x

У.Мөнх-Эрдэнэ: Мэргэжлийн бокс руу орох урилга ирэхэд өвөөгөө орхиод явж чадаагүй

“Редакцын зочин” буландаа Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аварга Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа. Тив, дэлхийн хэмжээний тэмцээн, олимпод Төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол Улсынхаа далбааг мандуулж ирсэн Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн боксын секцээ нээж дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд мөн Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуульд боксын багшаар ажиллаж байна.

-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргаж буй танд баярлалаа.

-Баярлалаа. Асуултаа асуухаас тань өмнө миний талархаж явдаг, хэлэхгүй бол болохгүй олон хүн бий. Тэд нартаа талархаж явдгаа хэлмээр байна. Спортын мастер Д.Батмөнх болон олон улсын хэмжээний мастер Ц.Амаржаргал багшдаа талархаж явдаг. Боксын тамирчин амжилт үзүүлэхэд ард нь холбооны үе үеийн удирдлага болон маш олон хүний хөдөлмөр байдаг. Боксын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт Н.Баярсайхан ахдаа талархдаг. Боксын холбоог маш хүнд үед амжилттай удирдаж авч явсан. Тэр он жилүүдэд би өсвөр үе, залуучууд, насан хүрэгчдийн тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож байлаа. Мөн Гавьяат тамирчин Т.Үйтүмэн ах минь намайг бэлтгэл хангагчаар авч, ахтайгаа хамт тив алгасаж маш олон тэмцээн, хамтарсан бэлтгэлд оролцсон. Монгол Улсын боксын шигшээ багийн үе үеийн дасгалжуулагч, багш бүгдэнд нь талархаж явдаг. Мөн тамирчин хүнд өрсөлдөгч нэн чухал байдаг. Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт Б.Баянмөнх миний хүчтэй өрсөлдөгч, сайн найз минь байсан. Баянаа анддаа маш их талархдаг шүү.

-Та анх боксоор хичээллэхдээ өөртөө юуг хүсч зорьж байв. Харин одоо сурагч нартаа юуг хүсч зорьдог вэ?

-Би зурагтаар спортын тэр дундаа бокс, чөлөөт бөх, хөлбөмбөгийн уралдаан, тэмцээн их үздэг хүүхэд байсан. Харин өвөө минь үндэсний бөхөд их дуртай. Би багадаа тулаантай, байлдаантай кино үздэг байсан болохоороо ч тэр юм уу тулааны спортод илүү сонирхолтой болсон. Анх боксын секцэнд орохдоо өөртөө том зорилго, мөрөөдөл тавиагүй ээ. Секцэнд ороод шинэ найз нөхөдтэй болоод өөрөөсөө ах хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийх нь л гоё байсан.

Харин одоо бол би өөрийнхөө алдаа, оноог хамгийн сайн мэдэж байгаа хүний хувьд өөрөөсөө бүх л талаар илүү сайн тамирчныг бэлдэж гаргах боломжтой гэж хардаг. Харин хувь хүний хувьд хүн хүн чанартай, сэтгэл зүй, бие бялдрын хувьд өөртөө бүрэн илтгэлтэй байх ёстой. Сурагчдынхаа энэ чадваруудыг нь хөгжүүлнэ.

-Сэтгэл судлаач К.Андерс Эрикссон, зохиолч, сэтгүүлч Малкольм Гладвел нар “Арван мянган цагийн дүрэм” гэдэг судалгааг олон улсад түгээн дэлгэрүүлсэн. Энэ судалгааг товчоор хэлбэл хүн ямар нэгэн зүйлийг 10 мянган цаг хийсэн тохиолдолд тухайн зүйлдээ мэргэшдэг гэж үздэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү. Хэрвээ тийм бол таны боксын бэлтгэл хийсэн 10 мянган цаг яг хэзээ тохиосон бэ?

-Мэдээж, энэ маш ортой судалгаа байна. Би яг нарийн тоолж, хэлж мэдэхгүй юм. Ямартай ч би 14 настай боксоор хичээллэж эхлээд 17 настайдаа 54 кг-ын жинд Монгол Улсын боксын насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн нэг номерын тамирчин болсон байсан. 1999 онд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцож байлаа.

Боксоор хичээллэж эхэлснээсээ хойш бэлтгэлээ тасалж үзээгүй. Сүүлдээ бие организм ч бэлтгэлээ үгүйлдэг болчихдог. Тиймээс миний боксын бэлтгэл сургуулилт хийсэн 10 мянган цаг нэлээн эрт болсон байх.

-Та 2021 оны боксын УАШТ-д түрүүлж, өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Та маш олон жил тамирчны формоо амжилттай хадгалж байгаа. Спортын тэр дундаа тулааны спортын тамирчид маш хүнд бэлтгэл хийдэг. Тиймээс зодог тайлахаараа бэлтгэлээ зогсоочихдог. Та өдгөө ч тамирчин байсан үе шиг ээ бэлтгэлээ хийдэг үү?

-Бэлтгэлийн тухайд урьдынх шиг ээ хийх хүсэл байдаг ч амжихгүй, цаг зав хүрэлцэхгүй байна. Бэлтгэл, дасгал сургуулилтын тухайд хүн нэгдүгээрт өөрөө түүндээ сонирхолтой байх нь чухал. Би бэлтгэлдээ дуртай. Мөн миний бие бялдар ачаалал сайн хүлээгээд авчихдаг юм шиг санагддаг. Тийм дээ ч олон жил бэлтгэлээ таслахгүй хийгээд тэмцээн уралдаанд оролцоод явж байна гэж боддог.

Би одоо ч тэмцээн уралдаанд оролцоно. Боксын бэлтгэл сургуулилтын тухайд бол би насан туршдаа тодорхой хэмжээнд хийгээд л явах байх даа. Сонирхогчийн бокс рингэнд гарах нас хязгаартай байдаг. Гэхдээ би ахиад арван хэдэн жил боксоо тоглочих байх аа.

-Боксын спорт танаас юуг авсан, танд юуг өгсөн бэ?

-Мэдээж бүх зүйлд нэмэх, хасах чанар байгаа. Түүнтэй л адил. Надад нөлөөлсөн олон сайн зүйл байгаа. Түүний нэг нь хаана ч явсан ард түмэн намайг таньдаг. Энэ маш том амжилт гэж боддог доо. Нөгөө талаас нь харвал амьдралын ихэнх цагаа бэлтгэл сургуулилт хийж зааланд өнгөрүүлсэн. Хамаг л цаг хугацаагаа нэг зүйлд өөрөөр хэлвэл бэлтгэл сургуулилтад зориулсан байна.

-Дасгалжуулагчаар ажиллахаар болсноо хамгийн анх хэнд хэлсэн бэ. Танд ямар хариулт өгөв?

-“Ирээдүйд дасгалжуулагч болох уу” гэж олон хүн асуудаг байсан. Би “үгүй” л гэдэг байлаа. Цаг хугацаа явахын хэрээр миний дуртай, сонирхолтой ажил дасгалжуулагч юм байна гэдгийг ойлгосон. Дасгалжуулагчаар ажиллах эсэхээ нэлээн удаан хугацаанд бодсон юм байна. Энэ тухай бодохгүй, зааланд зүгээр бэлтгэлээ хийж байхад ч энэ бодол толгойд орчихдог.

Хамгийн анх энэ талаар гэр бүлийн хүнтэйгээ ярьсан юм байна. “Тэр нь хамгийн зөв дөө” гэж надад хэлсэн.

Боксын секцээ 2022 оны есдүгээр сарын 12-ноос ажиллуулж эхэлсэн. Б.Есүхэйбаатар, С.Мөнхтэнгэр, би гээд гурван дасгалжуулагчтай. 6-12, 13-15, 16-18 насны сурагчтай гурван ангид яг тогтмол бэлтгэл хийж буй 50-60 сурагч байгаа. Мөн Б.Есүхэйбаатар бид хоёр Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн боксын ангийн үндсэн багш, дасгалжуулагчаар Спортын төв ордонд ажиллаж байгаа. Тэнд 40-50 сурагчид багшилдаг.

-Монголын сонирхогчийн болон мэргэжлийн боксын тамирчдын гаргасан амжилтыг дараа дараагийн үеийн тамирчид давтах, эвдэх боломж бүрэн бий юу?

-Монголд боксын спорт хөгжөөд 80 орчим жил болж байна. Бокс маш уян хатан, нэлээн олон элементээс бүрддэг баялаг спорт ч гэлээ монгол хүний бие бялдар, сэтгэл зүйд зохицсон спорт. Монголын боксын тамирчид зөв чиглүүлэхэд л өндөр амжилт үзүүлнэ. Зөв бэлтгэл, тамирчдаа оруулах тэмцээнээ зөв сонгох л хэрэгтэй. Тэрнээс Монголын боксчид гадаадын тамирчдаас дутаад байх зүйл байхгүй.

Бүх юм нь бэлэн зэлэн, шууд хүрчихдэг зүйл гэж дэлхий дээр байхгүй. Тэмцээн уралдаанд оролцоход янз бүрийн л сорилт учирна. Өөрөө туулж, давж гарсан хүний хувиар хэлэхэд тэр бүх сорилтууд улам л сонирхолтой болгодог.

Боксын спортоор тэр дундаа хөнгөн, дунд жиндээ монголчууд амжилт гаргах, бүрэн боломжтойг Монголын дасгалжуулагч, тамирчид баталчихсан шүү дээ. Мэргэжлийн бокст ч тэр. Гэхдээ мэргэжлийн бокст тоглолтоос гадна зөв менежмент хэрэгтэй гэж ажиглагдсан.

-Тив, дэлхийн хэмжээний тэмцээн, олимпод Төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол Улсынхаа далбааг мандуулсан тамирчин, өдгөө боксын дасгалжуулагч, зүтгэлтнээр ажиллаж байгаагийн тань хувьд асуухад Монголын боксын холбоо /МБХ/-ны өнөөгийн удирдлагын талаар ямар санал, сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Бүх л зүйл удирдлагаас шалтгаалдаг. Боксчин хүн толгой нь сайн ажиллаж байж, гар оновчтой хүчтэй цохино, хөл ажиллана. Үүнтэй адил Монголын боксын холбооны удирдлага сайн ажиллаж байж баг тамирчид өндөр амжилт үзүүлнэ. Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар ахыг бүр багаасаа мэднэ. Олон улсын хэмжээний мастер, боксчин Атраа, Болдоо хоёрын дотны найз. 1996, 1997 оноос л найзуудаа дэмжиж боксын тэмцээнүүдийг ирж үздэг байсан. Тиймээс зөв хүн МБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон, холбооны ирээдүй гэрэлтэй байна гэж харж байна.

-Танд гадаадын улсаас хэр их урилга, санал ирж байв?

-Ирж тоглооч олимп, дэлхийн аварга болох боломж байна гэсэн саналууд хүлээн авч байлаа. Мөн мэргэжлийн бокс тоглооч гэсэн саналууд ирдэг байсан.

-Та яагаад мэргэжлийн бокс руу ороогүй юм бэ?

-Би өвөөтэйгөө хоёулахнаа цуг байсан үе. Багын өвөөтэйгөө их дотно хүүхэд байсан. Өвөөгөө орхиод явж чадаагүй. Мэдлэг, мэдээлэл ч багатай байж. Мэргэжлийн бокс тоглоод тодорхой хугацааны дараа өвөөгөө дэргэдээ байлгаж болно гэдгийг мэддэггүй байж. Сонирхогчийн боксын тэмцээн өөр өөр оронд зохион байгуулагддаг, зочид буудлуудад байрлаад л тэмцээнд оролцоод явдаг шиг л санасан. Мөн би сонирхогчийн бокстоо илүү дуртай байсан л даа. Яагаад гэвэл олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Яахав мэргэжлийн бокс сонирхогчийн төрлөө бодвол тамирчны орлого асар өндөр. Гэхдээ би сонирхогчийн боксыг дандаа нэгдүгээрт тавьж ирсэн.

Дараа дараагийн мэргэжилд орох санал ирэх үе нь гэмтэл бэртэлтэй байхад таарсан. Тэгээд гэр бүлтэй болсон. Цаг хугацаа гэдэг чинь их хурдан, дорхноо л өнгөрчихдөг юм байна.

-Та дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойш сурагчдаа тэмцээнд уралдаанд оруулж амжсан уу?

-Сурагчид маань тэмцээнд яг бэлдэж оролцох цаг нь арай болоогүй байгаа. Гэхдээ ойрхон тэмцээн уралдаан болвол оруулах боломжтой гайгүй хэдэн сурагч бий. Тэмцээнд оролцсоноор “нүд нь нээгдэнэ”, тодорхой хэмжээнд туршлага сууна, тэгж байж л сайжирна. Тиймээс сурагч нартаа тэмцээн уралдааны “утаа үнэрлүүлнэ”.

-Та Монголын үндэсний олимпын хороо, Монголын боксын холбооноос ажлын санал хүлээн авч байсан уу. Танд урилга санал ирвэл энэ төрлийн сонгуульт алба хаших уу?

-Бүр 2008 оноос  л хүмүүс “Мөөгий чи сонгуульт алба ажил хийхгүй юм уу” гэж асуудаг л байсан. Би өөрөө зааландаа л байх дуртай хүн. Яг одоо бол Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль надад итгээд багшлуулж байна. Мөн би боксын секцэндээ багшилж байна. Өөрийн чаддаг, мэддэг зүйлээрээ сурагч нартаа тусалж чадна гэж найдаж байна. Энэ чухал, хариуцлагатай ажлуудаа сайн хийх л хүсэл бий.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 13 цаг 57 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 13 цаг 59 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 3 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 5 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 10 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 1 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 21 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 15 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 21 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 24 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 26 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 29 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 36 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 9 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 10 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 12 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 16 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 18 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top