Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар гэмт хэргийн улмаас 127 хүүхэд хохирчээ. Үүний 55 тохиолдол нь зам тээврийн ослын улмаас нас барж байгаа аж. Энэ нь эцэг эхчүүд автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой юм. Эцэг, эхчүүдийн дунд автомашины суудал яагаад хэрэглэдэггүй талаар судалгаа хийхэд 90 орчим хувь нь хэт үнэтэй гэх хариултыг өгсөн байна.
Автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагддаг. Харин автотээвэр хэрэглэгчдээс судалгаа авахад аюулгүйн суудлын үнэ хүүхдийн наснаас шалтгаалан 48,000-63,000 төгрөгийн үнэтэй байвал зохимжтой гэж хариулсан аж. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас импортлогчдод аюулгүй суудлыг ийм үнээр оруулж ирэх санал тавихад “Номин” компани саналыг хүлээн зөвшөөрчээ.
Ингээд наймдугаар сарын дунд үеэс эхлэн аюулгүйн суудлыг хямдруулан 63 мянган төгрөгөөр худалдан авах боломжоор хангаж байгаа юм. Мөн энэхүү автомашины хүүхдийн зориулалтын суудлыг авснаар үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамрагдах нэг жилийн эрх олгоно гэв.



