x

С.Баярцогт: УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохин байгуулалтад орох боломж нээгдэж байна

"Их эвлэрэл, их өөрчлөлт, их амжилт" уриан дор болсон уг уулзалтад АН-ын Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-ны 215 гишүүн оролцлоо. Тухайлбал, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, С.Баярцогт, Д.Батцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нараас гадна ахмад, залуу үеийн төлөөллүүд ирсэн байв. Энэ үеэр АН-ын ҮБХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа.

-АН-ын "Эв нэгдэл" ажлын хэсэг байгуулагдлаа. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Манай намд тулгарсан хоёр гол асуудал бий. Нэгдүгээрт, АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу намын дарга гэж хүн одоогоор байхгүй. Намын даргаа гаргаж ирдэг журам нь Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмээр зохицуулагдана.

Гэтэл манай нам өнгөрсөн хугацаанд хоёр талд гарчхаад, хоёр ҮБХ-той нөхцөл байдал үүсчихсэн. Тиймээс аль, аль талаас нь УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн боловч долоон удаа энэ асуудлыг буцаасан шүү дээ. Бид асуудлын гарцыг эрэлхийлэхийн тулд эхлээд хуульчдын баг гаргасан. Ер нь бидний алдаа дутагдал хаана байв, яагаад хууль дүрэмд нийцүүлэхгүйгээр асуудлууд тавиад байсан юм бэ гэдэг асуултын зангилаа бол АН-ын тодорхой лидерүүдтэй холбоотой.

Үндсэндээ тэднээс шалтгаалж нам хоёр хуваагдсан нөхцөл байдал үүссэн байв. Иймд УДШ рүү явж байгаа бичиг болгон хоёр талаасаа очоод маргаан дагуулаад байсан хэрэг.

УДШ-ээс "Өмнө тавьсан асуудлууд чинь шийдэгдээгүй байна. Хоёрдугаарт. та нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд чинь байхгүй байна. Эдгээр асуудлуудаа шийдээч" гэсэн шийдвэр гаргасан. АН бол олон фракц, бүлэг, клубүүдтэй гэдгийг бүгд мэднэ. Энэ хүмүүсийн хооронд урт хугацааны яриа хэлэлцээрүүд өрнөсний үр дүнд өнөөдрийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Ялангуяа ард түмнээсээ итгэл авч сонгогдсон УИХ-ын 11 гишүүн "Эв нэгдэл" ажлын хэсэг байгуулах санал, санаачилга гаргасан нь ийнхүү үр дүнгээ өгч, хоёр талд байсан ҮБХ-ны гишүүд нүүр, нүүрээ харалцан асуудлаа мухарлахаар гарц шийдлүүдээ ярилцаж байгаа юм.

Ажлын хэсэг гурван удаа хуралдуулаад ерөнхий зорилго чиглэл, үүсээд байгаа нөхцөл байдлуудаа дүгнэсэн. Юуны өмнө яаралтай ҮБХ-ны хурлаа хуралдуулж намын даргаа сонгох ёстой юм байна.

Улмаар УДШ-д намын даргаа бүртгүүлэх ёстой юм байна. Үүссэн нөхцөл байдлаа УИХ-ынхаа болон ҮБХ-ныхоо нийт гишүүдтэйгээ намын Их хурлын өмнө ярилцаж зөвлөлдөх ёстой юм байна гээд энэхүү зөвлөгөөнийг АН-ын бүлэг болон "Эв нэгдэл" ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж байгаа юм.

-Х.Баттулга болон С.Эрдэнэ нарын талд ҮБХ-ны нийт хэдэн гишүүн байгаа юм бэ. Тэд өнгөрсөн хугацаанд хоёр талд нэг нэгийгээ үгүйсгээд намын их, онц их хурал зарлаж байсан. С.Эрдэнийн хувьд "Эв нэгдэл" ажлын хэсгийг эсэргүүцээд байгаа харагдсан...

-АН-ын ҮБХ-ны гишүүд бол 2020 оны тавдугаар сард байсан үндсэн ҮБХ-ны 389 гишүүн, 2022 онд дүрмийн өөрчлөлтийн дараа хийгдсэн 252 ҮБХ-ны гишүүд бий. Тэдэн дунд давхардсан тоогоор 95 ҮБХ-ны гишүүн байгаа.

Нийт хоёр талын ҮБХ-ны төлөөллүүд оролцсон энэ зөвлөгөөн анх удаа хийгдэж байна. Өмнө дандаа хоёр талдаа хуралдаад байсан. Бид бодитоор бие биеэ хүлээн зөвшөөрөөд буулт хийж, харилцан ойлголцоод асуудлыг шийдвэрлэе гэсэн үүднээс зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа. Эндээс дараа дараагийн зөв зүйтэй шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

-Өмнө хоёр талаас УДШ-д хүргүүлсэн хүсэлт долоон удаа буцаагдсан гэж байна. Та бүхний хуралдаж, гаргасан шийдвэрийг УДШ хүлээж авах уу. Одоо гарах шийдвэр өмнөхүүдээсээ ямар ялгаатай юм бэ. Эрх зүйн боломж нь яаж бүрдэх вэ?

-Улс төрийн намын тухай хууль бол бидний баримтлах хамгийн гол хууль. Дээрээс нь манай намын дүрэм Улс төрийн намын тухай хуульд нийцсэн байх ёстой.

Саяхан УДШ-ээс улс төрийн намыг бүртгэх журмаа шинэчилсэн байна. Энэ шинэчилсэн зүйлийн дагуу УДШ найман асуудлыг авч хэлэлцээд 5-6 зүйлийг бүртгэдэг болж байгаа юм билээ. Энэ зүйлүүд нь тодорхой болсон.

Урьд нь УДШ иргэний танхим, нийт гишүүдээрээ хэлэлцдэг зэрэг өөрчлөлтүүд ороод байсан. Одоо хууль зүйн хувьд маш ойлгомжтой болсон. Дээрээс нь манайд хоёр талаасаа бичиг явуулаад хоёр талдаа хуралдаад байдаг зүйл маань үндсэндээ арилж байгаа. Тийм учраас хуулийн болон бодит бусад шалтгаанууд нь байхгүй болж байгаа гэсэн үг. УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа гэж харж болно.

-Таны тухайд АН-ыг эв цаванд нь оруулах тал дээр нэлээд хичээл зүтгэл гаргаж, санаа тавьж ажил болгож байгаа хүний нэг гэж хардаг. Таныг намын даргад байх ёстой хүний нэг гэсэн байр суурьтай хүмүүс ч бий. Харин таны хувьд намын дарга ямар хүн байх ёстой гэж үздэг вэ?

-Энэ бол нээлттэй асуудал. Эхлээд намын нэгдлийг эхлүүлэх нь хамгийн чухал.

-Эрх баригчид тогтолцооны шинэчлэл хийх ёстой гэж ярьдаг. 2023 онд ээлжит бус сонгууль явуулах суурь нохцолүүдээ нүүрсний хулгай, Хогжлийн банкны хэрэг зэргээр бэлдчихлээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Ирэх долоо хоногт манай намын асуудал тодорхой болно. Эхлээд намынхаа асуудлыг шийдчихээд улс орны эдийн засаг, бодлого ярих нь зөв байх.

АН-ЫН ҮБХ ЭНЭ САРЫН 10-НД ХУРАЛДАХААР БОЛОВ

АН-ын оюун санаа болсон улс төрийн төлөөлөх эрх бүхий дээд байгууллага бол ҮБХ. Энэхүү зөвлөгөөнд оролцсон ҮБХ-ны гишүүд яаралтай нэгдэж, нийлэхийн төлөө бүгд санал нэгтэй дуугарч байлаа.

Иймд энэ сарын 10-ны ҮБХ-ны хурлаа зарлан хуралдуулах шийдвэр гаргасан юм. Энэ ҮБХ-ны хурлаараа намын дотоод асуудлаа нухацтай ярилцаад шаардлагатай бол намын дүрэм, журамдаа дахин шинэчлэл хийх аж.

Ингэхдээ илүү олон боломжийг суулгаад намын их хурлаа цааш нь үргэлжлүүлэн зарлах, ҮБХ-ны хурал, намын их хурлаасаа олонхынхоо саналаар дэмжлэг авсан хүмүүсээ намын гүйцэтгэх удирдлагад дэвшүүлж УДШ-д бүртгүүлнэ гэв. Ингэснээр АН хүчинтэй, хүчингүй тамга гэсэн янз бүрийн ярианаас гарч, нэг тугийн дор, нэг үзэл санаан дээрээ нэг АН болоод зогсохгүй үйл ажиллагаа нь сэргэх боломж бүрдсэн гэж гишүүд онцолж байлаа.

"Эв нэгдэл" зөвлөгөөнд ирсэн гишүүдийн сэтгэгдлээс хүргэе.

УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-АН-ын ҮБХ-ны гишүүдийн "Эв нэгдэл" зөвлөгөөнөөс амжилт гарна гэж найдаж байгаа. Энэ намын тодорхой өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс намыг хагалан бутаргах, МАН-д энэ намыг тодорхой зүйлээр худалдах хандлага гаргаад байна. Ялангуяа экс намын дарга, Ерөнхийлөгч нар.

С.Эрдэнэ гэдэг хүнтэй АН сонгуульд оролцвол ялагдах нь тодорхой. Үүнийг МАН хүсэж байгаа. Миний амьдралдаа rap барьж үзээгүй Мөнхбаяр гэдэг хүнийг УДШ-д АН-ын даргаар бүртгүүлэх тухай асуудал яриад явж байна гэдэг бол арай дэндэнэ биз дээ.

АН-ын талаар үг хэлж мэдэхгүй хүнийг АН-ын даргаар тавина гэдэг бол дахиад л ялагдалд хүргэнэ гэсэн үг. Тиймээс экс дарга, ерөнхийлөгч нарыг бид таягдан хаях хэрэгтэй. Тэдэнтэй тэдэнгүй бид энэ зохих дүрмийн өөрчлөлтийн дагуу намынхаа дүрмийн өөрчлөлт болон даргаа УДШ-д бүртгүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг АН-ын 11 гишүүн санаачилсан. Гол нь АН-ын хуваагдлын асуудлыг эцэслэх зорилготой. Би хөдөөнөөс сонгогдсон гишүүн. Орон нутагтаа очиход надаас нам нэгдэх үү гэж иргэд байнга асуудаг. Тиймээс бид өнөөдөр дараагийн ҮБХ хуралдуулах, намын асуудлыг эцэслэн мухарлах асуудалд гишүүд үг хэлж байна.

Энэ нь улс орны хувь заяа эрх ашигт хэрэгтэй. Сөрөг хүчин хүчтэй байхгүй бол эрх баригчдын завхралын асуудал дэндэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Ер нь ҮБХ-ны гишүүд нүүр тулан уулзаж асуудлаа шийдээгүй 2.5 жил болсон байна. Энэ уулзалтад тэд маш идэвхтэй зорин ирсэн байна. Цаашид бүгдээрээ сууж ярилцаж асуудлаа шийдэх зайлшгүй шаардлага бий.

Хууль эрх зүйн хувьд гаргах хамгийн сүүлчийн гарц нь бол АН-ын бүлгээс санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнүүд юм. Ер нь АН-ын сүүлийн жилүүдэд гарсан алдаа бол намын лидер гэсэн хүмүүсийг дагаж яваад өнөөдрийн мухардалд хүрсэн. Намын үндсэн дүрэм, үзэл баримтлал дотор олонхоороо асуудлыг шийдэж, дүрмийн дагуу улс төрийн тоглолтуудыг хийж явах ёстой. Энэ арга замууд цаашид ардчиллын мөн чанараараа явна.

АН-ын ҮБХ-ны гишүүн, "OD" клубийн үүсгэн байгуулагч Ж.Баярмаа: 

-Улс төрийн намын үндсэн хийх ёстой ажил бол үзэл баримтлалтай байх. Нам бол үзэл санаан дээр суурилсан нэгдэл гэж үздэг. Иймд манай гишүүд нэгдэх нь чухал.

АН өнөөдөр хуваагдсан нь үнэн. Хий хоосон эв нэгдэл эвлэрэл гэж уриалахаас эхлээд эвдрэл юунаас эхтэйг ойлгох хэрэгтэй. Эвдрэл зөрчлөөс болдог. Иймд юунаас, хаанаас зөрчил үүссэн гэдгийг сайн ярьж, нэгдсэн ойлголттой болсноор дахин давтагдуулахгүй байвал эв нэгдэл жинхэнэ утгаараа биелнэ. Түүнээс мянга хоосон орилоод үндсэн суурь шалтгаан нь засрахгүй, ойлгохгүй бол эвдрэл дахиад гарна. Шударга бусаас эвдрэлцэл үүсдэг шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top