүй дээ. Тэрчлэн, Улаанбаатарын сүлд гэхэд эелдэг гэхээргүй дүрслэлтэй, могой бариад идэхийг завдан буй аймаар шувуу. Гэхдээ бид “Яасан ёрын юм бэ” “Эвэр хошуутай махчин шувууг сүлдэндээ залаад яаж өөдлөх билээ”, “Хотын утаа, түгжрэл хоёроос өмнө үүнийг шийдъе баръя” гээд давхиад байгаагүй. Болоод л ирсэн.

   Ерөөсөө ч Монгол нутгийн газар орны эзэд лус савдаг нь шарын шашинд дагаар ороод уул овоог лам нар тахидаг болсон түүхтэй. Түүнчлэн Төвөдийн эрдэм чадалт хуврагууд муу зүгийн олон хүчирхэг “юм”-ыг номхотгон, шашин амьтанд туслах тангараг өргүүлсэн гэх кэйсийг захын ламаас асуухад л хэлээд өгнө.

    Бид муу ёроос ихэд цэрвэдэг ч, тэр нь үнэхээр үйлийн үр бүрэлдэхийн дохио байж болох ч үйл өөрөө биш юм даа, хуврагуудын хэлэхээр бол. Үнэхээр тийм дохио ирж байгаа үйлийг нь аль эрт хийчихсээн гэсэн үг гэх юм билээ.

   Халловээнгийн монголчлохдоо бидний хувьд буруу зүгийн дүрслэлд тооцогддог зүйлээс нь эхлээд салгаад явж болно. Жишээлэхэд бид лус савдаг, уул усны эздийн баяр болгон хувиргаж яагаад болохгүй гэж. Улаанбаатарын дөрвөн уулын эзний багтай хүүхдүүд хаалга тогшиж, “Та нар гол ус бохирдуулаагүй, онгон зэрлэг байгаль сүйдлээгүй биз! Тэгсэн бол шийтгэлтэй шүү” хэмээн анхааруулдаг байвал сонин. Бид хариуд нь “Бид жилийн турш байгаль дэлхийгээ сүйтгээгүй ээ, Лусны эзэн та тайвшир” гээд чихрээр аргадвал муухай нь хаана байна?

   Төрийн тахилгатай уул усны “төлөөлөгч” савдгууд энэ үеэр нийслэлдээ морилоод бүжиг наадам үүсгэвэл үзүүштэй. Чингээд явбал нэг мэдэхэд уг Халловээнтайгаа адилтгамгүй үндэсний фестиваль болж мэднэ. Латин Америкийн элдэв карнавалтай дүйх Монголын “лусын баяр” сэтгээд жуулчид урьсан ч яахав.

 Халловээн хажуугаар өнгөрөхгүй. Харин түүнийг монголчилж, урвуулж аваад өөрийн шашин сурталдаа зүтгүүлж болно. Түүнийгээ дагуулаад, манай лам хуврагууд айхавтар тийрэнг номын хүчээр номхотгоод, шашин амьтанд туслах тангараг өргүүлээд... гэх маягийн домог бүтээсэн ч яадаг юм бэ?

Жич: Зарим хүний зарим үйлдэл, тухайлбал баг өмссөн хүүхдүүдийг зэвүүцэн хөөх, муугаар хочлон дуудах эсвэл үүдэндээ “Манайх Халловээн хийхгүй” ч гэх шиг найрсаг бус зар хадах, үзэн ядалтаараа ихэд бахархах зэрэг нь үйлийн эзэн өөрөө буддизмаас хэчнээн алсыг харуулж, Бурханы номыг ойлгож дагах нь байтугаа сөхөж хараагүйнх нь гэрч болоод байна.

    Ядаж л, айл амьтны хүүхдийг аашилж, зүхэхийн оронд “Манайд цагаан сараар ирээрэй”, “Шинийн нэгэнд бэлгээ аваарай” гэхчлэн арай найрсаг байж болохгүй гэж үү? “Чөтгөрийн баг”-тай хүүхэд нүдэнд муухай ч сэтгэлдээ чөтгөртэй хүмүүнээс аймшигтай бус аа.

Б.Цэнддоо /2024.10.30/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ээр зарлав 4 цаг 14 мин Дэлхийн хамгийн том банкуудын нэг Citigroup Оросоос гарч байна 4 цаг 20 мин “Челси”-г худалдсанаас олсон орлогыг Украинд шилжүүлэхээс Абрамович татгалзжээ 4 цаг 23 мин Томуу, улаанбурхны халдвар хавсарсны улмаас найман сартай хүүхэд энджээ 4 цаг 26 мин Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ 4 цаг 28 мин Чингэлтэй дүүргийн Эрт илрүүлэг оношилгооны төв нээлтээ хийлээ 4 цаг 29 мин Нийслэлийн хот тохижилтод 167 шинэ машин техник ашиглалтад оржээ 4 цаг 29 мин П.Ганзориг: Аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулах асуудал огт хөндөгдсөнгүй 4 цаг 32 мин Х.Нямбаатар ТҮЦ-ийг нүүлгэж буй шалтгаанаа тайлбарлав 8 цаг 3 мин Нийслэлд 16 мега төсөл хэрэгжүүлж, 190.8 км авто зам шинэчиллээ 8 цаг 25 мин Шинэ жилийн баяраар нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 32 мин Бүх хилийн боомтууд 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр амарна 8 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 51 мин Монгол Улс 2025 онд гадаад харилцааны цар хүрээгээ тэллээ 9 цаг 12 мин Өмнөд Солонгост дэлхийн хамгийн том вольфрамын уурхайг дахин нээлээ 9 цаг 16 мин УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэнг сонголоо 9 цаг 18 мин Улсын филармони нэрийн марк, хос пянзаа гаргалаа 10 цаг 20 мин Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов 10 цаг 24 мин Та урт наслах боломжтой болов 10 цаг 25 мин Гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг АТГ шалгав 10 цаг 42 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя... Оны “онцлох” нам Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн б... Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэл... Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5... Доктор Т.Зэвгээд Ардын багш цол хүртээв
Top