Бурханы номыг шашны удирдагчид айлддаг. Айлдсан номыг нь шавь нар нь ном судар болгоод хүмүүст заадаг. Дэлхийд христийн Библи, исламын Коран, хиндугийн шашны Гита гэх мэт олон судар байдаг.Дэлхийд олон шашин байдаг. Гэвч эдгээр олон шашнаас ганц л шашин хүнийг аварч, сансарын үйлийн үрийн хүрдний зовлонгоос гэтэлгэдэг. Тэр бол Буддын шашин юм. Бурхан багшийн айлдсан судар ном л хүмүүсийг гэгээрүүлж чадна.
Будда 2500 жилийн тэртээ: ”Төмрийн зэвийг сайтар арилгавал түүгээр хийсэн эдлэл эрхэм сайхан болно. Түүнчлэн хүн хэрэв бодь хутгийг хүсвэл зүрх сэтгэлээ шуналын хир, үйлийн буртгаас цэвэрлэх хэрэгтэй. Хүмүүс муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан. Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан. Зургаан мэрэхгүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан. Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан. Гэгээрсэн багштай учравч зүрхний угаас итгэх нь ховор завшаан. Зүрхний угаас итгэвч билиг ухаан сэрэх нь ховор завшаан. Билиг ухаан сэрэвч сахил дадлаас хэтийдэх нь ховор завшаан.
Та бүхэн надаас түмэн бээр хол оршивч миний сургаалийг бясалгаваас гэгээн хутгийг олох нь гарцаагүй. Миний хажууд байсан ч сургаал зарчмыг минь огоорсон хүн хэзээ ч гэгээрэхгүй” хэмээн айлджээ. Орчин үед зарим хүмүүс “Шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх” гээд Бурханы сургаалийг үл тоодог. Гэвч хүмүүн гэдэг амьтаноюун билигт хүний ховор нандин төрлийг олсон боловч боломжоо ашиглалгүй сансарт урт хугацаагаар ахин дахин төрөл авч хүлэгдсээр цагийг дэмий өнгөрүүлжээ. Хайран хүний төрөл. Хувь ерөөлтэй хүн л Бурханы номтой учирна. Хувь ерөөлгүй хүн уулан дахь хойшоо харсан агуйнд нарны гэрэл тусдаггүй гэгчээр Бурханы номтой учирдаггүй.
Миний унших дуртай судар бол Богд ламын бүтээсэн“Ламрим” судар болон “Ганжуур” судар. Олон Ламрим судар байдаг юм. Надад 8 төрлийн “Ламрим” судар байна. Энэ удаа би Шаамар Гэндэнданзанжамц гэгээнтний туурвисан “Шаамар Ламрим” судрыг уншлаа. Энэхүү“Амар мөр, Шаамар Ламрим” хэмээх судрыг түвд хэлнээс хөрвүүлж монгол хэлнээ буулгасан Шунлайв гавж багш С.Гантөмөр, залуу лам У.Пүрэвсүх нартаа маш их баярлалаа. Монгол эх хэл дээрээ “Ламрим” судрыг уншина гэдэг их хувь заяа шүү. Ламрим судрын зөвхөн гарчгийг нь уншихад л гэгээрэлийн шат бүхнийг дэс дараатай заасан нь сэтгэлийг баясгана.
Бурхан багшийн сургаал бол ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, мөн чанар, логик, нисваанисийг хэрхэн дарж боди сэтгэлийг олж хоосон чанарыг онож гэгээрэлд хүрэх тухайтад гол номлолоо төвлөрүүлсэн байдаг. Зарим атеист буюу шашингүйн үзэлт хүмүүс Бурханы сургаалийг бурангуй шашин, мухар сүсэг, ард түмнийг мунхруулагч хар тамхи, нийгмийг боогдуулж хөгжлөөс хоцроогч энэ тэр хэмээн баахан муулж доромжилдог. Ингэж бодвол том эндүүрэл болоод зогсохгүй том нүгэл болно. Бурхан багшийн сургаал бол нийгмийн ухуулга биш, улс төр ч биш, нийгэм рүү чиглэсэн сургаал ч биш юм. Бурхан багшийн сургаал бол хувь хүн рүү чиглэсэн, хувь хүнийг зөв үзэлтэй болгохыг заасан, хувь хүнийг төөрөгдөл мунхагийн манангаас гаргаж, сансрын зовлонгоос гэтэлгэж гэгээрүүлэхийн тухайтад номлосон авралын сургаал болой.
Ламрим сударт Бурхан багшид ямар соёрхол тавихыг тодорхой заасан байдаг: Соёрхол тавихдаа “Би хийгээд хамаг амьтад орчлонд төрөөд өнө удаан хүчтэй хатуу элдэв зовлон амсаж буй нь хамаг орчлонг зовлонгийн мөн чанартайг мэдээд түүнээс гэтлэхийг хүссэн сэтгэл хүчтэй төрөөгүйгээс уршигдсан тул одоо би хийгээд хамаг амьтанд гэтлэхийг хүссэн хүчтэй сэтгэл төрөхөд Бурхан бээр адислан хайрла, би хийгээд хамаг амьтан элдэв зовлон амсаж буй нь гэтлэхийг хүссэн сэтгэл төрүүлээд мөр гурван суртгаалд ёсчлон эс суралцсанаар уршигдсан тул одоо би хийгээд хамаг амьтан мөр гурван суртгаалд ёсчлон суралцаж чадахад Бурхан бээр адислан хайрла,би хийгээд хамаг амьтан бүгдийн үндсэнд, амьтан бүгдэд ойр хол хоёрт тачаах уурлах хоёроос хагацсан тэгш сэтгэл болон эхэд мэдэх, ачыг санах, ачыг хариулах, асрахуй, энэрэхүй, боди сэтгэлийн ялгамжаат онол төрөөгүй тул одоо би хийгээд амьтан бүгдэд ойр хол хоёрт тачаах уурлах хоёроос хагацсан тэгш сэтгэл болон эхэд мэдэх, ачыг санах, ачыг хариулах, асрахуй, энэрэхүй, боди сэтгэлийн ялгамжаат онол төрөхөд Бурхан бээр адислан хайрла” хэмээн соёрхол тавьдаг.
Хүмүүс бид хүний төрлийг олж төрсөн нь үнэхээр ховор завшаан юм. Гэтэл хүмүүс бид энэхүү ховор завшаанаа ашиглаж чаддаггүй. Хүмүүс бид Гурван эрдэнэд аврал одуулж буян үйлдэж гэгээрэлийн замд орохын оронд гурван нисваанист хорлогдож хүний төрлийг утгагүй дэмий өнгөрөөдөг аж. Хүмүүс бид ямар зовлонд унаад байгаагаа сайтар ойлгох хэрэгтэй. Харилцан тэмцэлдээд хяргуулсан хүний толгойг нэг газар овоолвоос Сүмбэр уулнаас ч өндөр болох аж. Өт хорхой болж төрөөд өлссөндөө болоод идсэнийг нь цуглуулах юм бол далайгаас арвин болох аж. Ийм учраас судар номонд хүмүүсийг “Эдгэрдэггүй өвчтөн”, “Суллагддаггүй хоригдол”, “Зорьсон газраа хүрдэггүй аянчин” гэдэг аж.
Хүмүүн гэдэг дараах зовлонтой ажээ. Төрсөн биеэ ахин дахин орхихын зовлон. Сударт хэн боловч гурван мянган ертөнцөд урьд цагт төрж байгаагүй, үхэж байгаагүй гэх газар зүүний үзүүрийн төдий ч байхгүй хэмээжээ. Хүн болж төрөөд үхсэн ясыг нь цуглуулвал Сүмбэр уулнаас өндөр, цус нь далайгаас ч арвин болно хэмээжээ.Тиймээс хүний биеийг олж төрлөө, тэнгэрийн биеийг олж төрлөө хэмээн гайхуулан хөөрөмшөх явдал үгүй , энэ бүгдийнг орхих жамтай тул энэ бүгд сэтгэлд итгэмжтэй зүйл бус хэмээжээ.Ахин дахин өөдлөн доройтохын гэм. Энэ ертөнцөд дорд муугаас өөдлөн дээшлэх нь маш ховор. Харин өндөр дээрээс уруудан доошлох нь үлэмж элбэг. Хүмүүний дээд Загарвардийн хаан гурван муу заяанд унах нь буй. Бясман тэнгэр болж төрөөд бирд төрөлд унах нь энүүхэнд. Товчилвоос Бурхан багшийн айлдсан:”Хураасны эцэст барагдана.Өндөрлөсний эцэст нурна.Учирсны эцэст хагацна.Төрсний эцэст үхнэ” гэдэг сургаал сансрын мөн чанарыг хэлсэн байна.
Бурхан багш “Хүмүүст дөрвөн зовлон байна. Энэ нь төрөхийн зовлон, Өтлөхийн зовлон, Өвчин олохын зовлон,Үхэхийн зовлон байна” хэмээн айлдсан. Бурхан багш сансрын зовлонгоос хэрхэн ангижирч гэгээрэлийн хутгийг олохыг заасан. Энэ ертөнц маань магадлал үгүйн зовлонтой аж. Орчлонд хүмүүс бид тэнүүчлэн олон дахин төрөл авахдаа эрт нэгэн төрөлд эцэг эх , амраг садан явсан хүмүүс хойт нэгэн төрөлд хорлогч дайсан болж төрөх, эцэг нь хүү нь болж төрөх, баян хүн ядуу болж төрөх, тэнгэрт төрсөн нь бирд төрөл авах, муу заяаны амьтад тэнгэр, хүмүүний төрөл авах гэх мэтээр тогтсон магадлал үгүй аж.
Энэ ертөнцийн бас нэг зовлон бол үл ханахуйн зовлон. Энэ ертөнцөд хүн болж төрсөн тухайн нэг хүний эхийгээ хөхсөн сүүг нь хурааваас далай мэт арвин болох аж. Хүмүүс эзэн хаан болох, эд баялаг хураах, тансаг зоог идэх уух, тансаг хувцас өмсөх гээд элдэв юманд шунасан сэтгэлийг тоолох юм бол зүүний үзүүрт тогтох нэг ч зүйл алга. Үл ханах нь сансрын хамгийн муу гэм аж. Янаг садангаасаа хагацсан нулимсыг хурааваас далай мэт хэмээн үздэг. Энэ бүх зовлон, гэмийг хэрхэн арилгаж,Нирвааны зам мөрд хэрхэн орж,Боди сэтгэлийг хэрхэн олж, зургаан билиг барамидийг хэрхэн эзэмшиж,бусдыг боловсруулагч дөрвөн хураангуйд хэрхэн суралцаж, нууц тарний үрийг хэрхэн олохыг энэхүү Ламрим сударт өгүүлжээ.
Би “Ганжуур” судрыг унших дуртай. “Ганжуур” судрыг орчин үеийн кирилл бичигт пали хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан Д.Ширэндэв багш, Д.Бямбажав багш нартаа талархмой. Энэхүү Ганжуур судрыг ивээн тэтгэн хэвлүүлсэн “Петровис” ХХК-нийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэлд талархмой.Энэхүү Ганжуур сударын “Дхаммапада – Аттхакатха номын бадгийн тайлбар” гэсэн нэртэй энэтхэг Ганжуурын нэгдүгээр боть надад байдаг юм. Энэ Ганжуурын ботийг би анх “Интерном” хэмээх дэлгүүрт хараад шууд л худалдан авч билээ. Хүмүүс Будда багшийн нэрийг нь мэддэг боловч ихэнхи нь Будда ямар гаралтай, ямар эрдэмтэй, ямар ном сургаал айлдсаныг нь төдийлөн мэддэггүй. Тэр ч аргагүй.
Монголчууд социализмын үед шашингүйн цөвүүн цагт Бурханы судар номыг хориглосон тул огт мэдэхгүй өнгөрсөн. Будда багшийн тухай Ганжуур сударт бичсэнийг товчхон өгүүлье. Будда багш тоолшгүй дөрвөн галав хийгээд зуун мянган галавын өмнө Амарвати хотод Сумадха нэртэй бярманы хүү болон төрж бүх ухаанд мэргэжсэн хүн болжээ. Эх, эцэг нь таалал төгссөний дараа тэр бээр олон зуун саяын хөрөнгөө бусдад өглөг болгон өгч, аршийн ёсоор хувраг болж, Хималайн ууланд амьдарч самадид илт мэдлийг олж огторгуйн замаар нисэн явж тэр үед Дивангар Бурхан Судассан хийдээс Амарвати хот руу явж байсан замыг цэвэрлэж байв гэнэ. Тэр бээр Бурханы явах замыг цэвэрлэж дуусаагүй байтал Бурхан хүрэлцэн ирэхийг хараад “Бурхан хийгээд шавь нар нь шавар шалбааг дээр гишгэлгүй миний дээгүүр алхаж яваг” хэмээн сэтгэж шавар шалбаагийг өөрийн биеэр далдлан хэвтэж үлдсэн газрыг гөрөөсний арьсаар бүтээжээ.
Үүнийг харсан Дивангар Бурхан “Энэ хүн ирээдүйд тоолшгүй дөрвөн галав хийгээд зуун мянган галав өнгөрсний дараа Гоутам хэмээх Бурхан болж Замбуутивд төрнө” хэмээн эшийг үзүүлжээ. Дивангар Бурханаас хойш Конданя, Мангал, Сумана, Ривадо, Какусандху,Конагамано, Кассапо зэрэг хорин гурван Бурхан ертөнцийг гийгүүлэн залрах үед тэднээс эшийг үзүүлж арван паарами, арван дээд паарами, арван туйлын дээд паарами тэргүүтнийг төгс болгоож Весантарийн төрөлд байхдаа хүү, охидоо орхиж их өглөгийг өгч тэндээсээ насан өөд болж Тушита тэнгэрийн оронд төрж тэнд насны хэмжээгээр аж төрөн сууж байтал мянган ертөнцийн тэнгэрүүд хуран цугларч “Энэрэнгүй их хүчит баатар тэнгэр минь,
Та эхийн хэвлийгээс төрөх цаг нэгэнт болжээ, Та өөрөө нирвааны амгаланг олон гэгээрч Тэнгэр сэлт биднийг зовлонгоос гэтэлгэгтүн. Төрөх цаг, төрөх нутаг, төрөх тив хийгээд төрөх гэр, төрүүлэх буянт эх тэргүүт таван зүйлийг таалан болгоосноор Та их Хүмүүн хүний төрөл авагтун” хэмээжээ. Ингэж л Будда Хүмүүний ертөнцөд Замбуутивд мэндэлжээ. Шакья удмын Шоддходан хааны агь Сиддхарта хан хүү зургаан жилийн турш их хатуужлыг үйлдэж, зуны эхэн сарын тэргэл сартай өдрийн өглөө Сужатагийн өгсөн сүүтэй будааг зооглоод Ниранзана голд алтан бадар аягаа урсгаж орхиод Ниранзаны ойд гуш өвсийг боди модны доор дэвсэж “ Би хүсэл тачаалаас үүдсэн хир буртгаас сэтгэлээ огоот гэтэлгэх хүртэл энэ суудлаасаа босохгүй” хэмээн тангараг үйлдэн наран ургах зүг харан сууж наран гарахаас өмнө үүр гийх цагт шуламсын хүчийг огоот ялан дийлж шөнийн эхний хагаст өөрийн өмнөх 555 төрлийг харах билгүүн, шөнө дундын хагаст бусдын үхэл төрлийг харах билгүүнийг олж, шөнийн сүүлийн хагаст учир шалтгааны билгүүнийг онож, наран мандах үед арван хүч, дөрвөн их төгс итгэл тэргүүтэн бүх хосгүй чанар төгөлдөр бүхнийг илт мэдэгч Бурханы хутгийг олж гэгээрчээ.
Будда долоон долоо дөчин ес хоног Боди модны дор нээсэн ариун номынхоо гүн утгыг тунгаан бясалгав. Энэ үед арван мянган ертөнцийн хүрдний их Эсрүн тэнгэрүүдээр хүрээлүүлэн Сахамбати Эсрүн тэнгэр хүрэлцэн ирж сургаал номоо заахыг хүсэн уламжилсанд хүлээн авч “Би эхлээд хэнд ном сургаалиа айлдах вэ?” гэдгийг болгоон хараад Сиддхарттай хамт бясалгаж байсан таван хуврагуудыг ач тусыг санаж суудлаасаа өндийн босож Каши хотын зүг явав. Зуны сүүл сарын шинийн арван таванд Иссипатанид таван хуврагийн амьдарч байгаа газар очиж таван хуврагт ном айлдаж Аннят Кондания тэргүүтэй зуун наян сая Эсрүн тэнгэрүүдэд мөнхийн рашааныг уулган номын хүрдийг эргүүлэв. Зуны сүүл сарын шинийн хорин гэхэд тэдгээр хуврагууд дайснаа дарахуйн үрийг олж гэгээрэв” хэмээжээ. Бурханы номыг унших тутам улам гүнзгийрдэг юм, Бурханы ном хүнийг мунхагийн харанхуйгаас аварч гэгээрүүлдэг юм.
Сүсэгтэн хүн Бурхан багш, Бадмасамбхава гэгээтэн, Адишаа Богд, Тилопа, Наропа, Марпа гэгээнтэн, Мила Богд, Шантидева гэгээнтэн, Нагаржуна, Асанга, Богд Зонхаба, Сажа,Нинва, Гарма гаржид, Гэлүгвагийн ёсны ном сударууд, монголын үе үеийн Богд Жэвзүндамба хутагт гэгээнтнүүдийн намтар түүх, бүтээлийг уншиж бясалгах нь нэн чухал. Бурханы шашинтан хүн “Итгэл, Гандан лхавжама, Ёндон ширжүрма, Дэнбрэл додва, Тарва чэнбо, Сэр Од, Санжод монлам” хэмээх судрыг уншваас нэн сайн.“Шүтэн барилдлагын магтаал” буюу “Дэнбэрэл додва” судрыг хоосон чанарын тухай өгүүлсэн ”Төгс билгийн зүрхэн судар” буюу “Шэрнин” судар, “Нанжад” буюу “Найман гэгээн” судар, “Доржзодва” буюу “Очироор огтлогч” судартай хослуулан уншваас нэн сайн. Жову Адиша Богдын “Бодь мөрийн зул”, Зонхаба Богдын “Ламрим” бүтээлүүдийг унших хэрэгтэй. “Ламрим” нь хүнийг гурван төрөлхтний мөрөөр дагуулан хөтөлж, Бурханы хутагт хүргэх арга замыг дэс дараатай, дэлгэрэнгүй заасан охь манлай судар мөн болой.
Сүсэгтэн хүн өдөр бүр Бурханы судар уншиж бясалгахгүй бол ахуй ертөнцийн нисваанистай амархан хутгалдаж ариун номоо алдчих гээд байдаг юм. Бурхан багшийн нээсэн Амирлахуй хийгээд Үлэмж үзэхүйн бясалгалыг хийх хэрэгтэй. Бясалгал бол хүний сэтгэлд үүрлэсэн ахуй ертөнцийн элдэв муу бодол, самуурал, төөрөгдөлийг үгүй хийж оронд нь бурханы номыг дүүүргэдэг юм. Хүн бие, хэл, сэтгэл гурваа ариусгаж, Бурханы зөв үзэлтэй болох нь хамгаас чухал юм.
Авралт Бурхан багшийн сургаалийг эдүгээ цагт ачит Лам багш нар үргэлжлүүлэн хүмүүст заасаар байна. Бурхан багшийн хүмүүст үлдээсэн ачит гурван эрдэнэ нь хүмүүсийн аврал болсоор байна. Хамаг амьтан Бурханы номтой учирч, Боди сэтгэлийг олж, Хоосон чанарыг онож, Гэгээрэлийн хутгийг олох болтугай.
Доржийн СҮХБААТАР /baabar.mn/