x

Хуульч Б.Наранцэцэг: Төсвийн тухай хуулийг батлах нэрээр өөр олон хуульд хуулиас гадуур өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон 

Өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт нэлээд олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа. Өмнө нь ч ингэж өөрчилж ирсэн. Төсвийн тухай хуулийг дагалдаад өөрчлөх шаардлагагүй хуульд засвар оруулчихдаг гэсэн хардлага байдаг. Энэ удаагийн өөрчлөлтүүдийг хэр үндэслэлтэй гэж үзэж байна?

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт таван хуульд өөрчлөлт оруулах, таван хуульд нэмэлт оруулах, 11 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу нийт 21 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалаас гадуур боловсруулж, ямар ч тооцоо судалгаагүй өргөн мэдүүлсэн. Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахад хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан байх, олон нийтээр хэлэлцүүлж санал авсан байх Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлага тавигддаггүй. Тиймээс тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг дагуулж олон тооны хуульд өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдсөн 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш баталсан 2018 оны Төсвийн тухай хуультай хамт гурав, 2019 оны төсвийн тухай хуультай хамт 10, 2020 оны төсвийн тухай хуультай хамт 14, тодотголтой хамт 22, 2021 оны төсвийн тухай хуультай хамт 10, тодотголтой дөрөв, 2022 оны төсвийн тухай хуультай хамт 30, хоёр удаагийн тодотголтой хамт 17, 2023 оны төсвийн тухай хуультай хамт 106, тодотголтой хамт 10 хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсан байгаа юм. Угтаа бол Тухайн жилийн улсын төсвийн тухай хуулийг Ирээдүйн өв сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг хамт өргөн мэдүүлэхээр Төсвийн тухай хуульд заасан. Эдгээрээс өөр хуулийг хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай тохиолдолд хамт өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьсан 21 хууль, үүн дотроос 11 хуульд оруулах өөрчлөлт агуулгын хувьд хууль хоорондын нийцлийг хангах, зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүд биш байна.

-Тухайлбал, Төсвийн тухай хуулийг дагалдаж газрын харилцаатай холбоотой хуулиуд өөрчлөгдөхөөр орж ирж байгаа. Энэ агуулгууд хэр нийцэлтэй юм бэ?

-Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлаар нэмэхтэй холбоотой зургаан хуульд оруулах өөрчлөлт нь Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар гаргасан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн иргэн, ААН, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох шийдвэр гаргах эрхийг Ерөнхий сайдад олгосон. Газартай холбоотой харилцаанд шийдвэр гаргах эрх хэмжээ, бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилсөн агуулгатай байгаа. Тодруулбал, 2024 оны Төсвийн тухай хуулийн орлого, зарлагад шууд нөлөөтэй гэхээс илүү зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудад оруулж байна. Эдгээр төслүүд нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай шууд холбоогүй. Харин Газрын тухай хуульд газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудал байхаар нэмсэн өөрчлөлтөд бусад хуулийг нийцүүлэх зорилгоор өөрчлөх агуулга, зорилготой байна.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлтүүд нэлээд анхаарал татаж байгаа. Ер нь ингэж татварын хувь хэмжээ рүү орох нь улсын төсөвт халтай гэж эдийн засагчид анхааруулсаар байгаа. Хууль тогтоомж талдаа яах юм бол?

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон татвар ногдох орлогыг тодорхойлох, тайлагнахтай холбоотой НӨАТ-ын тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, ААНОАТ-ын тухай, ХХОАТ-ын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай таван хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн баригдсан. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд НӨАТ-аас чөлөөлөх барааны жагсаалтад “малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөвөр” гэж нэмэх нэг заалттай төсөл байгаа. Эдгээр өөрчлөлтүүд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн орлого, зарлагатай хэрхэн уялдаж байгаа нь хуулийн төслийн баримт бичгээс тодорхой харагдахгүй байгаа юм.

Гэхдээ татвар ногдох орлогыг тодорхойлох, тайлагнах, төлөх журмыг өөрчлөх, тэдгээрийг хуулиас тусдаа журмаар батлах талаарх өөрчлөлт нь тухайн хуулийн хувьд зарчмын шинжтэй өөрчлөлт, шинэ агуулга болж байгаа. Уг нь бол хуулийн төслийн үзэл баримтлалт тухайн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага болон хууль батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал тусгахаар хуульчилсан.

Гэтэл Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн хамт 21 хуульд өөрчлөлт оруулах төсөл яагаад боловсруулсан талаарх агуулга үзэл баримтлалд тусгагдаагүй, уялдуулан нийцүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байсныг хуулийн төслүүдийн танилцуулгад огт дурьдаагүй. Ингэж хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгыг хуулийн шаардлагад нийцүүлж бичихгүй байгаа нь хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, эсвэл анхдагч хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, олон нийтээр хэлэлцүүлэх төсөл өргөн мэдүүлсэн.

-Хуулийн өөрчлөлтүүдэд олон нийтээс санал авдаг байх аа?

-Олон нийтээс санал авч, хэлэлцүүлэх процессын хувьд Хууль тогтоомжийн тухай хуульд худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төслийг баримт бичгийн хамт албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулж, олон нийтээс санал авахаар тухайлан зохицуулсан. Гэтэл 2024 оны төсвийн тухай хуультай хамт Үнэт цаасны зах зээлийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай; Хувь хүний орлогын албан татварын тухай; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, шууд хэлэлцэж байна. Хэлэлцэж байна ч гэж хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг ер нь хэлэлцэхгүй, ийнхүү хууль зөрчиж өргөн барьж байгааг анзаарахгүй байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг байгууллага (BEPS)-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, татварын суурийг багасгах өөрчлөлтөд судалгаатай хандах шаардлагатай.

-Тэгэхээр 2024 оны Төсвийн тухай хуулийг дагаж өөр бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа процессын алдаанууд их байна гэж үзэж болох уу?

-Ер нь хууль тогтоомж нь нийгмийн харилцааг зохицуулах зорилготой тул бодитой, тогтвортой зохицуулах чанартай байх шааардлагатай байдаг. Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж хууль баталснаас төсвийн үргүй зардал гардгийн тод жишээг Ковидын тухай хуулиас харж болно.

Тус хуулийг хэрэгжүүлэх жил гаруй хугацаанд нийт дөрвөн удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор 95, давхардаагүй тоогоор 92 зүйл, хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ковидын хуулийг судалгаа, шинжилгээгүй батлахын тулд хууль тогтоомжийн тухай хуулийн хуульд заасан хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалыг алгасч, шууд боловсруулж 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан. Ингэж батлахаас 20 өдрийн өмнө Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.7-д “болон онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль” гэх нэмэлтийг 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр оруулж байсан.

-Жил бүрийн төсөвтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилсөөр юу ч биш болгосон гэж салбарын хүмүүс шүүмжилдэг. Үүн шиг Хууль тогтоомжийн тухай хууль ч олон өөрчлөлт орох нь ээ?

-Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дараа Тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол; Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл; Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр; Засгийн газрын өрийн удирдлагын стратеги; Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай; асуудлыг аргачлал хамаарахгүй боловсруулах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болох өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хоёр удаагийн нэмэлт өөрлөлтөөр Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-12.1.6 дах хэсгүүдэд заасан аргачлал хамаарахгүй шууд боловсруулж, батлах хууль тогтоомжийн жагсаалтыг улам өргөжүүлж, нийт 20 төрлийн хууль тогтоомжийн төслийг шууд боловсруулж, батлах үндэслэл бүрдсэн байна. Ийнхүү хууль тогтоомжийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэхгүй шууд боловсруулах зохицуулалтын агуулгыг өргөтгөж ирсэн нь хууль боловсруулах, ялангуяа санхүү, төсвийн үр нөлөөг урьдчилан тооцож, үр дагаврыг үнэлэх ажлын чанарт нөлөөлдөг.

Ер нь сүүлийн жилүүдэд Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлахгүй, тус хуулиас гадуур хууль баталдаг гурван аргатай болоод байна. Нэгд, батлах гэж байгаа хуульдаа зориулж Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Үүний жишээ Ковидын тухай хууль. Хоёрт, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийг барьж “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах”-тай холбоотой хууль гэж яаралтай горимоор өргөн барьж байна. Үүний жишээ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй байсан бүх хуулийг сая ингэж оруулж ирлээ. Гуравт, тухайн жилийн төслийн тухай хуультай хамт өргөн мэдүүлж байна. Гэтэл тэдгээр нь шууд хамааралгүй байгааг дээр ярилаа. Ийнхүү Тухайн жилийн төсвийн тухай хууль, түүнд өөрчлөлт оруулах хуультай хамт олон тооны хуулийн өөрчлөлтийг хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхгүй, эсвэл өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлахгүй шууд тодорхойлж, зөвхөн Төсвийн тухай хуульд заасан хэлэлцүүлгийн үе шатнаас баталж байгаа нь Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох зохицуулалт болоод Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна Хууль тогтоомжийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан олон нийтийн оролцоог хангах, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх нийтлэг зарчимд нийцэхгүй байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилготой "Оюутан цагдаа" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 37 мин Маргааш Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг болно 2 цаг 45 мин Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна 3 цаг 36 мин Тавдугаар сарын 25-ны бямба гаригт зам хаах зураглалыг танилцуулж байна 4 цаг 30 мин Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг засварлаж байна 5 цаг 19 мин "Мэдүүлэг хуурамчаар бүрдүүлсэн тул дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсан" 6 цаг 17 мин НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно 6 цаг 59 мин 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ манай улсад болно 7 цаг 1 мин 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 7 цаг 5 мин Үндэсний Эвсэлээс тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид 7 цаг 16 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 23 мин Х.Тэмүүжин заалнаас нэр дэвшиж, жагсаалтыг 9-д бичигдлээ 7 цаг 33 мин М.Цогт: Төмөр замын гармын улаан гэрлийг зөрчвөл жолоочийн эрх хасдаг болох саналыг тавьж байгаа 8 цаг 36 мин Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна 8 цаг 59 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаалаа 10 цаг 0 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөгт 15,699 гүйгч бүртгүүлжээ 11 цаг 1 мин АН-ын дарга Лу.Гантөмөр залуусаа нөмөрлөж, жагсаалтыг тэргүүллээ 12 цаг 2 мин Модон барилдааны шигшээ багийн тивийн аваргаас 17 медаль хүртжээ 13 цаг 19 мин Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 13 цаг 36 мин Ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ 13 цаг 54 мин
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" АН-ын дарга Лу.Гантөмөр залуусаа нөмөрлөж, жагсаалтыг тэргүү... Х.Тэмүүжин заалнаас нэр дэвшиж, жагсаалтыг 9-д бичигдлээ Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ ЭМГЭНЭЛ Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн... Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч бай... Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрхээ авлаа 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид
Top