Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол эх орныхоо үүх түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж ирсэн эрхэм хүндэт казак түмэндээ Наурызын баярын халуун мэндийг дэвшүүлье.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаараа Наурызын баярыг олон улсын баяр болгон зарласан нь хүн төрөлхтөн та бүгдийн соёл уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж ирсний илэрхийлэл юм. Түүнчлэн ЮНЕСКО-гоос энэ баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв” хэмээн бүртгэсэн нь хамтдаа бахархан алдаршуулах эрхэм зорилгын үнэ цэн билээ.
Иймд өвөл цагийн хатуу бэрхийг өнтэй давж, урин хаврын шинэ эхлэл бүхэнтэй учран золгосны бэлгэдэл Шинэ өдрийн баярын мэндийг та бүхэндээ дахин хүргэхийн ялдамд дэлхий нийтээр тархсан коронавирусийн халдвараас сэргийлж, цахим ёслолд уриалж байна.
Дэлхий даяар тархсан титэмд вирусийн халдвараас ахмад настан, хайртай бүхнээ хамгаалах нь бидний эн тэргүүний үүрэг бөгөөд зайнаас мэндчилж, цахимаар золгож, ирэх жилүүдийн шинэ өдрүүдтэй элэг бүтэн, эвтэй найрсаг учран золгохын ерөөе.
Ак мол болсын ! Наурыз кутты болсын!