x

Улс төрд нөлөө бүхий этгээдийг хардах эрхтэй

 

Монголын Хуульчдын холбооноос өчигдөр хоёр дахь жилдээ зохион байгуулсан Хуульчдын форумын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт тулгамдаж буй асуудал салбар хуралдааныг сурвалжиллаа. Энэ үеэр хуульчид юу ярьсныг хүргэе.

Чиглүүлэгч: Нээлттэй нийгэм форумын ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер: Б.Хишигсайхан

Хэлэлцүүлэгчид: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Д.Баярсайхан, Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Галбадар нар оролцлоо. 

Чиглүүлэгч: Нээлттэй нийгэм форумын ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер: Б.Хишигсайхан

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийг хэрэглээд явахад нийгэмд юу өөрчлөгдсөн бэ гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа хуульчдаас асуумаар байна. За баруун гар талаас хариулаад явъя.

Улсын ерөнхий прокурорын орлогч: Г.Эрдэнэбат

Цээрлүүлэх эрх зүйн онолд суурилсан Эрүүгийн хуулийг нөхөн сэргээх эрх зүйн хандлага руу дөхүүлсэн

XXI зуунд эрүүгийн эрх зүйд онол арга зүй талаасаа хоёр салаа үзэл баримтлалыг нэлээд хүчтэй хэлэлцэж эхэлсэн. Үүнийг монгол хэл дээр буулгахдаа цээрлүүлэх эрх зүйн тогтолцоо, нөхөн сэргээх эрх зүйн тогтолцоо гэж нэрлээд байгаа юм. Гэм буруутныг цээрлүүлснээр хүмүүс шударга ёсонд итгэж, нийгэм амгалан тайван байдаг гэсэн үзэл баримтлал нь эхнийх. Нөгөө нь, гэмт хэрэг хийсэн хүнийг цээрлүүлж шийтгэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирсон эрх ашгийг сэргээж босгох ёстой, хүмүүс эвлэрч эргээд сайхан харилцаатай амьдрах ёстой гэсэн үзэл баримтлал. Энэ хоёр суурь онол дээр тулгуурлаж XXI зуунд дэлхийн орнууд эрүүгийн эрх зүйгээ шинэчилж эхэлсэн. Хүмүүсээ шоронд хийгээд үр дүн нь олигтой гарахгүй байсан учраас судалгаа шинжилгээний үндсэн дээр эрүүгийн эрх зүйгээ шинэчлэх шаардлага Монголд үүссэн. Ингээд шинэчлэл хийсний дараагаар хуульчдын дунд маргаан гарч байгааг би өөдрөгөөр харж байна. Хууль өөрчлөгдсөн учраас түүнийг яаж хэрэглэх, хэвшүүлэх вэ гэдэг дээр маргаж байгаа нь ололт юм. Нийгмийг түүчээлж яваа хуульчид маань эрх зүйн системээ ярьж, маргаж байгаа нь хөрөнгө оруулалт болж үлдэнэ. Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг сая хийхдээ эрх зүйн онолд суурилж хийсэн үү гэвэл хийсэн. Зарим хүн Англи, Америкийн эрх зүйн бүлийн орнуудын ял наймаалцах гэдэг ойлголтыг авсан юм уу гээд шүүмжилдэг. Үнэн хэрэг дээрээ энэ бол олон улсад нэвтэрсэн нөхөн сэргээх эрх зүйн хандлага байсан юм гэдгийг хэлж үгээ дуусгая.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч: Т.Өсөхбаяр

Шинэ Эрүүгийн хуулийг эрх зүйн хөгжил гэж харах ёстой

Нийгэм, цаг үеийн хөгжил болоод олон улсын эрх зүйн хөгжил нь Монголоос эрүүгийн эрх зүйгээ өөрчлөхийг шаардсан гэж хардаг. Тэр утгаараа хэд хэдэн бүлийн эрх зүйн харилцаануудыг шинэ Эрүүгийн хууль, процессын хуульд оруулсан. Энэ утгаараа хуульчид шинэ үзэгдэл, шинэ ойлголт, шинэ хэрэглээтэй болсон. Шинэ хуулийг бид эрх зүйн хөгжил гэж харах ёстой. Зөв байдлаар нь ойлгож, зөв хэрэглэж, төлөвшлийг бий болгох хэрэгтэй. Нөгөө талаасаа практик дээр хэрэглэхэд зөрчил, дутагдал гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ зөв талаас нь харж, өөрсдийн туршлага дээр тулгуурлан гарцыг эрэлхийлж, ур чадвараа харуулах чухал.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор: Д.Баярсайхан

80 хувьд нь хорих ял оноодог байсан бол одоо 45-48 хувийг нь хорьж байна

2015 оны Эрүүгийн хууль яагаад гарах болсон талаар тавхан өгүүлбэр хэлье. 2002 оны Эрүүгийн хууль үнэхээр цээрлүүлэх чиг үүрэг давамгайлсан стандарт бус хууль байсан. Шүүхээс оноодог нийт ялыг 80 хувь нь хорих ял байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 54 хувь нь өөрчлөгддөг. Нөгөө талаар шүүх дээр очсон хэргийн 48 хувь нь буцдаг. Шоронгийн дэглэмд ял оноогоод сулласан хүмүүсийн 45-47 хувь нь эргээд шорондоо ордог судалгаа бий. Энэ бүхэн хүний эрх, эрх чөлөө, орчин цагийн бодит байдалд нийцэхгүй болоод байсан. Үүнийг өөрчилсөн.

Өнөөдөр эрүүгийн эрх зүй бол Үндсэн хуулийн хэмжээнд үнэлэгдэх суурь эрх зүй болж хөгжсөн. Эрүүгийн хууль хүний ёс суртахуунд нөлөөлж хүмүүсийг хамгаалдаг болсон. Эрүүгийн хууль харьцангуй хүмүүнлэгийн шинжтэй болсон. Аливаа хуулийг нэг жил мөрдсөний дараагаар үнэлэх боломжтой гэж онолын судлаачид үздэг. 80 хувьд нь ял оноодог байсан эрүүгийн эрх зүй өнөөдөр 45-48 хувь болж буурсан байна. Эрүүгийн эрх зүйн сэтгэлгээ эрс өөрчлөгдсөн байна. 2015 оны Эрүүгийн хуульд дэлхий нийтийн зорьж буй эрүүгийн эрх зүйн чиг хандлагыг тавьж өгснийг би баттай хэлнэ. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлагын эрх зүйн үндэслэлийг буруу тавьсан, гэмт хэргийн ангиллыг буруу оруулсан, ял тэнсэх болон хөөн хэлэлцэх хугацааг стандарт бус оруулсан гээд дутагдлыг дурдаж болно. Үүнийг засч сайжруулаад явах болов уу.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд: Б.Энхбаяр

Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлснээс хойш үзэл баримтлалыг нь тоон утгаар нь дүгнэх хугацаа өнгөрөөд байна. Шүүхээс хорих ял оноодог тохиолдол 2.2 дахин буурсан. Эсрэгээрээ хорих ял оноохгүйгээр тэнссэн 1000 орчим тохиолдол байна. Сайшаалтай нь, тэнсэн харгалзсан 1000 хүнээс дахин гэмт хэрэгт холбогдсон нэг ч хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, хүнийг хорьж мөрдөхийг урьтал болгохгүй байх гол утга санаа биежиж байгаа юм байна. Хүнийг цагдан хорьж мөрдөх тохиолдол өмнөх хуулийг хэрэглэж байсан үеэс 2.5 дахин багассан байна. Өөрөөр хэлбэл, хүнийг хорьж мөрдөхгүй байх тэр үзэл санаа нутагшиж байгаа юм байна. Гэмт хэргийн илрүүлэлт хуучин хуулийг мөрдөж байх үеийн тэр төвшиндөө байна. Шинэ хуулийг хэрэглэж эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт буурлаа гэсэн яриа судалгаагаар тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн гаралт үлэмж ихэссэн дүн бүртгэгдсэн статистик гарч байгаа нь шинэ Эрүүгийн хуулийн зохицуулалттай холбоотой. Ялангуяа хулгай, хүчин, гэр бүлийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн статистик нэмэгдсэн байгаа нь эдгээр гэмт хэргийг бүртгэн шалгах зохицуулалт сайжирсантай холбоотой. Өмнө нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдлүүдийг тооцож, бүртгэж эхэлсэн нь статистик нэмэгдэхэд нөлөөлсөн. Тэрнээс биш шинэ Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэхээр иргэд гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш. Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд дэвшил гарсан. Шинэ Эрүүгийн хуулийн хамгийн гол концепц нь гэмт хэрэгтнийг цээрлүүлээд дуусах биш хохирогчдын эрхийг нөхөн сэргээх асуудал байсан. Хуучин хууль хэрэгжиж байхад таван хохирогч тутмын нэг нь хохирлоо барагдуулж чадахгүй хохироод дуусдаг байсан. Зөрчигдсөн эрхийг сэргээж хохирол барагдуулах явдал 1.8 дахин нэмэгдсэн. Ийм учраас Эрүүгийн хуулиар дэвшүүлсэн зорилт биежиж байгаа юм байна гэж үзэж байна. Сая хэлсэн статистикуудыг Эрүүгийн хуулийн үзэл баримтлалтай холбоотойгоор дурдлаа. Одоо Эрүүгийн болон Зөрчлийн багц хуульд дүн шинжилгээ хийх, нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор эдгээр дөрвөн хуульд 1000 орчим санал ажлын хэсэгт ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд дугаар хорооны жирийн иргэн, Хуульчдын холбоо, өмгөөлөгчид, эрдэмтдээс ирсэн дээрх саналыг нэг бүрчлэн судалсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө бэлэн болгоод Засгийн газраас санал авахаар яригдаж байгаа. Энэ хооронд тодорхой тооны асуудлуудыг эргэж харъя гэж санал нэгдэж байна.

Хуульч Өлзийжаргал: Хууль сахиулах их сургуульд болсон хэлэлцүүлэгт цагдаагийн байгууллагын зүгээс гүтгэх зөрчлийг гэмт хэрэгт тооцох саналыг илэрхийлж байсан. Үүнийг судалж үзсэн үү. Хэвлэл мэдээллийн байгууллагаас илүүтэйгээр цахим орчинд гүтгэлэг их байна. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн байгууллагыг их мөнгөөр торгох нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай байна гэж өмнөх хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллагууд хэлж байсан. Ийм асуултыг Б.Энхбаяр дэд сайдаас асууж байгаа юм.

-Өмнөх Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг нь авч зөрчилд тооцсон. Үндэслэл нь, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шоронжуулж байна гэсэн шүүмжтэй холбоотой байсан. Нэг жил зөрчлөөр явж үзлээ. Үр дүнд нь шалгагдаж байгаа хүний тоо даруй дөрөв дахин, шийтгэгдэж байгаа хүний тоо 4-5 дахин нэмэгдсэн. Мөрдөн байцаагчид шалгагддаг байсан хүн хэсгийн төлөөлөгчид шалгагддаг болсон. 500 мянган төгрөгөөр торгуульж байсан хүн хоёр сая, байгууллага нь 20 сая төгрөгөөр торгууль хүлээдэг болсон. Ийм учраас гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулъя гэж ажлын хэсэг үзлээ. Гэхдээ гүтгэсэн хүнд хорих ял оноохгүйгээр торгууль ногдуулъя. Торгуулийг нь 2-20 дахин багасгая. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санаа зовж буй улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардаж, сэрдсэн үйлдлийг нь гүтгэсэнд тооцохгүй гэдгийг хуульд бичиж өгнө. Ингэж бурууд нүд хурц байх, бурангуй зүйлийг илчлэх хэвлэлийн байгууллагын эрх үүргийг нь хамгаалъя. Хамгийн гол нь, Үндсэн хуульд заасан нийт этгээдийн нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг ямар нэгэн хуулийн хамгаалалтгүй үлдэх ёсгүй гэдэг зарчмыг Эрүүгийн хуулиараа хамгаалъя гэсэн концепц баримталж байна. Гүтгэхтэй холбоотой асуудалд практик дээр прокурор, цагдаа, бусад байгууллагаас “Гүтгэхийг Эрүүгийн хуульдаа бичээч ээ. Энэ бол зөрчил ерөөсөө биш байна” гэдэг саналыг ирүүлсэн. Учир нь, гүтгэлгийг шалгахад ч хэцүү байгаа юм байна. Яагаад гэвэл мэргэжлийн сургуульд мөрдөн шалгах ажиллагааны онол арга зүйг суралцаагүй хэсгийн төлөөлөгч хүн гүтгэлгийг шалгах гэхээр чадахгүй байгаа юм. Чадахгүй байгаа учраас нэг талаасаа хүн хэлмэгдүүлээд байна, нотлох баримтыг цуглуулж, олж, үнэлж чадахгүй байна. Нөгөө талд нь нийгмийг сүлжээ маш хүчтэй байна. Шалгаж байгаа хэсгийн төлөөлөгч нь фейсбүүк гэж юу юм гэж шалгагдаж байгаа хүнээсээ асуугаад сууж байна гэсэн гомдол ч ирсэн. Твиттер гэж юу юм, админ гэдэг нь яадаг юм гээд шалгагдаж байгаа хүнээсээ хэсгийн төлөөлөгчид асуугаад сууж байгаа тохиолдол байна. Ийм төвшинд байгаа хүн сошиалд явсан гүтгэлгийг ойлгож, шалгана гэдэг бол боломжгүй болж ирж байна. Нөгөө талаасаа хөдөө, орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 саяар торгоно гэдэг бол тэр байгууллагыг дампууруулж байна гэсэн үг. Ийм учраас торгуулийг хэмжээг сонголттой болгож, шүүгчид нь байдлыг үнэлж шийтгэлээ оноох эрхийг нь өгсөн зөв. Эрүүгийн хууль бол нийгмийн үнэт зүйл, ёс суртахууныг хамгаалдаг. Гүтгэх явдлыг эрүүгээс ч, зөрчлөөс ч явч тавиад иргэний журмаар явуулъя гэж манай зарим судлаач ярьж байна лээ. Энэ бол улсын бүртгэлийн бүртгэгдсэн телевиз, сонин, сайтын хувьд болж байна. Яагаад гэвэл эзэнтэй, редакцтай, хаягтай, нотолгоотой байна. Гэтэл нийгмийн сүлжээнд нэр усаа нууцлаад явуулж байгаа гүтгэлгийг гүтгэгдсэн хохирогч иргэний журмаар өөрөө олж чадахгүй. Үүнийг мэргэшсэн, илрүүлэх чадвартай хуулийн байгууллага л олж чадна. Тэр утгаараа гарцаа байхгүй гүтгэлэг Эрүүгийн хуульд байх ёстой. Анализ хийгээд үзэхээр гүтгэлгийг улс төрд нөлөө бүхий этгээд дээр яриад байгаа юм. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд гүтгэлгийг Эрүүгийн хуульд хорих ялтайгаар оруулж, чангаруулах замаар хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн хараат бус байх эрхийг боогдуулахыг хүсч байдаг. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд нь нэгэнт олон нийтийн итгэл, хариуцлагыг хүлээж байгаа юм бол хардагдах, сэрдэгдэх ёстой. Үүнийг гэмт хэрэгт гүтгэж байна гэж үзэж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж болохгүй. Ийм учраас улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардаж, сэрдэхийг гэмт хэрэгт тооцохгүй гэдэг зарчмыг суулгана. Жирийн иргэдийн тухайд нэгнээ гэмт хэрэгт холбогдуулж гүтгэдэг, ялангуяа хуулийн этгээдийн бизнес, ажил хэргийн асар үнэтэй нэр хүнд рүү халдах явдал их. Жишээ нь Google, Аpple зэргийн брэнд нэр нь 500 саяас нэг миллиард ам.доллараар үнэлэгддэг. Ийм учраас хуулийн этгээдийн нэр хүндийг улаан гэрлээн гарвал 10 мянган төгрөгөөр торгоно, хурд хэтрүүлбэл 20 мянган төгрөгөөр торгоно гэдэгтэй адилхан адилхан хариуцлага яригддаг Зөрчлийн хуулиар хамгаалж болохгүй байна. Гүтгэлгийг Эрүүгийн хуульд оруулъя, ингэхдээ шийтгэлийг нь уян хатан тогтооё гэж байгаа юм. Үзэл бодлоо фейсбүүкт илэрхийлсэн жирийн иргэнийг хоёр саяар торгох, урдаас төлөвлөж бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж хэвлэлийн бага хурал хийж гүтгэлэг тараасан хүнд хоёр саяын торгууль оноох нь шударга бус байна. Зөрчлийн хуульд одоо заасан шийтгэлийн хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуульд тусгая гэдгээр гүтгэлгийг оруулах тухай ажлын хэсэг дээр ярилцсан.

Чиглүүлэгч: Нээлттэй нийгэм форумын ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер: Б.Хишигсайхан

Хуулийг хэрэгжүүлэхийн өмнө болон хэрэгжүүлээд явж байхад хуулийн сургалт муу явсан, хангалтгүй байсан гэсэн шүүмжлэл явсан. Монголын Хуульчдын холбоо ямар байдлаар сургалт явуулсан бэ гэдгийг асууя.

 

Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн: Л.Галбадар

Шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор орон нутагт удаа, Улаанбаатарт удаа сургалт явуулсан байна. Сургалтын агуулга, чанарын тухайд сургалтад оролцсон хуульчид өөрсдийн санал дүгнэлтийг өгч байгаа байх. Хуульчийн сургалтын тухайд хэлэлцүүлэгт оролцсон хуульчдын тухайд хүртээмж тааруу байсан. Мөн нийт хуульчид хамрагдаж чадсан уу гэдэг бас асуудал. Хуульчдаас гадна Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх албан тушаалтнууд сургалт тааруу оруулсан юм уу. Тухайлбал, Зөрчлийн хуульд нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчих гэсэн заалт бий. Ингээд Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх албан тушаалтнууд сургалтад тааруу байсан. Иргэдэд сурталчилах ажил хангалтгүй явуулсан. Малын хулгайн асуудал сошиал орчинд ташаа мэдээлэл гарч байх жишээтэй.

Чиглүүлэгч: Нээлттэй нийгэм форумын ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер: Б.Хишигсайхан

Эрүүгийн эрх зүйн орчин цагийн чиг хандлага, сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарсан юм бэ?

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор: Д.Баярсайхан

Гаднын юм болгон мундаг сайхан, монголчуудын амьдралын юм болгон муу гэдэг хандлага яваад байгаа нь буруу. Онол нэг, арга зүй, аргачлал нэг байна. Англи Америкийн Common Law эрх зүйн орнууд. Аваад үзэхэд таван хандлага явагдаж байна. Эрүүгийн эрх зүйн эх сурвалж нэгдмэл эх сурвалжаас задарч байна. Гэмт хэргийн зүйлчлэлийн техник, бүтцэд маш том өөрчлөлт явж байна. Дээд тал нь 800 гэмт хэргийн жагсаалт бий болсон байна. 15-18 төрлийн гэмт хэрэг л байнга гарч байдаг. Гэмт хэргийн каталогид өөрчлөлт орж. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж. Ялын бодлогод мөн өөрчлөлт орсон байна. Нийт ялынх нь 35 хувь нь хорих ялын стандарттай. Хорихоос өөр төрлийн ялыг олон сонголттой болсон байна. Шүүхийн өмнөх шатанд гэм бурууг тогтоох явдлыг альтернатив байдлаар хэрэглэж байна. Эцэст нь хэлэхэд ялын процедур ихээхэн өөрчлөгдөж байна. Хуулийн этгээдийн ялыг 50 гаруй орон бий болгосон байна. 2015 оны хууль энэ энэ чиглэлд том алхсан.

Чиглүүлэгч: Нээлттэй нийгэм форумын ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер: Б.Хишигсайхан

Эрүүгийн хууль дээрх жишигтэй хэр ойртсон бэ. Аль эрх зүйн онолд суурилсан бэ?

Улсын ерөнхий прокурорын орлогч: Г.Эрдэнэбат

Эрүүгийн эрх зүйд гарч байгаа өөрчлөлт нийгэмд гарч байгаа өөрчлөлт. Үндсэн хуулийн эрх зүйчид жаахан өөр зүйл хэлэх байх. Монгол Улс 1960 онд бид суурин соёл иргэншилт амьдрал руу орчихсон. Бид өөр, бусдаас ялгаатай гэж ярьдагт би дургүй. Бид гэмт хэргээ дагаад л явж байгаа. Дэлхий нийт ямар хууль тогтоомжийг хэрэглэж байна вэ гэдгийг судалсан. Монгол Улсад байгаа проблемыг судалж үзсэн. Хар тамхи, мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэл зэргийг үзсэн. Энд гайхамшигтай онол, нууц жор, аз жаргалд хүргэдэг зам огт яригдаагүй. Монгол Улсад байгаа хууль зүйн практик.

Улсын ерөнхий прокурорын туслах: Б.Баярсайхан багшаас нэг зүйл тодруулъя. Онолын хувьд бид хаашаа яваад байна вэ. Дэлхий нийт манай улсын хууль тогтоомжид үнэлэлт дүгнэлт өгсөн зүйл байна уу.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор: Д.Баярсайхан

Яагаад дэлхийн 170 гаруй оронд цаазаар авах ялыг халж байна. Яагаад эрүүгийн эрх зүйн сэтгэлгээ нь хүнлэг сэтгэлгээтэй болов. Эрүүгийн эрх зүйн орнууд пост социалист орнуудын эрх зүйд оруулдаг юм билээ. Гадаадын эрдэмтэд Франц, Герман, Японы эрдэмтэд 2015 оны хуулийг орчуулаад судалдсан байдаг юм байна. Хорих ялын хэрэглээг багасгасан, өсвөр насны хүнд холбогдох хэргийг тусад нь бүлэглэсэн.

Баян-Өлгий аймгийн хуульч Съезд: Шинэ хуулиар давж заалдах шатны шүүх ял хүндрүүлдэг болсон. Иргэн хүн давж заалдахдаа надад оноосон ялыг хүндрүүлж өг гэж давж заалддаггүй. Дээд шүүх торгох ял шийтгүүлсэн хүнд давж заалдахад нь хорих ял оноосон. Үүнийг би Үндсэн хуулийн зөрчил гэж бодож байна. Ингээд ирэхээр чинь Дээд шүүх рүү гомдол бичихээ больж байна. 90 жилийн түүхэнд байгаагүй аймшигтай зүйл болж байна. Ингээд давж заалдах боломжгүй болж байна, бид.

Улсын ерөнхий прокурорын орлогч: Г.Эрдэнэбат

Нотлогдохгүй байна гээд хэрэг буцааж болохгүй. Прокурор би юу хэлэх билээ.

Хуульч Мөнхбаатар: Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага гэдэг ойлголт шинээр орж ирсэн. Нэг гэмт хэрэгт нэг удаа л ял оноох ёстой. Гэтэл хуулийн этгээдийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн хунд давхардуулж ял шийтгэл оноож байна. Нөгөө талаар гэм буруугийн асуудал байна. Хуулийн этгээдэд ял шийтгэл оноох зүйл хэр туссан бэ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор: Д.Баярсайхан

Хуулийн этгээд хариуцлага хүлээдэг Франц, Унгар, Австралийн загвар бий. Манайх Францын загварыг авах гэж оролдоод олигтой болоогүй. Нэг ч удаа хуулийн этгээд шалгагдсангүй. Гэм буруугийн зарчмыг хуулийн этгээдэд хамруулаагүй. Нэг ч хэрэг шүүхээр шийтгээгүй. Хуулийн этгээдийг 28 гэмт хэрэгт буруутгахаар байна. Бусдын газар эзэмшил рүү нэвтрэн орох, байгаль орчин суутгах гэх мэт.

Хуульч Наранбаатар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн гэдэг ойлголт байхгүй болсон. Одоо эхлээд гэрчээр мэдүүлэг авч байна. Гэрчээр мэдүүлэг авч байгаад тодорхой хугацааны дараа хууль сануулаад яллагдагчаар татаад явж байна. Хэрэг буцаахгүй болсон байх ёстой. Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг буцааж байна. 14-16 насны хүүхдийг өсвөр насны хүн гэдэг. Гэтэл өсвөр насны хүн дээр ялын бодлого чангарсан явдлыг хүнлэг хууль болсон гэж ярьж болох уу?

Улсын ерөнхий прокурорын орлогч: Г.Эрдэнэбат

Сэжигтэн гэдэг эрх зүйн байдал анхнаасаа бий болсонтой холбоотойгоор хамаг гажуудал үүссэн. Дэлхийд сэжигтэн гэж ярина. Гэхдээ сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авна, хорино гэсэн заалт байхгүй. Тухайн сэжигтэнд ямар нэг албадлага хэрэглэдэггүй. Гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа хүнийг хорьж шалгах нь 1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна. Буцаагаад сэжигтэн гэдэг эрх зүйн оролцогчдыг сэргээж болохгүй.

Эх сурвалж: newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 11 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 11 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 12 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 16 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 22 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 24 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 26 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 41 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 19 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 23 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 25 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 32 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 34 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 38 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 39 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 41 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 38 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 54 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 14 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top