x

Б.Үүрцайх: Ван И-гийн айлчлал Монголд илүү үр өгөөжтэй, эдийн засагт таатай байдлыг бий болгоно

Эдийн засгийн ухааны доктор, олон улс судлаач Баярсайханы Үүрцайхтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх сарын сүүлээр Хятад улсын Г адаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийх гэж байна. Ямар учиртай айлчлал болох гэж байгаа талаар танд мэдээлэл байна уу?

-Албан ёсны хөтөлбөр гараагүй байна. Ямартай ч манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ирэх сарын сүүлээр айлчлахаар төлөвлөж байгаа юм билээ.

Б.Батцэцэг сайдын хувьд энэ зуны эхээр Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэр үеэр Хятадын төрийн тэргүүн болон Засгийн газрын удирдлага, гишүүдтэй уулзсан. Уулзалтаар Гадаад хэргийн сайд Ван Иг урихын зэрэгцээ тодорхой ажлуудад хамтран ажиллах талаар гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагаагаа баталгаажуулах үүднээс манай улсад албан ёсны айлчлал хийх байх.

-Саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлаад буцсан. Түүний дараа урд хөршийн Гадаад хэргийн сайд айлчлахаар төлөвлөж байна. Хоёр хөрш манайх руу нөлөө бүхий сайд нараа явуулж байгаагийн шалтгаан болон Ван Игийн айлчлалын гол зорилгыг судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Монгол, Хятад хоёр улс олон мянган жил хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэнчлэн өнөөдөр манай хоёр улсын харилцаа "түүхэн дэх хамгийн таатай үед ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсон" гэж хэлж болохоор байна.

Хятад улс түүхийн урт хугацаанд Дэн Сяопиний дэвшүүлсэн “даруу байж, хүчээ нөөх" стратегийн үзэл баримтлалыг гадаад харилцааны үндсэн жолоодлого болгон тууштай баримталж ирсэн юм.

Гэвч сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал улам нарийн төвөгтэй болж, даяаршил газар авч буй зэрэг хүчин зүйлсийн нөлөө Хятадын гадаад харилцааны бодлогод гүн гүнзгий нэвтэрч, тусгалаа олж, Хятад улсыг цаг үеийн нөхцөл байдалд тохирсон гадаад харилцааны бодлогын шинэчлэлт хийхэд хүргэсэн. Тэр утгаараа олон улсын нөхцөл байдлаас хамаарч, мөн худалдаа эдийн засгаа улам сэргээх зорилготойгоор манай улсад айлчилж байна.

Ерөнхий сайдын хэлснээр бол айлчлалын үеэр яригдах гол асуудлууд нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа юм билээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Тус цахилгаан станцын санхүүжилтийн ихэнх хувийг Хятад улсаас гаргуулж байгаа. Тиймээс санхүүжилтийг шийдэж өгөх. түүнийхээ хариуд уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлэх асуудлаар ярилцах болов уу.

Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, эцсийн шийдвэр гаргана гэж бодож байна.

Үнэндээ Оросын төрийн айлчлалаас илүү урд хөршийн айлчлалууд бидэнд илүү үр өгөөжөө өгнө. Орос бид нараар олон жил тоглож, дээрэлхэж ирсэн.

Тусгаар улсын гадаад бодлого ямагт найрсаг байдаг учраас энэ бүхнээ ил тод хэлээд явна гэж байхгүй л дээ. Гэхдээ судлаач хүний хувьд хэлэхэд Орос бидэнд туслахгүй эсрэгээрээ биднээс яаж илүүг авах вэ л гэж бодно.

Харин Хятад улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятадын том зах зээлийг ашигласан бодлого зохицуулалтыг бид гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн уналтад орчихсон, хүндрэлтэй байгаа энэ цаг үед Ван И-гийн айлчлал Монгол Улсад илүү үр өгөөжтэй, таатай байх болно.

-Манай улсын худалдаа эдийн засгийн 80 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Хятад улс гэдэг бол маш том зах зээл. Тэр утгаараа манайх тус улс руу экспортлох бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлснээр гадаад худалдааны баланс тогтворжино гэж эдийн засагчид үзэж байгаа. Эдийн засагч хүний хувьд энэхүү айлчлалын хүрээнд худалдаа эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй, дэвшилттэй хэлэлцээр хийхээр харагдаж байна вэ?

-Юуны өмнө хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт- Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсанаа албан ёсны ажил хэрэг болгох дүр зураг ажиглагдаж байна.

Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх түүхэн айлчлал байж мэднэ гэж харж байгаа.

Тухайлбал, махны экспортыг өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүүгээр нэмэгдүүлэх ажилд хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл байна. Урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүний эргэлт, хэмжээ дагаад өснө. Үүнээс шалтгаалж улсын эдийн засгийн тэлэлт, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтой.

Манай улсын гадаад өрийн дийлэнх хувийг Хятад улсын зээл, буцалтгүй тусламжууд эзэлж байгаа. Үүнийгээ мөн сануулах, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол бага хүүтэй зээлээр солих боломж байгаа эсэхээ энэхүү айлчлалын үеэр хэлэлцэх байх. 

Мөн айлчлалаар уламжлалт задгай тээвэр болон зорчигч тээврийн хилийг нээхээр ярилцаж тохиролцоно гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор цаашдаа куб метр ачааны үнэ одоогийн 800 юаниас доош шат дараалан буух төлөвтэй байгаа бөгөөд зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэх аравдугаар сарын үед 200-300 юань байх боломжтой.

Тус айлчлал хийгдсэнээр тодорхой гурван асуудлыг шийднэ гэж харж байгаа.

-Тухайлбал...

-Нэгдүгээрт, Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг эхлүүлнэ. Хоёрдугаарт, Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэнэ.

Гуравдугаарт, Бээжингийн олимпын үеэр ярилцсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа. Эдгээр гурван асуудлыг хөндөхийн зэрэгцээ гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг ярилцаж, тов гаргах асуудлаар санал солилцоно.

Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төсөл эхэлнэ гэдэг манай улсын хувьд маш том ололт. Баруун бүсээ эрчим хүчээр найдвартай хангачихна гэсэн үг. Магадгүй урд хөрш рүү эрчим хүч экспортлох боломж ч бий болох талтай.

-Монгол Улсын хувьд гадаад худалдаа тэр дундаа Хятад улстай хэрхэн хамтран ажиллах, тэднээс юуг хүсэх ёстой вэ. Цар тахлын үед хилээ хаалаа гэхэд манайд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж байна. Цаашид иймэрхүү онцгой үед хилээ хаахгүй байх асуудалд гэрээ хэлэлцээр хийх боломж байдаг болов уу?

-Тэднээс юм хүсэхээсээ илүүтэй хэрхэн харилцах хамтарч ажиллах вэ гэдэгтээ анхаарах цаг нь болсон. Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байсан.

Урд хөрштэй өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байна. Гэтэл манай урд хөрштэй худалдаа хийхийг хүссэн хэчнээн орны зах зээлтэй өрсөлдөж байгаа билээ.

Бидний өнөөдрийн аливаа хүндрэлийн алхам тутамд тээвэр, ложистикийн дутагдалтай байдал саад учруулж байна. Цаашид боомтын үйл ажиллагааг сайжруулахад зайлшгүй хийх ёстой ажлууддаа яаравчлах шаардлагатай.

Юуны өмнө хөрөнгө оруулалтын болон хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг түргэтгэх хэрэгтэй. Мөн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой юм. Бэхжүүлнэ гэдэг нь наад зах нь гэнэт түдгэлзүүлэхгүй, нэг талын шийдвэрээр ярьсан тохирсноо гэнэт гацаахгүй байхыг хэлж байгаа юм.

Харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагаанаас гадна байгаль орчны хөгжлийн тогтолцоог дэмждэг байх нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрүүл хөгжлийн зам болох юм. Боомтын нэвтрүүлэх чадвар болон гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг хангалтгүй байгаа нь Монгол, Хятадын боомтууд дахь менежментийн нийтлэг асуудал л даа.

Дээр дурдсанчлан хоёр талын боомтууд алслагдсан бүсэд хамаардаг учраас боомтын дэд бүтцийн хоцрогдлоос гадна үйлчилгээний чадамж, гаалийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дутмаг байх зэрэг нь Монголын экспорт импортын худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлөх таагүй хүчин зүйл болдгийг ажиглагчид шүүмжилдэг.

Өөрөөр хэлбэл, Монгол, Хятад хоёр улсын алинд ч боомтын менежмент дутмаг байгаа нь экспорт импортын хэмжээнд нөлөөлөх, ялангуяа боомтод зарцуулсан хугацаанаас болж тухайн барааны борлуулалтад нөлөө үзүүлдэг байдлыг өөрчлөх шаардлагатай юм.

Эцэст нь цар тахлын эсрэг хамтран тэмцэх ажлаа дахин эрчимжүүлэх шаардлагатайг нөхцөл байдал сануулсаар байна. Ийм онцгой нөхцөл байдалд ч хоёр талын харилцаа. хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, хоёр улсын хилийн боомтуудад хэрэгжүүлж байсан "Ногоон гарц"-ын түр журмыг дахин эхлүүлж зорчигч урсгалыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 2 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 6 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 11 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 19 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 21 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 25 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 20 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 25 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 28 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 31 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 35 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 39 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 9 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 18 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 28 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 41 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 56 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 6 цаг 57 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 3 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 21 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top