x

С.Ганхүү: Хүний амь цаг минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй

Киргизистан улсын Памирын нурууны Ленин оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан "Цэгц" клубийн уулчин Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан.

Улмаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант" клубийн уулчин Э. Даваадорж нарын баг аврах ажиллагааг амжилттай явуулж залуу уулчин Х.Бумхишигийг энэ сарын 13-нд эсэн мэнд буулгаж ирээд байна. МУҮХ- ноос мэдээлж байгаагаар Х.Бумхишиг гуравдугаар зэргийн хөлдөлттэй байгаа гэнэ.

Тухайн аврах ажиллагааг ахалсан уулын спортын мастер С.Ганхүүтэй ярилцлаа. Тэд өнөөдөр эх орондоо ирнэ.

-Сайн байна уу, та. Сайн явж байна уу?

-Сайн байна уу. Аврах ажиллагаа амжилттай боллоо. Бууж ирээд сая л нэг санаа амарлаа.

Залуу уулчингаа эмнэлэгт үзүүллээ. "Тээвэрлэх боломжтой" гэх хариу ирж байна. Удахгүй бид буцах нь. Консулын газраас хүмүүс ирж их тусаллаа. Эх орон маань иргэнээ хөсөр хаясангүй. Бидний хойноос санаа чилээж цайны дээжээ өргөж суусан ард түмэндээ талархаж байна.

-Залуу уулчин Х.Бумхишигийн маань эрүүл мэнд ямар байна вэ?

-Шинжилгээний хариу нь сая гарлаа. Урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэх онош гарсан байна. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас мэнд гарч чадлаа.

-Тухайн уулчны хөл хөлдсөн гэх мэдээллийг та яаж мэдсэн юм бэ?

-Дээрээс гуравдугаар кемпээс буцаж явсан уулчид X.Бумхишигтэй таарсан юм билээ. Хамт буухаар байсан ч манай хүн 5,800 метрт үлдчихсэн байгаа юм. Түрүүлж буусан уулчид хоёр хоног хүлээгээд хэл чимээгүй болохоор нь Бишкек дэх Консул руу мэдэгдсэн байдаг. Ингээд л бидэнд мэдээлэл ирсэн.

-Тухайн мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Их гайхсан шүү. Бид хамт л явдаг юм. 5,800 метрт хөлөө хөлдөөсөн гэхэд нь цочирдож байлаа. Амь настай холбоотой асуудал болохоор хурдхан шиг л аврах талаар бодсон. Ингээд есдүгээр сарын 8-ны пүрэв гарагт хэрэглэлээ бэлтгээд л нислэгийн хуваарь харахад орой нь байж таардаг юм. Киргиз рүү утсаар залгаж "Очоод зардлыг нь өгье" гээд учраа тайлбарлахад маш нааштай хүлээж авсан. Шууд л зөвшөөрсөн. Хаа хаанаа уян хатан байж яаралтай арга хэмжээ авсны үр дүнд бид уулчин залуугаа авч ирээд сууж байна.

-Шуурхай ажиллажээ. Аврах ажиллагаа хэрхэн явагдсан бэ?

-Тийм шүү. Эндээс маш богино хугацаанд очоод аврах баг авиралтаа эхлүүлсэн. Ердийн үед авирахад гурав хоногт туулдаг зайг бид 24 цагийн хугацаанд л туулсан шүү.

-Өдөр, шөнөгүй явж дээ.

-Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад зогсоод амрах эрх үгүй шүү дээ. Зүтгэхээс өөр сонголт байхгүй.

-Х.Бумхишиг маань амьд байгаа мэдээг та хэзээ хүлээж авсан бэ?

-Энэ сарын 10-ны өдөр шөнөжин яваад л 5,400 метрт очсон юм. Гэтэл "Утасны цэнэг дуусаж байна. Сүүлийн ганц зураастай үлдлээ. Би 5,800 метрт байгаа шүү" гэх зурвас уулчин залуугаас маань ирдэг юм. Мэнд байгаа мэдээг нь сонсоод сая нэг гүн амьсгаа авлаа. Тэр даруйдаа "Би 5,400 метрт очиж байна. Одоохон" гэж хариу бичээд л цаашаа авиралтаа үргэлжлүүлсэн.

Дээшээ 400 метр яваад л Х.Бумхишиг дээрээ очсон. Надтай Оросын уулчин хамт очсон юм. Газар дээр нөхцөл байдал амар биш байлаа. Бид майхныг нь үлдээгээд л багажнуудаа гаргаж бэлтгээд буулгах арга хэмжээг яаралтай авсан. Богино хугацаанд эмнэлэгт хүргэх хэрэгтэйг ойлгож байлаа. Удсан ч үгүй араас хоёр уулчин маань гараад ирсэн. Буулгах ажиллагаа 24 цаг орчим үргэлжилсэн.

-Газар дээрх нөхцөл байдал амар биш байжээ. Уулзсан даруйдаа та хоёр юу ярив?

-Хөл нь хөлдчихсөн хүн юу хийж чадах билээ дээ. Майхнаасаа гарч орж чадахгүй усаа буцалгаж уугаад л сууж байсан. Хэд хоног хоол хүнс идээгүй. Тийм хүнд нөхцөл байдалд орсон хүн ямар олиг байх билээ. Төсөөлснөөс ч хүнд бэрхшээлүүд гарч ирсэн. Тэр бүрийг энд нэг бүрчлэн хэлээд яах вэ. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас уулчин залуугийнхаа амь насыг аварч чадлаа. Бүх саад бэрхшээл ард үлдсэн.

-Х.Бумхишигийн тухайд олон авиралт хийсэн шүү дээ. Ямар алдаа гарав?

-Ууланд туйлын үнэн, туйлын худлаа гэж байхгүй. Уулчин өөрөө боломжтой гэж үзвэл бэлтгэлээ хангаад авиралтаа хийнэ. Мундаг уулчин бэлтгэлээ сайн базаалаа гээд осолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Бурхан байсан ч осолд орж болно. Тухайн уулчин ямар үйл ажиллагаа явуулсан нь алдаа, ололт болоод л дуусдаг.

"Тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан" гэх асуудал байхгүй. Тийм зүйл байх ч ёсгүй. Цахим орчинд тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан гээд л алт, мөнгөн дүрэм ярьж байна. Тийм юм байдаггүй юм. Өнөөдөр чиний чаддаг аргыг нөгөөдөр өөр газар чи чадахгүй байх боломжтой. Байгаль гэдэг өөрөө ямар аугаа билээ. Хүн гэдэг ямар өчүүхэн билээ. Тэгэх ёстой байсан, тэрний буруу, энэний буруу гэсэн асуудал байхгүй.

-Дээшээ авирахаас илүү буух зам амар биш байгаа талаар Уулчдын үндэсний холбооноос мэдэгдэж байсан. Буух зам ямар байв?

-5,800 метрээс доошоо 1,400 метр газар авч явсан. Том, том ангалтай, эгц ханатай газруудаар аврах багажтай том цүнхээ үүрээд, аварсан залуугаа чирээд явна. Өөрсдөө ч унах өндөр эрсдэлтэй. Энгийн хүн явах ямар ч боломжгүй газраар аргалаад л гарч ирсэн. Хажуугаар нь аварсан залуугаа хурдхан шиг эмнэлгийн бараа харуулчихмаар байдаг.

Аврах ажиллагаанд хамт явсан залуус маань маш хариуцлагатай, ур чадвартайгаар баг болж ажилласан. Бид багаар ажиллаж энэ их эрсдэлтэй ажлын ард амжилттай гарлаа. Сэтгэгдэл өндөр байна.

-Сүүлд нь онцлоод асуухад, аврах ажиллагаанд явахдаа өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгож байсан биз дээ. Таны аав, ээж биш жирийн нэг залуугийн хойноос ийм эрсдэл гаргаж байгаагийн үнэ цэнэ нь юу вэ?

-Хийх ёстой болоод л хийсэн. Очих боломжтой хүн нь би. Ленин оргилын талаар сайн мэддэг хүн нь л би. Хамт ууланд авирдаг дүүгийн минь амь нас эрсдэлд орчхоод байхад энд санаа амар сууж чадахгүй шүү дээ. Өөрөө ч уулчдын холбоонд энэ ажлыг хариуцаж хийдэг хүн. Хийх ёстой болоод л хийлээ. Тийм хүнд нөхцөлд яаралтай арга хэмжээ авч амийг нь аварч чадсан нь зол байхгүй юу.

-Уулчид гэдэг нэгнийхээ төлөө халуун сэтгэлтэй улс юм даа.

-Таны хэлж байгаа үнэн шүү. Халуун сэтгэлээр баг болж ажилласан тулдаа аврах ажиллагаа амжилттай боллоо. Х.Бумхишигтэй маань таарсан гаднын уулчид доор хоёр хоног хүлээсэн байгаа юм. Санаа нь зовоод Элчинд хэл дуулгасан байдаг. Өнөөдрийн нийгэмд нэгнээ гэх жаахан ч болов сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг юм. Бие биенээ үзэн ядах, нэгэндээ хорсох ямар хэрэг байна вэ. Наанадаж л эерэг уур амьсгал түгээдэг байвал.

-Сая ямар алдаа гарав. Цаашид ийм эрсдэл гарвал яах вэ?

-Тэрний буруу, энэний буруу гээд яах вэ.

Гэхдээ нэг зүйлийг онцлоход ном, сонин уншчихаад тийм ийм гэж дүрэм ярьдаг биш, хийдэг хүн хэрэгтэй. Уулчдаа сайн бэлтгэх хэрэгтэй байгаа нь энэ явдлаас харагдлаа. Бэлтгэдэг хүн нь юм уншчихаад хүнд цэцэрхдэг биш, туршлагатай байх хэрэгтэй.

Хамгийн нэгдүгээрт туршлага. Тухайн хүн хэлний боловсролтой гадна дотноос мэдээлэл цуглуулаад уулчин болохгүй. Хамгийн гол нь тэр хүн ууланд явсан туршлагатай байх хэрэгтэй. Энэ л бидэнд дутагдаж байна.

Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчид маань чадах ядахаараа зааж, зөвлөөд л явж байна. Гэхдээ энэ нь учир дутагдалтай байх шиг. Үүнийг зохион байгуулалтад оруулах, цаашдаа туршлагатай уулчид сургалтаа хийдэг систем рүү л оруулах хэрэгтэй байна. Сүүлд онцлоход аврах багийн гишүүддээ, Уулчдын үндэсний холбооны хамт олондоо гүн талархал илэрхийлье. Бидний араас залбирч суусан ард түмэндээ баярлаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 1 цаг 39 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 1 цаг 42 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 1 цаг 44 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 1 цаг 44 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 1 цаг 48 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 1 цаг 54 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 1 цаг 54 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 1 цаг 57 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 0 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 1 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 7 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 12 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 2 цаг 19 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2 цаг 24 мин Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 5 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 18 цаг 11 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 18 цаг 42 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 18 цаг 59 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top