x

Б.Баяраа: Цэцийн гишүүд Үндсэн хуулийг биш өөрсдийн албан тушаалыг л манадаг болсон

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульч Б.Баяраатай ярилцлаа.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн цэцийн талаар хуульчид төдийгүй иргэд шүүмжлэлтэй хандах боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, чандлан сахиулах баталгаа юм. Энгийнээр Үндсэн хуулийн манаач гэсэн үг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд цэц үүрэгт ажилдаа хойрго хандсанаас болж Монгол Улсын Үндсэн хууль манаачгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Цэцийн гишүүд Үндсэн хуулийг биш зөвхөн өөрсдийн албан тушаалыг манаж, арьсаа хамгаалж ахиж томилогдох сунгагдах ажил хийдэг болсоор удлаа. Цэцээс гарч байгаа шийдвэрүүд үндэслэл муутай, үзэмжээрээ дур зоргын шинжтэй байгаа нь үүнтэй холбоотой.

-Ийм дүгнэлт хийхийн тулд тодорхой баримтууд хэрэгтэй байх?

-Жишээлбэл, 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гарт Монгол Улсын шүүх эрх мэдлийг бүхэлд нь өгсөн хууль батлагдаж, төрийн эрх мэдлийн баланс алдагдсан. Шүүгчийн  хараат бус бие даасан байдлын баталгаа байхгүй болж 17 шүүгчийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлэн шалгаж байх хугацаанд шүүх арга буюу улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болж хувирсан. УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр гурав хоногт 10 тэрбум төгрөгийг шүүхийн дансанд байршуулаагүй гэх шалтгаар цагдан хорих, УИХ-ын гишүүнийг халдашгүй байдлыг нь түдгэлзүүлээгүй байхад цагдан хорьж ял шийтгэх, сонгуульд нэр дэвшигчийн хуулийн баталгааг үйл ойшоож цагдан хорих, нэр дэвшигч нарыг өмгөөлөгчгүй шүүх зэргээр эрүүгийн шүүх зэрлэг балмад авирлах болсон. Энэ үед Үндсэн хуулийн цэц шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль батлагдсаныг мэдсээр байж юу ч хийгээгүй, энэ бүхнийг мэдээгүй мэт дүр эсгээд буруу харсан. Сүүлд 2021 онд шүүхийн хараат бус байдалд халдсан хуулиа УИХ өөрөө хүчингүй болгосон. Ийм цэц бидэнд хэрэгтэй гэж үү.

Дараа нь Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргүүдийг архиваас сэргээж нэхэн ял шийтгэх тухай хууль батлагдахад цэц дахиад л сар жилээр маргаан шийдвэрлэхгүй удсан. Эцэст нь жагсаал цуглаан дээрээ тулж байж Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх үр дагавартай энэ бүдүүлэг хуулийг хүчингүй болгосон. Гэхдээ энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн хуулиар хэдэн хүн ял шийтгэгдэж шоронд орсон гэж санана. Хэрэв цэц алгуурлахгүйгээр ажлаа зохих ёсоор хийдэг байсан бол энэ бүх Үндсэн хуулийн зөрчлөөс үүдэлтэй алдаа завхрал удаан хугацаанд угжрахгүй байсан нь тодорхой. Үндсэн хууль хяналтгүй болохын сөрөг үр дагавар, цар хүрээ нь улс орны хэмжээнд нийт иргэдэд хүнд тусдаг.

-Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон хуулийг Улсын дээд шүүх агуулгаар нь сэргээсэн маргааны шийдвэрлэхгүй удаж байгаа талаар хуульчид шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Ер нь манай цэц маргаан үүсгээд олон сар жилээр тас мартдаг уламжлалтай болсон. Цэцийн хүчингүй болгосон хуулийг Улсын дээд шүүх агуулгаар нь илэрхий сэргээсэн тайлбар гаргачихаад байхад цэц өөрийн шийдвэрээ хамгаалахгүй удаж байна. Хуульчид энэ маргааныг шийдвэрлүүлэх талаар цэцэд удаа дараа хүсэлт гаргадаг. Гэвч хүний урманд хүсэлтийн хариуг ч өгдөггүй юм. Угаасаа цэц бол их дураараа, үйл ажиллагаа нь ямар ч хууль дүрэмгүй болсон байгууллага. Харамсалтай нь цэцийн эс үйлдэхүйгээс шалтгаалж өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн Үндсэн хууль зөрчсөн тайлбарын уршгаар өдөр бүр иргэд шоронд орж байна. Нэг ёсондоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан нийгмийн аюулын шинж үгүй болсон эрүүгийн хэргүүдийг ял шийтгэх замаар шоронжих бодлого хэрэгжихэд Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн аль аль нь “үнэтэй хувь нэмэр” оруулж байна даа.

-Цэцийн шийдвэр, үйл ажиллагаа туйлын хангалтгүй. Ийм идэвхигүй эс үйлдэхүйгээс олон асуудал үүсч байхад хариуцлагын асуудал яригдах юм уу?

-Өнгөц харахад Үндсэн хуулийн цэц нь үхмэл үйл ажиллагаатай, ямар ч амьд организмын шинжгүй, идэвхигүй байгууллага шиг харагдаж байгаа байх. Тухайлбал, энэ жил нийт есөн удаагийн хуралдаан хийсэн байна. Энэ бол бусад ердийн шүүхийн хувьд нэг өдөрт шийдвэрлэдэг хэргийн тоо. Харьцуулахад зарим дүүргийн шүүхийн нэг шүүгчийн гар дээр 200-300 хэрэг хуваарилагдаж, ажлын цагаар шүүх хурлаа тасралтгүй хийж, харин ажлын бус цагаар болон амралтын өдрүүдээр шүүхийн шийдвэрээ бичих хүртэл ачаалалтай болсон нь нууц биш. Гэтэл Цэц маань өөрийн тааллаараа ажиллаж сарын дундаж хурал нь нэг ч хүрэхгүй байна.  Урдах бэлээхэн ажлаа хийхгүй байж хэтдээ иргэний үндсэн эрхийн зөрчлийг хянана энэ тэр гэж ярих дуртай.

Цэцийн эрх ямба, төсөв мөнгө нь багадаагүй байлтай, ямартаа ч татвар төлөгчдийн мөнгийг арай л үргүй хайран зарцуулж байна. Ажлаа хийсэнгүй гээд энэ байгууллагад хариуцлага тооцох механизм ч алга.  Гэхдээ хуульч нарын хувьд арай өөр бодолтой байна. Цэцийн энэ идэвхигүй байдал нь санамсаргүй хэрэг биш байх. Иргэдийн Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийн дагуу маргаан үүсгэчихээд улмаар Үндсэн хуулийн зөрчлийг шийдвэрлэхгүй удаах гацаах замаар шантаажилж буруутай байгууллага, албан тушаалтантай наймаа тохиролцоо хийх, өөр бусад ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг хууль бус үйлдэл гаргаад байна уу гэх хардлага төрүүлж байна.  Хэрэв тийм бол цэцийн энэ идэвхигүй эс үйлдэхүй нь  Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг болох юм. Цэцийн гишүүд улс төрч нартай харилцахдаа шүүгч нар шиг протоколтой болмоор байна. Халдашгүй байдлын цаана ямар ч тохиролцоо явагдаж болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэр барьж улс төрийн захиалга биелүүлдэг, тохируулагч агентлаг болчих вий. Цэц Үндсэн хуулийн зөрчлөөр барьцаалж өөрийн төсөв мөнгө, орон тоогоо шийдвэрлүүлбэл ч энэ нь гэмт хэрэг болно.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол хийх нь Үндсэн зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь шүүмжлэл дагуулж байсан?

-Цэцийн гишүүд Үндсэн хууль биш өөрсдийн албан тушаалаа үеийн үед манаж ирсэний нэг жишээ энэ. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар цэц хамгийн их оролдсон байдаг, нэг ёсондоо өөртэй хамааралтай буюу сонирхолын зөрчилтэй асуудлаар өөрсдийгөө хамгаалах инстикттэй болсоны нэг илрэл. Цэц өөрийнхөө асуудалд их эмзэг хандаж, шуурхай шийдвэрлэдэг атлаа бусад асуудлыг олон жилээр ч мартаж орхидог гэмтэй. Нэр дэвшигчийн томилгооны нээлттэй сонсгол гэдэг өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн үнэт зүйл юм. Үнэхээр нэр хүндтэй, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигч нар орж ирвэл нээлттэй сонсголоор улам зүлгэгдээд олны итгэлийг хүлээгээд гарна. Харин шаардлага хангахгүй, зарчим ёс зүйгүй сул нэр дэвшигч бол гацаад үлддэгээрээ сайн шүүлтүүр юм. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аль нэг улс төрийн хүчинд үйлчлэхгүй шалгуур хангсан нэр дэвшигч нарт нээлттэй сонсголын босго өндөр биш. Эсрэгээр нээлттэй сонсгол хийхгүй бол өөрийг нь нэр дэвшүүлсэн томилсон захиалагчийнхаа даалгавраар ажилладаг сул хүмүүс төрийн өндөр албан тушаалд очих халтай. Ер нь нээлттэй сонсгол нь хуульч нарт зөвхөн мэргэжил ур чадвар, туршлагаас гадна нэр төрөө эрхэмлэж, ёс зүйтэй байх шалтгаан болно. Энэ шийдвэрийн тухайд Үндсэн хуулийн цэц ухралт хийсэн гэж бодож байна.

-Цэцэд саяхан салхи оруулж гурван гишүүнийг шинээр томилж, бүрэн бүрэлдэхүүнтэй болсон шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд итгэж хүлээхээс өөр сонголт алга. Гэхдээ Цэц өөрчлөгдөхгүй бол иргэд хуульчид улс төрчид удаан дуугүй явахгүй л байх. Цэцийн 2018 оны томилгоо хуульчдын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан бол энэ удаагийн томилгоонд харьцангүй итгэл хүлээлгэж байгаа. Цаашид нэр дэвшүүлсэн, томилсон дарга нарынхаа даалгаврыг биелүүлэхгүйгээр Үндсэн хуульдаа үнэнч байж мэргэжлийн нэр хүндээ алдахгүй байх гэж найдаж байна.

-Хуульчийн хувьд цэцийн гишүүд хэрхэн ажиллаасай гэж хүсдэг вэ?

-Ний нуугүй хэлэхэд Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, суурь зарчмаас урвасан төдийгүй хуульчийн нэр хүнд, үүрэг хариуцлага үнэт зүйлсээ умартсан гишүүдээс ичдэг болоод удаж байна. Одоо бага боловч нэр төр, үнэт зүйлс, зарчим үлдсэн бол үндсэн үүрэгт ажилдаа орооч ээ л гэж хүсмээр байна. Цаашдаа ийм байдлаар яваад байж болохгүй.  Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд багш анх Үндсэн хуулийн хяналтын байгууллага бий болгох тухай ярьж эхлэхэд “Энэ Б.Чимэд өөрөө тэтгэвэрт гараад очих гэж байна”  хэмээн хардаж эхэлсэн байдаг. Ингээд Б.Чимэд багш өөрөө энэ насаараа Цэцэд очихгүй гэж ам өчгөө өгч байж байгуулсан түүхтэй. Б.Чимэд багш өнөөдрийн энэ Цэцийн гишүүн шавь нараа  харсан бол гомдох байсан биз. Тиймээс цэцийн гишүүд маань өөрсдийн эрх ашиг, албан тушаалыг бус Алганд багтсан эх орон болох Үндсэн хуулиа манамаар байна. Бусад хуульчдынхаа нэр нүүрийг харахааргүй болж албан тушаалаасаа буудаг, олон нийтэд хуульчийн нэр хүндээ унагасан энэ он жилүүдийг эцэс болгохын тулд эрх баригч нар, улстөрчдөд ад үзэгдэх эр зориг гаргах шаардлага тулгарах байх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 19 цаг 7 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top