x

М.Игавахара: Япон улсын буцалтгүй тусламжаар “Төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахаратай ярилцлаа.

-Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирж, ажиллах болсонд таньд баяр хүргэж, амжилт хүсье. Өмнө нь манай улсад ирж байсан уу. Монгол Улсын талаарх таны хувийн бодол, сэтгэгдлийг тань эхлээд сонсохыг хүсэж байна?

-Баярлалаа. Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод томилогдон ирээд 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар дипломат үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэн.

Би өнөөг хүртэл дипломат алба хашиж байх хугацаандаа Япон, Монголын харилцаатай холбоотой олон ажилд оролцож байсан. 1988 онд Бээжин хотоос албан томилолтоор анх Монголд ирж байснаас хойш 1991 онд Япон улсын Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Ерөнхий сайд Т.Кайфү Монгол Улсад айлчлал хийх үед Улаанбаатар хот дахь бэлтгэл ажлын багт ажиллаж, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах урьдчилсан хэлэлцүүлэгт оролцон, Японы компаниудын хамт нүүрсний уурхайг үзэж танилцаж байсан. Үүнээс гадна гэр бүл, найз нөхөдтэйгөө жуулчны хувиар ирж, тал нутагт морь унаж, одот тэнгэрийг харсан аялалдаа сэтгэл ханамж дүүрэн байдаг.

Монголын өвөл хүйтэн хэдий ч монгол хүний сэтгэл халуун дулаан санагддаг. Цаашид цэцэн цэлмэг монголчуудтай дотносон нөхөрлөхийг хүсэж байна.

-Хоёр улсын хувьд хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Монгол Улсын хувьд Япон улсыг хамгийн том гуравдагч хөрш гэж үздэг. Цаашид гуравдагч хөршийн харилцаа, хамтын ажиллагааг илүү нягт, өргөн цар хүрээтэй болгохын тулд та ямар ажил, бодлого гаргаж явах вэ?

-Монгол Улс гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа хадгалах нь нэн чухал хэдий ч, тэдгээр улстай хэт хамааралтай байж нэг талыг барихгүйн тулд “Гуравдагч орнууд”-тай харилцаагаа хөгжүүлэх олон тулгуурт гадаад бодлогыг баримталж байна хэмээн ойлгож байна.

Монгол Улс гуравдагч орнууд дундаас харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухалчилж буй улс орнуудыг “Гуравдагч хөрш” хэмээн заасан байдаг. Монгол Улс “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон улсыг  чухал ач холбогдол бүхий улс орнуудын нэг хэмээн үздэг бол Япон улсын хувьд ч мөн Монгол Улс нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий орлуулашгүй түнш хэмээн тооцдог.

Япон, Монголын харилцаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, спорт зэрэг олон салбарт тогтвортой хөгжиж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа туйлын өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ч мөн өргөн хүрээнд нягтран гүнзгийрч байгаа нь хоёр орны харилцааны давуу тал юм. Цаашид энэ давуу талыг үр дүнтэй, бүрэн дүүрэн ашиглах бодолтой байна.

Түүнчлэн хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийн тулд хөгжих нөөц боломж ихтэй салбар болох хувийн хэвшлийнхний худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь чухал. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж, бизнесийн орчинг улам сайжруулснаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж, Япон, Монголын харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

-“Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” харилцаа, түүний ач холбогдлын талаар дурдахгүй юу?

-2022 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ф.Кишидагийн хамт “Япон улс, Монгол Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”ийг байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Өнөөг хүртэл хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл” болон хөгжиж ирсэн бөгөөд улмаар “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болон шат ахиж, энэ хүрээнд Япон, Монголын харилцаа улам бэхжихийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бидний зорилго бол Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхээс гадна хоёр орны найрсаг харилцааг түшиглэн, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах явдал юм.

-Мэдээж хоёр улсын хооронд хийгддэг худалдаа жил ирэх тусам өсч байгаа. Ингэхдээ Монгол Улсын хувьд Япон улсаас автомашин импортлох хэрэглээ нэмэгдсэн. Харин Япон улсын хувьд манай орноос ямар төрлийн бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байдаг вэ. Цаашид импортын бараа бүтээгдэхүүний төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Ихэнх япончуудын хувьд танил болсон монгол бараа, бүтээгдэхүүн гэвэл ноолууран бүтээгдэхүүн хамгийн түрүүнд санаанд орж байна. 1977 онд Япон улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан “Говь”ийн ноолуурын үйлдвэр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социализмын үеийн Монголын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулсан юм. Тус үйлдвэр нь 2007 онд хувьчлагдсанаас хойш хийц, технологи нь ихэд сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх болсон. Түүнчлэн Монгол Улсын дотоодын өрсөлдөөнөөс үүдэн Говь компани төдийгүй бусад олон компанийн бараа, бүтээгдэхүүний чанар улам сайжирч дэлхийн улс орнууд руу экспортлогдож байна.

Монгол бэлэг дурсгалын дэлгүүрт байдаг үзгийн сав, түрийвч, таблетын гэр, цүнх зэрэг монгол эсгий эдлэлүүд өвөрмөц хийцтэй байдаг нь япон хүмүүст ч таалагдах байх гэж боддог. Энэ төрлийн гар урлал нь монгол соёлыг мэдрүүлж, шинэлэг мэдрэмжийг төрүүлдэг учраас япончуудын сонирхлыг татах байх. Гэхдээ энэ бол зөвхөн миний хувийн л бодол гэдгийг ойлгоорой. Би өнгөрсөн 12 дугаар сард ирээд удаагүй байгаа учраас япончуудад ямар бүтээгдэхүүн санал болгох талаар илүү ихийг олж мэдэхийг хүсэж байна.

Мөн Япон, Монголын хооронд хийгдэж буй гадаад худалдааны тухайд, 2016 оны зургадугаар сард байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) хүчин төгөлдөр болсноос хойш Япон руу чиглэсэн зорилтот бараа, бүтээгдэхүүний экспортын хэмжээ тогтмол өсөж, 2021 оны коронавирусийн цар тахлын улмаас зогсонги байдалтай байсан ч дахин экспорт нэмэгдэх хандлагатай байна. Энэ мэтчилэн Монголоос импортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээ цаашид ч өсөх боломжтой гэж бодож байгаа ч монголчуудад хандаж хэлэхэд, яг ямар төрлийн бүтээгдэхүүн япончуудын таашаалд нийцдэг болохыг сонирхон судалж үзээсэй гэж хүсэж байна.

Мөн ЭЗТХ хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц худалдаа аяндаа өснө гэх буруу ойлголт зарим монголчуудад байна. ЭЗТХ нь гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зэрэг дотоодын бараа, бүтээгдэхүүнийг бусад орны зах зээлд гаргах хялбар орчинг бүрдүүлэх зорилготой. Энэ нь Япон улс Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээнэ гэсэн үг биш юм. Японы хэрэглэгчид Монголын бараа, бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авахгүй бол Монголоос Япон руу хийх экспорт тийм ч амархан өсөхгүй шүү дээ. Иймээс Японы хэрэглэгчдийн сонирхлыг татах бүтээгдэхүүнийг үйлдвэр лэх нь хамгийн чухал.

-Япон улсын хувьд Монгол Улсад олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Тэр утгаараа ирэх онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр юу байна вэ?

-2022 онд Япон улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж, хоёр орны харилцаа идэвхтэй өрнөсөн билээ. Дараагийн 50 жилийг угтан, 2024 онд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна.

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд, Япон улс 1.56 тэрбум йенийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөл нь ЗамынҮүд дэх төмөр замын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн Замын-ҮүдУлаанбаатар хоорондын ачаа тээврийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой бөгөөд энэ төсөл саадгүй хэрэгжсэнээр Монгол орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болох юм. Мөн Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэхийн тулд өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор япон хэв маягийн инженер, технологийн “Коосэн” сургуулийг сургалт, судалгааны тоног төхөөрөмжөөр хангах, дадлага хийх байгууламж барьж өгөх судалгааг хийхээр төлөвлөж байгаагаас гадна энэ оны төсвийн тодотголоор инженер, технологийн дээд боловсролын сургалтын байгууллагын практик боловсрол, япон хэлний чиглэлээр суралцаж буй оюутнуудад Японд суралцахын өмнөх сургалт болон япон компанид нэг сарын хугацаатай дадлага хийх боломжийг олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа юм.

Япон улс нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж буй хүртээмжтэй нийгмийг цогцлооход чиглэсэн үйл ажиллагааг ч дэмжин хамтран ажиллахыг зорьж байна. Тухайлбал, өнгөрсөн зуны үерийн гамшгийн улмаас ариун цэврийн байгууламж хангалтгүйгээс үүдэн халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийслэлийн үерийн эрсдэлд өртөх өндөр магадлалтай айл, өрхийн эрүүл ахуйн орчинг сайжруулахад “Ариун цэврийн байгууламжийг сайжруулах, үерийн гамшгийн үеийн ус зайлуулах насосыг нийлүүлэх, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх” төсөл хэрэгжих болсон. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн эрүүл ахуйн орчин сайжирч, иргэдийн амьдрах нөхцөл дээшлэхэд нэмэр болох юм.

Соёл, урлагийн салбарт Соёлын буцалтгүй тусламжаар 97.5 сая йенийн “Чингис хааны үндэсний музейн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, алслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн боловсрол, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн тоног төхөөрөмжийг нийлүүлснээр соёлын өвийг нийтэд үзүүлэн сурталчлах арга техникийг сайжруулж, сургалт явуулах боломжийг хүртээмжтэй бөгөөд илүү чанартай болгохоос гадна хүний нөөцийг чадавхжуулахад ч хувь нэмрээ оруулах төсөл болох юм.

-Хөрөнгө оруулалт татахын тулд, Монгол  Улсад үйл ажиллагаа явуулдаг япон компаниудын үйл ажиллагааг дэмжих шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан. Монгол Улсын хувьд гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа. Энэ чиглэлд Элчин сайдын хувьд ямар байдлаар анхаарч ажиллах вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой ихэнх Япон болон бусад гадны хөрөнгө оруулагчдад нийтлэг асуудал, бэрхшээл тулгардаг байх гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдад өгсөн амлалтаа биелүүлдэггүй, Япон болон Монгол талын хууль болон гэрээний агуулгын тайлбар нь ялгаатай байх, анх тооцоолсноос өөр асуудал үүсэх, тухайн нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хангагдахгүй байдал үүссэн жишээ олон бий. Миний хувьд, хууль тогтоох байгууллагаас гаргасан хууль, дүрэм журмыг тэгш хэрэгжүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн захиргааны байгууллагын ажилтны чадварыг дээшлүүлэх, хууль сахиулагч болсон шүүхийн байгууллагаас шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог тогтвортой байлгах шүүхийн сайн шийдвэрүүдийг жишиг болгон хуримтлуулах шаардлагатай. Дэлхий ертөнц мэдээллийн технологиор холбогдож байгаа өнөө үед Монголд өрнөж буй үйл явдал тэр даруй бусад улс орнуудад дамжин хүрнэ. Хэрэв Монголд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид хуулийн хэрэгжилт асуудалтай байна гэж үзвэл хөрөнгө оруулахаа азнаж таарна.

УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад, бэрхшээлийг бууруулахад нэлээд анхаарал хандуулж, ширүүн маргаан өрнөж байгааг ойлгож байна. Шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан заалтууд гадаадын иргэдийн хувьд таатай байж болох ч эх орон, байгалийн баялаг, эрхээ хамгаалах үүрэгтэй монголчуудад тийм ч таатай заалтууд биш байж болох юм. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой энэ асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй ард иргэд ч ойлгон, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, бүгд хүлээн зөвшөөрсөн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах нь тун чухал. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэг хэрхэн өрнөж, ямар дүгнэлтэд хүрэхийг нь ганц би төдийгүй гадаадын олон хөрөнгө оруулагчид сонирхож, анхааралтай ажиглаж байна.

-Хоёр улсын харилцан визний хөнгөлөлтийн асуудлыг та ямар байдлаар зохицуулж ажиллах вэ?

-Япон улсын Засгийн газар захиргааны цахим шинэчлэл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 оны гуравдугаар сарын эцсээс зөвхөн аяллын зорилгоор Япон руу зорчих визийн мэдүүлгийг цахимаар авч, цахим виз олгож эхлээд байна. Цаашид цахимаар мэдүүлж болох улс орон, бүс нутгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих визийн мэдүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

2022 онд зохион байгуулагдсан Япон, Монголын Засгийн газрын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын энгийн паспорт эзэмшигчдийн виз мэдүүлгийн журмыг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэхээр тогтож, 2023 оны зургадугаар сарын 30ны өдрөөс эхлэн өмнө нь хэрэгжиж байсан богино хугацаагаар зорчих олон удаагийн виз олгоход тавигдах шаардлагыг хөнгөвчилсөн. Мөн шинээр өндөр орлоготой Монгол Улсын иргэнд богино хугацааны олон удаагийн визийг олгож эхлээд байна.

Түүнчлэн виз мэдүү лэгчдийн аюулгүй байдал, тав тухыг сайжруулах үүднээс бид 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Японы виз мэдүүлгийн төвийг нээн ажиллуулж байна.

-Япон улс бол технологийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орон. Мөн тээврийн салбарт үсрэнгүй хөгжил гаргасан улс. Тухайлбал, Японы метро буюу хурдны галт тэргийг нэрлэж болно. Манай улсын нийслэл хот сая гаруй хүн амтай. Тэр утгаараа бусад метрополис хотуудын жишгээр метротой болох төслийг ярьж байгаа. Энэ тал дээр Элчин сайдын хувьд тодорхой хамтарч ажиллах төлөвлөсөн ажил бий юү. Ер нь метротой болохын тулд хамгийн түрүүнд юу чухал байдаг вэ?

-Одоогоор тодорхой хамтын ажиллагааны төлөвлөгөө гараагүй байгаа ч Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах зорилгоор метроны талаарх судалгааг Япон улс 2013 онд хийсэн. Уг судалгааны үр дүнг бусад байгууллагын хийсэн судалгааны хамт Улаанбаатар хотод метро байгуулах судалгаанд ашиглаж байгаад баяртай байна. Ийм том хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд замын маршрут, чиглэлийн сонголтоос хамааран өдөрт тээвэрлэх зорчигчдын тоо, хэрэглэгчийн зардал, өгөөжийн тооцоо, ашиг орлого зэрэг бүх талыг харгалзан Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох нь нэн чухал. Жишээлбэл, метро барихад хэт их хугацаа зарцуулах, тасалбарын үнэ хэт өндөр тогтоовол зорчих зорчигчгүй болох, эсвэл хэт хямд тогтоовол метро хариуцсан байгууллага алдагдалд орох зэрэг асуудлууд үүсч тогтвортой ажиллах боломжгүй болно. Алсаа харж, нийтийн тээврийн бусад хувилбаруудыг тооцоолохын зэрэгцээ метро нь тогтвортой бөгөөд бодитоор хэрэгжих эсэхийг сайтар нягтлах,улмаар иргэдийн санал хүсэлд нийцүүлэн хэрэгжүүлэх нь ихээхэн чухал.

-Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Япон улсын хэчнээн иргэд байна вэ. Тэдний эрх ашиг бүрэн хангагдаж чадаж байгаа юу. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хэчнээн иргэн Япон улсад амьдарч байна вэ?

-Өдгөө Монгол Улсад 300 орчим япон иргэн оршин сууж байна. Монгол Улсад оршин суугаа иргэдийн эрх ашиг хамгаалагдсан байдаг. Элчин сайдын яамны зүгээс энд оршин суугаа иргэддээ зориулан бүхий л төрлийн төрийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн Монгол Улсад оршин суугаа япон иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг асуудалд холбогдсон тохиолдолд бид Монгол Улсын аюулгүй байдал, хэв журмыг сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авдаг.

Япон улсад амьдарч буй монгол иргэдийн тухайд Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаадын харьяатын албанаас гаргасан материалд дурдсанаар ойролцоогоор 18,000 орчим монгол иргэн оршин сууж байгаа мэдээлэл байна. (2023 оны зургадугаар сарын байдлаар)

-Хоёр улсын төрийн томоохон айлчлал ирэх жил хийгдэх үү. Ойрын хугацааны харилцан айлчлал юу байна вэ?

-“Ковид-19” цар тахлаас хойш Япон, Монголын Парламентын гишүүд, холбогдох яамдын сайд, дэд сайд, орон нутгийн удирдлагууд мөн бизнес эрхлэгчдийн харилцан айлчлал ч идэвхжиж байна. Үүнээс гадна 2022-2023 онуудад Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг Япон улсад тус тус айлчлал хийлээ.

Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хоёр орны өндөр дээд албаныхны харилцан айлчлал хийгээд бусад гуравдагч оронд хийсэн уулзалтуудаар дамжин нягт харилцаа тогтоож, нэгдмэл ойлголтод хүрч, санал бодлоо солилцох нь туйлын их ач холбогдолтой хэмээн бодож байна. Одоогийн байдлаар төлөвлөгдсөн төрийн дээд айлчлал байхгүй ч цаашид айлчлал, уулзалтууд нэмэгдэж улам бүр идэвхжинэ хэмээн найдаж байна.

-Элчин сайдын хувьд ирээдүйн зорилго тань юу байна вэ?

-Би дипломатчаар ажилласан хугацааныхаа тэн хагаст Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Япон улс тууштай дэмжин, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр хэмээх нийтлэг үнэт зүйлсээр нэгдсэн, “Гуравдагч хөрш”-ийн хувиар Монгол Улстай гуйвашгүй бат бөх итгэлцэл, найрамдалт харилцааг хөгжүүлж байгааг харж ирсэн. Хоёр жилийн өмнө хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулж, дараагийн өндөрлөгт гарах шинэ эхлэлийг тавьсан. Мөн энэ онд Япон, Монголын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн тэмдэглэлт ойн жил тохиож байна. Өнөөгийн хоёр орны найрсаг харилцаа нь өмнөх үеийн болон бусад холбогдох олон хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон гэдгийг дахин тэмдэглэж хэлэхийн хамт найрамдалт харилцааны хэлхээ холбоог ирээдүй хойч үеийнхэндээ баттай залгамжлуулахыг хүсэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сайн мэдээ (127.0.0.1)
    Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. Та сонирхож байгаа бол эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 17 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 17 цаг 41 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 18 цаг 34 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 18 цаг 48 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 18 цаг 55 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 19 цаг 40 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 19 цаг 50 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 20 цаг 4 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 20 цаг 22 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 20 цаг 59 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 21 цаг 10 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 21 цаг 20 мин Хөгжлийн диалектик 21 цаг 33 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 21 цаг 48 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 22 цаг 0 мин Далайн морь хамгийн сайн "аав" 22 цаг 5 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 22 цаг 14 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Уржигдар 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Уржигдар 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Уржигдар 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ...
Top