x

Я.Аюурзана: "Муугийн уршиг олонд, могойн цус тэнгэрт" гэдэг болж байна

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзанатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Хууль бол ёс суртахууны хэм хэмжээг тогтоодог. Тэгвэл Бурханы шашин юуг тогтоодог юм бэ?

-Бурханы шашин бол ёс суртахууны хэм хэмжээг хуулиас илүү тогтооно. Одоо Монголд улсад маш олон хууль байна. Хүмүүсийн ёс суртахуун өдрөөс өдөрт дээр дооргүй муудсаар. Хүний санаанд багтахгүй ёс бус үйл, гэмт хэрэг нэмэгдсээр байна. Энэ нь хууль бол ёс суртахууныг хэр тогтоож байгаагийн илрэл. Монголд хулгайгүй, үүдээ ширмэл эсгийгээр хаадаг үе байлаа. Монголчууд “Нүгэл, буян” гэж юу байдгийг мэдэж, ёс зүйтэй байсан үе мартагдаагүй байна.

-Ёс суртахуун бол сэтгэлийн боловсрол гэж томъёолдог. Энэ хэр оносон тодорхойлолт гэж та боддог вэ?

-Энэ оновчтой тодорхойлолт. Сэтгэлийн боловсролтой хүн бусдыг хайрлаж, хүндэтгэдэг, нийгмийн хэв журмыг баримталдаг, ёс суртахуунтай байж, амьдрал үйлс нь өөдрөг байдаг. Монголчууд “Сэтгэл зөв бол заяа зөв” гэдэг шүү дээ. Сэтгэл бол цэвэр ариун ус шиг тунгалаг чанартай. Бидний зүрхний тольтонд нигүүлсэхүй сэтгэл тунгалаг гэрлээ цацруулан тэтгэж байдаг. Сэтгэлийнхээ уг үндсэнд байгаа нинж асралын сэтгэлээ дэлгэрүүлэн хөгжүүлж сэтгэлийн боловсролыг олно.

-Бурханы шашинд муу сэтгэлийг ялснаар гэгээрдэг гэдэг. Гэгээрлийг ёс суртахуунтай холбож ойлгож болох уу?

-Сэтгэлээ номхотгож чадаагүйгээс уур хилэн ихтэй, хүсэл шунал нь дэвэрсэн, юмны мөн чанарыг шинжилж, учрыг олохгүй мунхаг харанхуйгаас хилэнцэт үйлийг үйлдэж, эрдэнэт хүмүүний энэ сайхан төрлөө гутааж явах нь харамсалтай. Хүн чанараа алдахгүйн тулд хүсэл шунал, уур хилэн, мунхаг тэргүүтэн муу сэтгэлээ номхотгон даран дарсаар ёс суртахуунтай болж, гэгээрлийн замд орно. Ёс суртахуун бол гэгээрлийн суурь мөн.

-Муу сэтгэл гээд ярьснаас үүдээд асуух зүйл байна. Энд арван 10 нүгэл, 10 цагаан буяны тухай ярих ёстой болно тийм ээ, багш аа. Яаж 10 цагаан буяныг дэлгэрүүлж, 10 хар нүглийг тэвчих үү?

-Бие, хэл, сэтгэл гурваар хийсэн зөв буруу бүх зүйлийг 10 зүйлд багтааж, буруу үйлүүдийг “Арван хар нүгэл”, түүнээс цээрлэх зөв үйлүүдийг “Арван цагаан буян” гэдэг. Амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцах гурав нь биеэр үйлдэгддэг. Худлаа ярих, хов ярих, ширүүн үг хэлэх, чалчих дөрөв нь хэлээр үйлдэгдэнэ. Шунаг сэтгэл, үзэн ядах, буруу сэтгэл гурав нь сэтгэлээр үйлдэгддэг. Эдгээрийг “Арван хар нүгэл” гэдэг юм.

Манай хүмүүс арван хар нүгэл үйлдсэнээр хэзээ ч сайн сайхан үүсдэггүй. Муу заяа үүнээс эхтэй гэдгийг мэддэг. Гэвч зарим нь зан заншлын буруу дадал зуршлаас болж арван хар нүгэл үйлддэг. “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гэж буруу цэцэрхэж гэм нүглээ зузаалсаар үйлсээ гэмтээж явдаг хүн ч бас байх юм.

Монголчууд эртнээсээ “Ёс алдах вий” хэмээн ихэд эмээж арван хар нүглийг цээрлэх ёс зүйд хичээн суралцаж ирсэн. Үр хүүхдүүддээ “Нүгэл, буян”-ыг мэдэхгүйгээс болоод ёс алдаж хилэнц уналд орох вий гэж болгоомжлон, багаас нь зөв ёс зан үйлд сургаж ирсэн уламжлалтай.

Арван хар нүглийг нарийвчлан задлан сайтар ойлгож, үр дагаврыг ухамсарлаж, бүх “сэдэл”-ийг нь дарж байж арван цагаан буяныг үйлдэнэ.

Эс өгснийг авах нүгэл гэхэд бусдын юмыг өөрийн болгох хүсэл нь “сэдэл” юм. Түүндээ хөтлөгдөн хулгайлах, булааж дээрэмдэх, зээлснээ өгөхгүй байх, хадгалуулсан зүйлийг нь өөрөө болоод бусдад өгч ашиглуулж хонжоо хайх, арга мэх луйвраар өөрийн болгох, бусдыг хулгай дээрэмд өдөөн хатгах, улс нийтийн өмчийг шамшигдуулах, өөрийн болгож ашиглах гэх мэт нь эс өгснийг авсан нүгэлд хамаарна. Энэ нь маш их нэхэлтэй. Эс өгснийг авсан үйлийн үр боловсорч цаг нь болохоор ямар нэг хэлбэрээр буцаж гарна. Эд малын гарлага гараад зогсохгүй, эрүүл мэнд эрхтэнд нөлөөлдөг. Гэнэтийн осолд орж, гар хуруугүй болох, дараа дараагийн үр удам нь хоосон ядуу явж зовох, үр хүүхэд нь  хөгжлийн бэрхшээлтэй төрөх гэх мэт гайтай ч нийтэд хор уршиг ихтэй байдаг. Ган зуд нүүрлэж тариа ногооны ургац муудах, аадар бороо орох, хүчтэй салхи шуурга гарч гамшиг болох, хулгай дээрэм хийгээд хүн ба хүн бусын хорлолд өртөх, амь насаа алдах гэх мэт хор уршгийг “Бодь мөрийн зэрэг” сударт заасан нь бий. Монголчууд эртнээс “Хүний юм хүнд хоол болохгүй” гэж хулгайг цээрлэж ирсэн уламжлалтай.

Энэ мэтээр арван хар нүгэл үйлдэх “сэдэл”-ийг дарж, ямар хор уршиг гарахыг сайн ойлгож ухамсарлаж, ёс зүйд суралцаж дадсанаар “Арван цагаан буян”-ыг үйлдэнэ. Чухамдаа төгс жаргалын үндэс нь арван цагаан буян юм.

Бусдыг төөрөгдүүлэх зорилгоор худлаа ярих, эв эеийг эвдэхээр хов ярих, эвдрэлцүүлэхүйц чалчаа үг хэлэх, өс санах, үзэн ядах, атаа жөтөө хийх, хорлох сэтгэл агуулах зэрэг буруу үзэл нь ихээхэн уршигтай нүгэл гэдгийг манай зарим хүмүүс ойлгохгүй байна.

“Би” гэсэн үзэл нь давамгайлсан, эрх чөлөө ярьж, бусдын сайн явдлыг үгүйсгэн шүүмжилж гутаадаг, хилэнцэт муу үйлийг дэвэргэж баясдаг, алдаатай үзэл номлол баримталж дагаж буруудсан, ичгүүр сонжуураа гээж ямар гэм зэм учрахыг нь мэдэхгүй буруу үзэлд бүрэн автсан хүмүүс мэр сэр байна. Арван хар нүглийн хамгийн адгийнх нь буруу үзэл юм.

Нүгэлт муу үйлээс  хүмүүсээ аврахын тулд бүх шашны сургууль, төрийн болон хувийн хэвшлийн бүх албан байгууллагад “Буян нүгэл”-ийн талаар урт богино хугацааны сургалтыг тогтмол явуулж хүн ардаа ёс суртахуунтай болгууштай. Хүн бүр “Арван цагаан буян” хураадаг болгочихвол манай улс Үндсэн хуулиндаа заасан хүмүүнлэг ардчилсан нийгмээ байгуулж чадна. Хөгжил дэвшилд хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ.

-Буддизмын үйлийн үр, ёс суртахууны сургаалууд хэнд ч хамааралтай. Үйлийн үрийн сургаалд ирээдүй өөрөөс чинь хамаарна гэдэг.Үүний тулд бид хичээх хэрэгтэй байх нь ээ.

-Тийм ээ, хүн бүр хичээх хэрэгтэй. Монголчуудын эртнээс өвлөгдөж ирсэн сайхан заншлууд алдагдан гээгдэж байна гэж харамсан ярьж байгаа олон хүн байна. Зөв буруу үйлийн үр боловсорч, тийм хэмжээний жаргал, зовлон урган гардаг. Зөв үйл хэдий өчүүхэн ч үр дүн нь жаргал байдаг. Урьд хийсэн буруу үйлээс л бүх зовлон урган гардаг. Энэ үйлийн үрийн сургаал нь манай хүмүүсийн ёс суртахуун, монголчуудын сайхан ёс заншлын уг сурвалж юм. Хуулиа олшруулж, хууль хүчний байгууллагаа бэхжүүлэхээс илүү хүмүүсээ ёс суртахуунтай болгоход илүү анхаарах нь чухал болоод байна л даа.

СЭТГЭЛ ЗАСАХ АРГЫН НЭГ БОЛ БЯСАЛГАЛ МӨН

-Ёс суртахуунтай нэгэн байхын тулд боловсролтой байх ёстой юу? Бурханы шашин бол мэдлэг боловсрол, ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг гэдэг шүү дээ.

-Ёс суртахуунтай байхын тулд боловсролтой байх ёстой. Мунхагийн харанхуйд будилж явахгүйн тулд хүн үргэлж сурч боловсорч байх ёстой. “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэдэг цэцэн үг бий. Мэргэжил мэдлэг эзэмших, улмаар мэргэших явцдаа бурханы сайн номлолд суралцаж, ёс суртахуунаа төгөлдөржүүлж, нийгмийн сайн сайхнаас үлгэр дуурайлал авч хүнлэг байх нь чухал юм даа. Гадаад, дотоодод сурч өндөр боловсролтой гэх боловч ёс суртахуунгүй бол тэр гутамшиг.

-Ёс суртахуун, ёс зүй ялгаатай юу?

-Ялгаатай байлгүй яах вэ. Ёс суртахуунтай хүн ёс зүйтэй байдаг. Одоо ёс зүйн хороо, ёс зүйн алба гэх мэт байгууллагууд байна. Ёс суртахуунтай хүн энэ хороо буюу албаар орж арга хэмжээ авахуулахгүй л дээ. Ингэхээр хүмүүсээ ёс суртахуунтай болгочихвол энэ хороо алба хэрэггүй. Зөв ёс суртахуунд суралцчихвал бүгд л нийгмийн мөрдөх ёс журмаа баримтлаад явна.

-Ёс суртахуунтай хүмүүн гэж хэнийг хэлэх вэ? Энэ давуу тал мөн үү?

-Ёс суртахуунд суралцаж, сэтгэлийн гэм нь арилсан, нийтээр мөрдөх ёс журмыг баримтлан хэрэгжүүлэгч, үйл амьдралдаа арван цагаан буяныг дэлгэрүүлэгч хүнийг ёс суртахуунтай хүн гэж хэлнэ. Энэ маш том давуу тал. Одоо ажилгүйдэл их байгаа ч ажилдаа эзэн болох хүн нь цөөн байна шүү дээ. Монголчууд “Гар хөдөлбөл ам хөдөлнө” гэж хүүхдэдээ сурган хөдөлмөрлөж, үйлдвэрлэж ирсэн ард түмэн.

-Үнэндээ өнөөдөр Монголд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол ёс суртахуун болоод байх шиг санагддаг. Тэр тусмаа ковидын айдас хүйдэс жихүүцэл төрүүлж буй энэ цагт ёс суртахуун ямар байх ёстой юм бол оо?

-Одоо ёс суртахуунгүй хүн цөөнгүй байгаа болохоор гараа хөдөлгөхгүй бусдын бүтээснийг хүртэж суух хүсэлтэй хүн байсаар байна. Ёс суртахуунгүй, хариуцлага муутайгаас болоод ковид Монголд өргөн тархлаа. Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс хамаг асуудал үүсч байна. “Муугийн уршиг олонд, Могойн цус тэнгэрт” гэдэг л  болоод байна. Бусдад өвчин халдаахгүй, өвчилж эмчлүүлж бусдыг зовоохгүй байгаа нь арван цагаан буяныг дэлгэрүүлж байгаа  юм л даа. Бүгдээрээ буянаа дэлгэрүүлцгээе гэж уриалмаар байна. Төр засгийн өндөр албан тушаалтнаас жирийн иргэд хүртэл бүх хүнийг ковидын хуулиа мөрдөж, өндөр ёс суртахуунтай байцгаахыг хүн ард маань хүсч байна даа.

-Дайн байлдаан, олныг хамарсан өвчин зовлонгийн үед ёс суртахуун доройтох тал байна уу?

-Хүнд үед хүний санаа сэтгэл давчдаж, айж эмээх, бухимдах нь их болдог. Хд хэн нэгнээс, эсвэл төр засгаас бурууг хайж, уурлаж ундууцдаг. Энэ нь ёс суртахуун доройтох нэг сэдэл болж байна. Ёс суртахууны доройтлоос “Дайны хажуугаар дажин” гэдэг юм үүсдэг.

-Сэтгэлийг бурханы номоор засна гэдэг. Сэтгэл засах олон аргын нэг бясалгал уу?

-Сэтгэл засах аргын нэг бол бясалгал мөн. Бясалгал хийж сэтгэлээ номхотгож чадсан хүний бие сэтгэл амгалан байдаг. Иймд хүн бүр бясалгалд шамдах хэрэгтэй. Бурханд залбирч, ном сонсож, олон тоогоор тарни тоолж, бясалгал хийж буй хүн нигүүлсэнгүй сэтгэлтэй болж, сэтгэлийн гэмээ арилгадаг.

-Сэтгэлийн үйл, оюуны бяр чадамжийг зөв залах ямар “жор” байна вэ?

-Манай монголчууд “Эрдэмт хүн даруу, Их мөрөн дөлгөөн” гэж цэцэлсэн нь бий. Энэ маш гүн утга агуулгатай. Оюуны бяр чадамжийг үүгээр илэрхийлжээ. Сэтгэлээр үйлдэх гурван муу үйлийг хорих замаар явж, эрдэмд шамдах нь оюун сэтгэхүйгээ бяртай болгох “жор” тэр болно.

-Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 15 цаг 1 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 8 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 26 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 27 мин Сэрэмжлүүлэг 16 цаг 30 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 16 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 16 цаг 32 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 16 цаг 34 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 16 цаг 35 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 17 цаг 36 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 17 цаг 39 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 17 цаг 46 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 17 цаг 56 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 17 цаг 56 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 18 цаг 0 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 21 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 20 цаг 36 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 21 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 25 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 21 цаг 40 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top