Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар танилцууллаа.
Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг нэвтрүүллээ.
Хүүхэд хамгааллын даатгалын бүтээгдэхүүнийг Азидаа анх удаа нэвтрүүлжээ. Сүүлийн үед эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоох болсон нэг асуудал бий. Тэр нь хүүхэд ор сураггүй алга болоод, олддоггүй, хүчирхийлэлд өртөх зэрэг асуудлууд юм.
Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Номин даатгал” ХХК-тай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгожээ. Эхний ээлжинд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7,000-9,000 хүүхдийг төрөөс хамруулах аж.
“Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдэлүүд тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх боломж нээгдэж байгаа юм.
Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж анх удаа амжилттай туршсан байна.
Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл, гэмтэл зэргийг бүртгэхээс гадна уралдаанд оролцуулж буй уяачдын мэдээллийг давхар бүртгэх боломжтой аж.
Үүлэн технологид суурилсан энэхүү системийг нэвтрүүлснээр
-
Монгол Улс даяар уралдаанд оролцож байгаа бүх хүүхдийн мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилтыг тавьж,
-
Үндсэн хууль болон салбарын хууль тогтоомжуудаар олгогдсон эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх
-
зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх буруутай этгээдэд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байна.
Энэ жил энэхүү цахим бүртгэлийг 21 аймагт Үндэсний их баяр наадмаар нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой юм. Гэвч өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын тохиолдолд олгох нөхөн олговрын дээд хэмжээ 5 сая төгрөг байна. Энэ нь хүүхэд осолдож бэртсэн, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмнэлгийн үйлчилгээнд хүрэлцэхгүй байгаа юм.
Зарим тохиолдолд бэртэл гэмтлийн зэргээс шалтгаалан газраар тээвэрлэх боломжгүй тохиолдол цөөн биш гарч байна. Иймээс эх орны аль газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлагатай тулгарч байгаа аж.
Энэ төрлийн даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн даатгалын хураамжийг 100 мянга болгож, нөхөн олговрыг 20 сая төгрөг байхаар тогтжээ.



