x

М.Батбилэг: “Чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү” гэдэг дарамтыг үггүйгээр ойлгуулж байна

ТВ-9 телевизийн сэтгүүлч М.Батбилэгтэй ярилцлаа. Тэрбээр Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт гэрчээр дуудагдсан сэтгүүлчдийн нэг болоод байгаа юм.

-Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлчдийг дуудсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг рүү мөнгө шилжүүлсэн, авсан гэх асуудлаар байцаалт авсан гэлээ. Нэг нь та байсан. Юу болчихов?

-Процессын хувьд сэтгүүлчид бидэнд байнга тохиолддог үйл явдал. Өөрөөр хэлбэл, янз бүрийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар дуудаж байцаалт тайлбар авч л байдаг. Хамгийн гол нь амралтын өдөр байцаалт явагдаж байгаа нь хуулиа зөрчсөн үйлдэл. Энэ нь зөвхөн өөрийнхөө амийг бодоод хэлээд байгаа юм биш. Би амралтын өдөр мэдүүлэг өгмөөргүй байна гэсэн санаа биш. Цаана нь надаас мэдүүлэг авах гээд сууж байгаа байцаагч ч гэсэн амралтын өдөр амрах эрхтэй. Мэдээж ажлын өдөр өндөр ачаалалтай байгаа. Тиймээс наад зах нь хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаач.

Аливаа зүйлд улайрч зүтгэж болно. Гэхдээ цаана наана нь хүний эрхийн мэдрэмжтэй байгаач. Бид ямар нийгэмд, ямар нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа билээ. Амралтын ганц өдрөөр үр хүүхдээ аваад агаар салхинд гарчих боломжийг хүртэл уяатай нохой шиг зуураад байдаг хандлагаа болиоч гэж хэлмээр байна.

-Хуулийн байгууллага нэг дор олон сэтгүүлч рүү ижил үндэслэлээр холбогдсон. Цагдан хориод байгаа сэтгүүлчийн нэрийг дурдаж, хэдэн жилийн өмнөх 100, 200 мянган төгрөгийн гүйлгээг тодруулж байгаа нь сонин дүр зураг бий болгочихлоо?

-Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээллүүд ч өрөөсгөл байна лээ. Магадгүй зарим хүмүүс, “Өнөрөө, Билгээ хоёр 800 мянган төгрөгийн шантааж хийгээд 400, 400 мянгаар хуваасан юм биш үү” гэх нь ч байсан. Тийм зүйл байдаггүй юм аа. 2019 онд Өнөрөөд 400 мянгаар шантаажлуулчихсан хүн байвал ил гарч ирээд ярих хэрэгтэй.

Гол нь, мөнгөний их багадаа биш. 50, 100, 200, 300 мянга ч гэнэ үү хамаагүй. Өнөрөөг ямар ч хамаагүй аргаар үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагийн л илрэл. Энэ хүсэл зорилгод саад болох юм бол аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн ч хамаагүй сэтгүүлчийг энэ хэрэгт хамаатуулж чадна шүү гэдгийг харуулж байна. Гол нь энэ шүү дээ. “Та нар зүгээр бай, дуугүй л үгэнд ор” гэдгийг амарч байгаа өдөр нь бүх редакц, сэтгүүлч рүү хандаж хэллээ гэж харж байна. Хүн л юм чинь, манай салбар жижигхэн. Хүн хоорондын харилцаа үүснэ. Үхсэн үрэгдсэн, шинэ хүүхэд төрсөн амьдралын олон зүйлд зохион байгуулалт хийгээд гүйдэг байсан нь Өнөрөө. Тэгтэл ийм нөхцөл байдал нь хуулийнхны хувьд сайхан барьц юм байна. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Энд хууль зөрчсөн нэг ширхэг үндэслэл байх юм бол Монголын хэвлэл мэдээлэл тэр чигээрээ шоронд чинь орно. “Хэвлэлийнхнийг нийтээр нь дуудаад, шүүсийг нь шахаж байна” гэж баярлаад хүмүүст хандаж хэлэхэд “Намайг ч юм уу, Өнөрөөг ч юм уу, өөр аль нэг хэвлэлийн сэтгүүлчийг болж, хохь нь гэж хэлж байгаа эрх чөлөө чинь маргааш дуусна” гэдгийг хэлье. Хүмүүс үүнийгээ бодох ёстой. Энэ үнэ цэнэ бол бидэнд маш том үнээр олдсон. Алдвал буцааж олох боломжгүй.

-Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах нь ардчилсан улсын үнэт зүйл гэдэг. Үүнийг хуулийнхан ч сайн мэдэх учиртай. Харин манайд бүх зүйл эсрэгээрээ байгаа нь маш харамсалтай зүйл болж байна, тийм үү?

-Чи ямар баяны хүүхэд, би хэн гэдэг гуйлгачны үр сад байх нь хамаагүй, чи бид хоёр ардчилсан улсын эрх чөлөөт иргэд. Бид дэлхийн хүн төрөлхтний тал нь мөрөөддөг мөрөөдлийн үзүүр дээр нь ирээд дуусах гэж байна. Үүнээс би маш их айдас мэдэрсэн. Түүнээс би цагдаа дээр очиж үзээгүй биш. Бизнес мэдээний 400 мянган төгрөг битгий хэл түүнээс өчнөөн том асуудал дээр амралтын өдөр цагдаад дуудагдаж үзээгүй. Ер нь хэнийг ч тэр байх. Хэдэн их наядын хулгайн хэрэгтнийг ч тэр амралтын өдөр мэдүүлэг авч байхыг сонсоогүй. Гэтэл “Хохь нь, хаалтын гэрээтэй, шантаажчинууд. Одоо ингээд жангаа ид” гэж бичиж байгаа хүмүүст хэлэхэд “Таны ингэж бичиж байгаа эрх чөлөө чинь дуусна”. Үүний гол хор хохирол нь энэ. Үүнийг сайн боддог байх хэрэгтэй. Чамд, надад адилхан байгаа үндэсний баялагт халдаж байгаа хэлбэр. Бидний ардчилсан улсын эрх чөлөөт иргэн гэдэг язгуурын язгуур үндсэн эрх рүү халдлаа шүү гэж хэлмээр байна.

Сэтгүүлчдийг амралтын өдрөөр цагдаад дуудсан явдал Өнөрөөг хэлмэгдүүлэх гээд байгаадаа ч биш. Энэ салбарыг нийтээр нь дуугүй байлгах гэж багалзуурыг нь шахаж байна. Хэвлэлийн салбарыг тэр чигт нь хоолойг нь боомилж байгаа хэлбэр. “Чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү. Хажуу өрөөнд нь хэвтэж баймаар байна уу” гэдэг дарамтыг үггүйгээр ойлгуулж байна.

Мэдэхгүй юм, хувь сэтгүүлчийн юм шиг асуудал болоод л. Түүнд хамгийн ойр хүн нь өмөөрөөд байгаа ч юм шиг, эсвэл магадгүй хамгийн их хүн шантаажилсан, хамгийн их хаалтын гэрээг хамтарч хийсэн Билгээ улайраад байгаа юм шиг ядуухан зүйл олон нийт бодох юм. Монголчуудад бидэнд язгуурын язгуур эрх ашиг гэж бий. Өнөөдөр биднийг хайр найргүй нүдэж байгаа бол маргааш иргэн тан дээр ирнэ гэдгийг л бид мартах учиргүй.

-Тэгвэл энэ үйл явдал цаанаасаа захиалгатай болсон гэж та хэлэх гээд байна уу?

-Сүүлийн үед өрнөж байгаа маш олон хэрэг агуулга нь улс төрийн өнцөгтэй болчихсон. Хууль хяналтын байгууллага өөрөө хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нь хаагдчихаад байна. “Наадхыгаа далд хий, ямар ч хамаагүй аргаар далд хий” гэдэг нөхцөл байдалтай чиглэл өгдөг. Эхлээд нэг үндэслэлээр аваачиж хорьдог. Хорьсны дараа 10, 20 асуудал араас нь ухаад нэмдэг хандлага руу яваад байна. Маш бүрхэг харагдаж байна. Хамгийн их хүний эрхийн зөрчил байгаа тухай ярьж, хамгийн ихээр хүний эрхийн зөрчилтэй тэмцэнэ гэж уриалж, лоозогнож байгаа үнэмлэхүй дангаараа ноёлж байгаа улс төрийн хүчний үед хамгийн бүдүүлгээр хүний эрх чөлөөг, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байгаа үйл явдлыг харж байна.

Сэтгүүлчид торгуулдаг, шийтгүүлдэг, залруулдаг. Ингээд л явдаг шүү дээ. Энэ чинь дэлхийн сэтгүүл зүйд байдаг практик. Одоо бол “Наад нөхөд чинь сүүлийн үед Өнөрөөг сулла гээд акц явуулаад байна. Ямар нэгэн байдлаар найз нөхөд л юм чинь идэж уухаас эхлээд тав гурван төгрөг шилжүүлсэн юм байгаа шүү дээ. Ол л доо, наадахаа” гээд хэдэн залууг амралтын өдөргүй нухуулж байдаг болчихсон байна. Дахин хэлье. Бид нийгмийнхээ баталгааг ойлгох хэрэгтэй. Ардчилсан нийгмийн үнэт зүйл баталгаа бол хувь хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө юм шүү дээ. Тэртээ тэргүй хэвлэлийнхэн үүрэг хариуцлагагүйгээр, бизнесийн нэр хүндэд халдсан мэдээ материал гаргавал хуулийн механизм тодорхой байгаа. Гэтэл “Би ийм дуу сонсмоор байна, Билгээ чи үүнийг л дуул. Хэрэв өөр дуу дуулах юм бол өөр дуугаа дуулах газартаа очиж дуул” гэдэг зүйл рүү явж байгаад харамсаж байна. Би өчнөөн удаа хууль хяналтын байгууллагаар явж байсан. Үүн шиг улайрчихсан, бүдүүлэг, хүнлэг бус, хүнийг мал адгуус шиг харьцдаг, туудаг, хуулиар ташуурддаг хандлага үзэж байгаагүй.

-Хууль хүчний байгууллага ерөөсөө нийгэмд айлгах сэтгэл зүйг бий болгоод байна гэж ажиглагдах болсон. Хуулийнхны талаар шүүмжлэх, байр суурь илэрхийлэх эх сурвалжууд хамгийн түрүүнд нэрээ нуухыг хүсдэг боллоо?

-Эрх баригчид, дарга нар, улс удирдаж байгаа хүмүүсийн нийгмийг хөтлөх хазаар ногт нь хуулийн байгууллагууд юм байна гэдгийг сүүлийн үед ойлгож байна. Үүний төлөө үеийн үед эрх мэдлийн тэмцэл явж байсан. Хэн нь ерөнхий прокурор, хэн нь ерөнхий шүүгчийг тавих вэ. Хэн нь ЦЕГ-ын даргыг томилох вэ, хэн нь Ерөнхий сайд болбол аль нутгийнхаа хэнийг авчирч хаана тавих вэ гэдэг марафон явж ирсэн. Энэ нь үнэндээ тэнд ноёрхлоо тогтоох гээд байгаа асуудал биш. Зүгээр л үүгээрээ нийгмийг хөтлөх хазаар ногт болгодог. Өнөөдөр магадгүй биднийг үзэн ядаад зүхэж байгаа хүмүүс багахан ч гэсэн эрх чөлөө чинь байгаа учраас үзэл бодлоо илэрхийлж байна. Манайхан бие дээр нь асуудал ирж байж мэдэрдэг. “Би 400-хан найзтай фэйсбүүкийн хэрэглэгч. Итгэл үнэмшлээрээ сонгуулиар энэ залуу улстөрчийг дэмжээрэй гэж хэлэхийн тулд би СЕХ-нд очиж бүртгүүлэх шаардлагатай болчихсон байх жишээтэй. Энэ бол маш том ухралт.

-Сэтгүүлч М.Өнөрцэцэг цагдан хоригдоод 40 гаруй хонолоо. Өнөөдөр хүртэл түүнийг цагдан хорьсоор байгаа үндэслэлтэй тайлбарыг хуулийнхан хийж чадав уу?

-Хууль шүүхийн өмнө иргэн бүр ижил тэгш эрхтэй байх нь ардчилсан нийгмийн суурь дархлаа. Тэр ижил тэгш эрхийг л эдлүүлээд өгөөч гэж байгаа юм. Өнөрөө хоригдчихсон байхад хэн, хэн хоригдохгүй яаж явааг нийгэм хараад бухимдаад байна шүү дээ. Нийгэмд хамгийн дуулиантай тэр хүнийг заавал хорих ёстой гээд аваачаад хийчихээд заавал хорих үндэслэлээ яагаад танилцуулахгүй байгаа юм бэ. Хүн алчихсан юм уу, яасан юм бэ.

Үнэндээ заавал хорих үндэслэл байсан бол аль эрт танилцуулах байсан. Тэгэхээр байхгүй гэсэн үг. Амралтын өдрөөр хүртэл энэ залуусыг ажиллуулаад, хэвлэлийнхнийг дуудаж байгаа нь нэг ч гэсэн сэжүүр олдох болов уу гэсэн горьдлого. Ерөөсөө л дахин хэлэхэд Өнөрөөг буруутгах үндэслэлээ хуулийнхан олоогүй байна. Гэхдээ, хүн хугацаатай л юм билээ. Энэ их залхаан цээрлүүлэлт дунд эх хүн 10 үгүй гэнэ, 11-дэхдээ гэнэдээд тийм гэнэ. Манай хуулийнхны арга барил ийм л болсон юм байна

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 8 цаг 28 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 8 цаг 31 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 8 цаг 31 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 8 цаг 34 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 8 цаг 35 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 8 цаг 37 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 8 цаг 39 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 8 цаг 39 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 8 цаг 40 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 10 цаг 1 мин ЧУБИ 10 цаг 15 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 10 цаг 44 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 10 цаг 47 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 10 цаг 47 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 10 цаг 49 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 10 цаг 49 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 12 цаг 18 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 12 цаг 19 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 12 цаг 20 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 12 цаг 21 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top